Умард Солонгосын иргэд ирэх оны нэгдүгээр сарын 8-ны өдөр буюу Ким Жон Уны төрсөн өдөр удирдагчдаа үнэнч байхаа тангараглахаар болсныг Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яам өчигдөр мэдээлжээ.
Өмнө нь тус улсын иргэд жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу эрх баригч Хөдөлмөрчдийн Намын их хурлын дараа эх орон, төр засагтаа үнэнч байх тангаргийн бичиг баримтад гарын үсэг зурдаг байсан юм.
Зарим жил бас Кимийн аав Ким Жон Илийн төрсөн өдөр буюу хоёрдугаар сарын 16-нд, Кимийн өвөө Ким Ил Суны төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд тангараг өргүүлдэг байжээ.
Харин энэ жилээс Ким Жон Уны төрсөн өдөр иргэдээр тангараг өргүүлдэг болж байгаа нь түүний байр суурь, тойрон хүрээллийг улам бататгах зорилготой гэж Өмнөд Солонгосын тал үзэж байна.
Энэ үйл явдлыг тохиолдуулан Умард Солонгосын иргэдэд зөвхөн Ким Жон Уны хөрөгтэй энгэрийн тэмдэг тарааж, төрсөн өдрийг нь үндэсний баярын хэмжээнд тэмдэглэж магадгүйг яамны албан хаагч сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сүүлийн үед Умард Солонгосын дэглэм өвөө, эцэг Ким нарыг хэт алдаршуулахаас зайлсхийж, зөвхөн Ким Жон Уныг ганцаарчлан өргөмжлөх болсон.
Тухайлбал Ким Ил Суны төрсөн 1912 оноос эхэлж тоолдог байсан Жүчэгийн он тооллыг төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүд саяхнаас мөрдөхөө зогсоосон юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!