Уншиж байна ...
Зураг
Зураг

"Эрдэнэт Үйлдвэр Технологийн Парк"-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд буй төрийн өмчит зургаан үйлдвэрийн газар энэ онд 500 тэрбум төгрөгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх ёстой. Тус 500 тэрбум төгрөгөөр 5,000 өрхийг орон сууцны зээлд хамруулах юм.

Энэ ажлын хүрээнд Эдийн Засаг, Хөгжлийн сайд Л.Гантөмөр, "Эрдэнэс Монгол" ХК-ийн захирал С.Наранцогт нараар ахлуулсан баг "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй Эрдэнэт хотод очиж, танилцлаа.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь энэ жил Хуримтлалын санд 273 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Үйл ажиллагаагаа явуулаад 46 жил болсон бөгөөд 2019 оны гуравдугаар сараас 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болжээ. 2022 оноос Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяат төрийн өмчит үйлдвэрийн газар болсон талаар тус үйлдвэрийн захирал Г.Ёндон танилцуулав.
Түүнчлэн 2021 оны байдлаар 10,716 мянган.тн зэс, 499.6 сая мянган.тн молибден агуулсан 2.9 тэрбум тонн хүдрийн нөөцтэй бөгөөд 50 жил ашиглагдах боломжтой үйлдвэр юм. Мөн 2023 оны байдлаар дөрвөн их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт хоёр их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Монгол Улсын нийт экспортын 12 хувь, улсын нэгдсэн төсвийн 10 хувь, Орхон аймгийн төсвийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний нөөцийн 22 хувь, зэсийн нөөцийн 38 хувь, жоншны нөөцийн 22 хувь, төмрийн нөөцийн 15 хувийг эзэмшиж, экспортын орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна. Мөн Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн гинжин хэлхээг оновчтой бий болгохоор зургаан байршилд Үйлдвэр Технологийн Парк (ҮТП) байгуулахаар ажиллаж байгаа аж. Үүний нэг нь "Эрдэнэт Үйлдвэр Технологийн Парк" юм.

"Хамтарсан Засгийн газрын гол зорилго бол аж үйлдвэржилтийг бий болгох юм"

зураг
 

Тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамтарсан Засгийн газраас аж үйлдвэржилт, төрийн өмчит үйлдвэрийн газруудын зардлыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлогын талаар Эдийн Засаг, Хөгжлийн сайд Л.Гантөмөр дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай танилцсан. "Эрдэнэс Монгол" нэгдэл хөгжлийнхөө төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулсан гэсэн үг. Энэ утгаараа Засгийн газраас геологи хайгуулын ажлыг идэвхжүүлэх шийдвэр гаргаж байгаа. 

Тухайлбал 2016 оноос хойш "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хийсэн хайгуулын үр дүнд хоёр тэрбум тонны нөөц нэмэгдсэн байна. Эрдэнэт үйлдвэр анх эхлэхдээ 35 жилийн настай гэж байсан бол дахин 50 жилээр уртассан. Мөн нийт хайгуулын талбай 99 мянган га газар байдгийн өчүүхэн хэсэгт хайгуул хийсэн. Үүнийгээ цааш нь тэлээд явбал Эрдэнэт үйлдвэрийн нөөц үлэмж хэмжээгээр нэмэгдэх боломжтой.

зураг
 

Гэхдээ бусад уурхай дээр мөн адил хайгуулын ажлыг нэмэгдүүлж, тодорхой мэдэж авснаар хэрхэн менежмент хийх талаар чиглэл гарч байгаа юм. 

"Эрдэнэс Монгол" нэгдлээс эхлүүлээд засаглалын ил тод байдлыг эхлүүлж байгаа. Өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т дээр ирж танилцахад Г.Ёндон захирал "Энэ үйлдвэрийг олон нийтийн болгох, хөрөнгийн зах зээл дээр гаргах, ил тод байдлыг хангах ажлыг үе шаттай хийж байгаа" хэмээн мэдээлэл өгсөн. 

Энэ хүрээнд худалдан авалт, тендер шалгаруулалтыг ухаалаг системээр хийх ажил маш ахицтай явж байна. 2025 онд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ухаалаг системээр тендер шалгаруулалт явуулж, ил тод байдлыг хангахаар явж байгаа. 2026 оноос "Эрдэнэс Монгол" нэгдлийн хэмжээний компаниуд тус ажлыг бүрэн хэрэгжүүлнэ.

