Сөүл хотын зүүн тойргийн шүүх өчигдөр хугацаат цэргийн албанаас зайлсхийхийн тулд биеийн жингээ огцом нэмэгдүүлсэн иргэнд нэг жилийн хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
Түүнд 20 кг жин нэмэхэд нь зөвлөж тусалсан өөр нэг иргэнд зургаан сарын хорих, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.
Тэд хоёул 26 настай, найзууд болохыг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Умард Солонгостой дайны байдалд оршдог Өмнөд Солонгост бие махбодын шаардлага хангасан эрэгтэй хүн бүр 18-21 сар цэргийн хугацаат алба заавал хаах үүрэгтэй байдаг.
Ингэхдээ эрүүл мэндийн шаардлага хангаагүй эрчүүд цэргийн бус, нийгмийн дүйцүүлэх ажил хөдөлмөр эрхлэх замаар үүргээ биелүүлдэг юм.
Шүүхийн бичиг баримтад дурдсанаар шийтгүүлэгч нь 2017 онд анх үзлэгт орохдоо 83 кг жин, 169 см өндөр буюу цэргийн алба хаах шаардлагыг хангаж байжээ.
Гэвч тэр дараа нь өдөрт иддэг хоолны хэмжээгээ хоёр дахин өсгөж, хоолны илчлэг чанарыг сайжруулах замаар биеийн жингээ эрс нэмэгдүүлсэн байна.
Тухайлбал тэр 2022, 2023 онуудад гурван удаа үзлэгт орохдоо 102-105 кг жин татаж байжээ. Ингэснээр тэр цэргийн алба хаах шаардлагыг хангахгүй болсон байна.
Өчигдрийн шийдвэрийг хоёр яллагдагч хүлээн зөвшөөрч, давж заалдахгүйгээ мэдэгдсэнээс гадна шийтгэлийг биеэр эдэлсний дараа цэргийн хугацаат албаа үнэнчээр хаахаа амласан тухай шүүхийн мэдэгдэлд өгүүлжээ.
Умард Солонгостой зөрчил улам хурцдаж буй энэ үед Өмнөд Солонгост цэргийн албанаас зайлсхийх нь маш хурц сэдэв болоод байгаа.
Тус улсын хамгийн нэр хүндтэй K-pop хамтлаг BTS-ийн гишүүдийг цэргийн албанаас чөлөөлөх эсэх тухай асуудлаар 2022 онд нийгмийг хамарсан өргөн хэлэлцүүлэг болж байв.
Сүүлдээ тус хамтлаг уран бүтээлээ завсарлаж, бүх гишүүд нь хуулийн дагуу албаа хааж эхэлсэн юм.
Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам 2015 оноос хойш жил бүрийн албанаас чөлөөлөгсдийн нэр, нас, хаяг, хүндэтгэх шалтгааныг харуулсан дэлгэрэнгүй жагсаалтыг нийтэд зарладаг болсон.
2023 онд 355 хүн хууль бус аргаар цэргийн алба хаахаас зайлсхийсэн нь жагсаалтыг зарлаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!