Уншиж байна ...

ЗӨВЛӨМЖ: Халтиргаа гулгаатай энэ үед гараа халаасандаа хийхгүй явахыг ГССҮТ-өөс санууллаа

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цас орж, халтиргаа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс сэрэмжлүүлэг, зөвлөгөө хүргэж байна. 

Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл болон мөчдийн хугарал зонхилон тохиолдож байгааг тус төвөөс мэдээллээ. 

Тодруулбал энэ сарын 25, 26-ны өдрүүдэд ГССҮТ болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл

  • 23 нь эрэгтэй
  • 21 нь эмэгтэй байна.

Мөн 0-18 насны долоон хүүхэд байгаа аж. 

Цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор гэмтэж бэртэх шалтгааны дийлэнх хувийг гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байна. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл багтаж байгаа юм. 

Иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, хөлийн байрлал ташуу болон хавсарч унах, аарцаг нуруугаар суун тусах, арагш хүчтэй савж унах зэргээс үүдэлтэй бэртэл гэмтэлд илүү өртөж байна. 

Иймд эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг өгөв. 

  • Халтирдаггүй ултай буюу зөөлөн ултай гутал болон даарах, халтирах үед авах гэмтлээс сэргийлэх үүднээс малгай, бээлий өмсөх
  • Гараа халаасандаа хийхгүй явах
  • Явган зорчих хэсгийн зам талбайд гялгар гадаргуутай хавтан, хатуурч хөлдсөн цас, мөсний тогтоц байгаа эсэхийг анзаарах
  • Авто замаас зайтай зорчих, явган хүний гарцаар гарахдаа гүйх, халтирч унах, хурдтай яваа автомашинаас болгоомжлох
  • Бага насны хүүхэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх
  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу орой үдшийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар явах, хувийг гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглахыг сануулав. 

Түүнчлэн дараах нэмэлт зөвлөмжийг хүргүүлж байна. 

  • Албан байгууллагууд ойр орчныхоо 50 метр зам талбайн цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
  • Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүр шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах
  • Айл өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчныг бүрдүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх
  • Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо цас бүрхсэн, мөстсөн зам дээр огцом хурдлахгүй, эргэхгүй, тоормослохгүй байх
  • Цаг агаарын мэдээг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо бүү бариарай. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/gemtelsogog/videos/1175196630884016