Хамтарсан Засгийн газрын гол зорилго бол аж үйлдвэржилтийг бий болгох юм. Үүний тулд өөрсдийн гэсэн технологи, хүний нөөц, баялгийн нөөцтэй төрийн өмчит үйлдвэрийн газрууд маань манлайлж аж үйлдвэрийн паркийг байгуулна. 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийчихсэн учраас хэрхэн нээлттэй зөв хэрэгжүүлэх талаар уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байна" хэмээн ярилаа. 

зураг
 

Хиймэл оюун ухаан их хэмжээний дата мэдээлэл дээр тулгуурлаж өгөгдлийн боловсруулдаг. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь худалдан авах үйл ажиллагааг сайжруулахын тулд хиймэл оюун ухаанаар үнэлгээг хийхээр "Tender.eval 1.0" системийг энэ оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ. 2025 оноос худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухааныг ашиглаж, технологийг нутагшуулахаар хиймэл оюун ухааныг ашиглах аж. 

"Эрдэнэт үйлдвэр жилд 1,000 гаруй тендер зарлаж, 300 гаруй ажилладаг. Энэ үйл явцыг хиймэл оюун ухаан нэвтрүүлснээр үр ашиг нэмэгдэх бөгөөд 2025 онд "Tender.eval 2.0" гэх хиймэл оюун ухаантай үнэлгээний системийг дахин танилцуулна.

Хүний оролцоотой хийдэг байсан төрийн худалдан авалтыг хиймэл оюун ухаан руу шилжүүлж байгаа учраас хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Өдөр тутмын хэрэглээндээ хиймэл оюун ухааны системийг ашигласнаар үйл ажиллагаа, цаг хугацааг хэмнэх боломжтой" хэмээн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ДАТА төвийн дарга ярьж байлаа. 

"Бид баялагтаа эзэн болохын тулд баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээх хэрэгтэй"

Үргэлжлүүлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулж, нэмүү өртөг шингээж, экспортын орлогыг нэмэгдүүлэх талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлэл өглөө.

зураг
 

Тэрбээр "Уул уурхайн төрийн өмчит компаниуд өөрсдийн гэсэн төлөвлөгөөгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн нь УИХ, Засгийн газрын тавьж буй том зорилтуудыг биелүүлэхэд хангалтгүй байна хэмээн үзсэн. Тиймээс "Эрдэнэс Монгол" нэгдлийн зүгээс цогц зохион байгуулалт хийж, том шинэчлэлийг эхлүүлсэн. 

Баялагтаа эзэн болох, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг манай нэгдэл тодорхойлж, бүх агуулга ойлгомжтой болсон. Ер нь цаашдаа ямар гол ажил хийх талаар танилцуулж, засаглалын ил тод байдлыг тодорхой болгох нь чухал гэдэгт санал нэгдсэн.

Засаглалын ил тод байдлыг бий болгох, худалдан авалтыг хүнээс хамааралгүй болгох ажлыг хийж буй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан, амжилттай хэрэгжиж байна. 

Бид баялагтаа эзэн болохын тулд баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээх хэрэгтэй. Үүний тулд "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд буй стратегийн зургаан орд газар дээр тулгуурлаж, аж үйлдвэрийн үндсэн түүхий эд боловсруулж, хувийн хэвшил эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг төрийн өмчит компани бий болгох үүрэг чиглэлийг Засгийн газраас олгосон. 

Энэ хүрээнд "Эрдэнэт үйлдвэр технологийн парк"-ийн дэд бүтцийн ажил нь 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Төрийн өмчит компани зардал өндөртэй дэд бүтцийн ажлыг хийнэ.

Мөн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг барина. Санхүүжилтийг хөрөнгө оруулагч нар дээр суурилж хийнэ. Катодын зэс үйлдвэрлэснээр экспорт хийх, тээврийн үйлчилгээний хувьд давуу байдал бий болох юм" хэмээн ярилаа. 

зураг
 

Газрын баялаг дуусдаг, хязгаарлагдмал нөөцтэй учраас үүнийгээ хэрхэн нийгэм эдийн засагт, иргэддээ үр өгөөжтэй байдлаар ашиглах вэ, дараа нь бидэнд юу үлдэх вэ гэдэг нь уул уурхайн салбарын хамгийн чухал зорилт юм.

Энэ зорилтод хүрэх цорын ганц зөв гарц нь боловсруулалтын түвшнийг ахиулах, нэмүү өртөг шингээх хими-металлургийн үйлдвэрүүдийг барьж байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал.

Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл, метал хийц, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр "Эрдэнэт" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, катодын зэс, элементийн хүхэр, үнэт метал, зэс бүтээгдэхүүн, эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барьснаар жилд 560 мян.тн зэсийн баяжмал боловсруулж, 125 мян.тн катодын зэс, 72 кг алт, 38.2 тн мөнгөн гулдмай болон 182 мян.тн элементийн хүхэр үйлдвэрлэж 1.1 тэрбум ам долларын борлуулалтын орлогыг бүрдүүлнэ.

Тиймээс зэс олборлох, баяжуулах-зэс хайлуулах-зэс боловсруулах, зэс бүтээгдэхүүн үйлдвэрлэх, алт, мөнгө, молибденыг ялгаж хайлуулах, дагалдах бүтээгдэхүүн болох хүхрийн хүчил үйлдвэрлэх хүчин чадалтай Эрдэнэт Үйлдвэрлэл Технологийн Парк (ҮТП)-ийн бүтээн байгуулалтын ажлыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ гүйцэтгэж байгаа. 

"Эрдэнэт үйлдвэр технологийн парк зөвхөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өмч болохгүй"

зураг
 

Тус ажлын явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, гүйцэтгэгч компаниас ажлыг хүлээлгэн өгөх санал ирүүлсэн. Авто замын ажил 60 гаруй хувь, усан хангамжийн ажлын гүйцэтгэл 50 хувийн биелэлттэй, цахилгаан хангамжийн ажил тендер шалгаруулалтыг хийж байна. 

Энэхүү үйлдвэр технологийн парк зөвхөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өмч болохгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж, Эрдэнэт үйлдвэрээс гарч буй катодын зэс, молибденд чиглэнэ.  "Эрдэнэт үйлдвэр технологийн парк"-ийн байгаль орчны үнэлгээний ажил хийгдэж дууссан. Бүтээн байгуулалтын ажил үндсэндээ 2025 онд дуусна. 

Хамгийн том бүтээн байгуулалт болох зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил ойрын хугацаанд хийгдэнэ.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр зэс хайлуулах үйлдвэр баригдвал үр ашиг нь илүү өндөр байна гэсэн олон улсын байгууллагын дүгнэлт гарсан байдаг. 

Үүний дагуу үйлдвэр технологийн парк катодын зэс үйлдвэрлэж, цаашдаа үнэлэмж өндөртэй үйлдвэрлэл шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Зөвхөн катодын зэс үйлдвэрлээд, зарвал "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын борлуулалтын орлого 100 сая ам.доллароор нэмэгдэх тооцоо бий. 

Гэхдээ зэс утас, кабелийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлсэн. Мөн нано утас нунтаг, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. 

125 мянган тонн катодын зэс гаргасны дараа зах зээлд ямар өгөөжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ашигтай байхыг хувийн хэвшил мэднэ. Өнгөт төмөрлөгийн үйлдвэр технологийн паркт үйл ажиллагаа явуулах хувийн аж ахуйн нэгжүүд төлөвлөгөөгөө гаргаад урагшлах хэрэгтэй" гэв. 

"цахилгаан эрчим хүч, дизель түлш бага хэрэглэдэг шинэ техник, технологи нэвтрүүлэх ажил хийгдээд эхэлсэн"

Үргэлжлүүлэн үйлдвэрлэлийн зардлыг хэрхэн бууруулах талаар тэрбээр "Цар тахлын үеэс хойш үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж байна. 2023 онд эрчим хүчний зардал 30-37 хувиар өссөн. Мөн энэ сараас эрчим хүчний зардал дахин нэмэгдэж байна. Үйлдвэрлэлийн зардлын 70 хувь нь биднээс үйл хамаарахгүй зүйл байдаг, удирдах боломжгүй. Тэгэхээр өөрсдийн удирдах боломжтой 30 хувийн зардлыг бууруулах тал дээр ажил хийгдэж байна.

Тухайлбал цахилгаан эрчим хүч, дизель түлш бага хэрэглэдэг шинэ техник, технологи нэвтрүүлэх ажил хийгдээд эхэлсэн. Өндөр хэрэглээг бий болгож буй терм болон бутлуурууд дээр цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй технологийг түлхүү хэрэглэнэ. 2025 оны долдугаар сард ил уурхай дээр ашиглалтад орох мөчлөгт урсгалт тээврийн технологи нь дизель түлшний хэрэглээг бууруулж, өөрөө буулгагч автомашин тоог цөөлөх юм. 

Зэс, молибдены баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад ороход өөрсдийн хүний нөөцөөсөө шилжүүлнэ ажиллуулна. Ингэснээр үйлдвэрийг ойлгодог мэргэжилтнүүдээ эргүүлээд ашиглах боломжтой болно" хэмээн ярилаа.