13 сар орчим хугацаанд үргэлжилж буй мөргөлдөөнөө Израил, Хезболлагийн талууд зогсоох тохиролцоонд хүрснийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр зарлажээ.
“Орон нутгийн цагаар 04:00 цагаас эхлэн Ливан-Израилийн хил дагуу бүх тулаан зогсоно” гэж Байден мэдэгдээд уг тохиролцоо “түр зуурынх биш, байнгын” болохыг нэмж хэлсэн байна.
Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэрвээ Хезболлагийн тал тохиролцоогоо зөрчихгүй бол байлдааны ажиллагаа явуулахгүй гэдгээ амлажээ.
Харин Ираны дэмжлэгтэй Хезболла зэвсэгт байгууллага дээрх тохиролцооны талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
2023 оны аравдугаар сард Палестины нутаг Газын зурваст дайн эхэлснээс хойш талуудын хооронд хил дамнасан агаарын мөргөлдөөн эхэлж байжээ.
Энэ оны есдүгээр сарын сүүлээр Израилийн арми Ливаны нутаг дэвсгэрт бөмбөгдөлтөө эрчимжүүлж, хуурай замын цэргээ оруулсан юм.
Үүний улмаас өөрийнх нь нутагт 3,823 гаруй хүн амиа алдсаныг Ливаны албаныхан баталж байгаа.
АНУ-ын зуучилсан гал зогсоох гэрээний дагуу 60 хоногийн дотор Израиль улс Ливаны нутгаас цэргээ үе шаттай гаргаж, Хезболлагийн хяналтад байсан Израилийн хил орчмын нутаг дэвсгэрт Ливаны засгийн газар хяналтаа тогтоох юм байна.
2006 онд болсон Израил-Хезболлагийн өмнөх дайны төгсгөлд Ливаны өмнөд хязгаар, Литани голын өмнөд хэсэгт Хезболла байгууллага өөрийн хяналтыг тогтоож байжээ.
Тохиролцооны дагуу энэ бүс нутгаас Хезболлагийн цэрэг, зэвсгийг гаргах бололтой.
“Энэ тохиролцоо нь урт удаан хугацааны амар амгалан байдлыг сэргээж, хоёр улсын ард иргэдэд гэр орондоо буцах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж гэрээний хэрэгжилтэд хяналт тавих АНУ, Франц улсууд мэдэгджээ.
Израиль улс Хезболла гал зогсоох гэрээг зөрчсөн тохиолдолд хариу арга хэмжээ авах эрхтэйг Нетаньяху мэдэгдсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үүнийг батлахдаа “Израиль улс олон улсын хууль тогтоомжийн дагуу өөрийгөө хамгаалах эрхтэй” гэж мэдэгдсэн байна.
“Хэрвээ Хезболла гэрээг зөрчиж, зэвсэглэхийг оролдвол бид довтлох болно. Хэрвээ хилийн ойролцоох террористуудын дэд бүтцийг сэргээх гэж оролдвол бид дайрах болно” гэж Нетаньяху мэдэгджээ.
Тэр бас өөрийн хойд хөрш Ливанд Хезболлагийн тулаан зогссоноор Израилийн зэвсэгт хүчин Ираны аюул заналд илүү анхаарах боломж олдохыг хэлсэн байна.
Израилийн эрх баригчид Ираны хамгаалалтын эхний шугамыг Хезболла гэж үздэг.
Ливан дахь тулаанаа зогсоосноор Палестины Хамасыг улам тусгаарлаж, сулруулах боломж нэмэгдэхийг Нетаньяху бас хэлжээ.
“Дайны хоёр дахь өдрөөс Хезболлаг өөрийн талд тулалдана гэж Хамас найдаж байсан. Хезболла тоглоомоос гарснаар Хамас ганцаардах юм” гэж тэр хэлсэн байна.
Эндээс харвал Палестины Хамас байгууллагын эсрэг Газын зурваст явуулж буй Израилийн дайн мөд дуусахгүй бололтой.
Өчигдөр Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ ерөнхийлөгч Байден түүний засаг захиргаа Газын дайныг зогсоох асуудлаар Турк, Египет, Катар зэрэг бусад зуучлагч орнуудтай хамтран ажиллаж байгааг мэдэгдсэн юм.
Хезболлатай гал зогсоох асуудлыг хэлэлцэхдээ АНУ-ын засаг захиргаа Франц улстай хамтран ажиллажээ.
Өнгөрсөн зуунд 20 гаруй жил Ливаныг хяналтдаа байлгасан Франц улс гал зогсоох гэрээний хэрэгжилтэд бас хяналт тавихаар болсон байна.
Ливаны ерөнхий сайд Нажиб Микати гал зогсоох тохиролцоог сайшааж, үүнийг тус улсад “энх амгалан байдлыг сэргээж, иргэдийг төрөлх нутаг орондоо буцах боломж олгох эхний алхам” гэж тодорхойлжээ.
Хамасыг дэмжих зорилгоор Хезболлагийн эхлүүлсэн хил дамнасан агаарын довтолгооны улмаас Израилийн хойд нутгаас 60,000 орчим хүн орон гэрээсээ дүрвэсэн юм.
Хезболлагийн агаарын цохилтын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 75 хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсныг Израилийн тал мэдээлж байгаа.
Үүнээс гадна Ливаны нутагт явуулсан хуурай замын байлдааны ажиллагааны үеэр Израилийн 50 гаруй цэрэг амь үрэгджээ.
Ливан улс энэ мөргөлдөөний улмаас $8.5 тэрбумын хохирол хүлээснийг Дэлхийн Банк тооцоолсон байна.
Энэ хохирлыг сэргээн босгоход цаг хугацаа шаардлагатай бөгөөд хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй байгаа юм.
Хезболла байгууллага ч гэсэн их хэмжээний хохирол амсаж, олон удирдагчаа алдаад байна.
Тиймээс дайны дараа уг байгууллагын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байгаа.
Гэхдээ Ливан улсын нийгэмд Хезболлагийн нөлөө асар их хэвээр байна. Тус байгууллагын улс төрийн нам Ливаны парламентад суудалтай, шиа муслимуудын өргөн дэмжлэгийг авдаг.
Нөгөө талаар энэ боломжийг ашиглан “улс доторх улс” болсон Хезболлагийн нөлөөг бууруулах сонирхол өрсөлдөгчдөд нь байгаа гэдэг тодорхой.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!