Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Чагнаадорж: “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” энэ онд 13.6 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд байршуулна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд буй төрийн өмчит зургаан үйлдвэрийн газар энэ онд 500 тэрбум төгрөгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх ёстой.

Тус 500 тэрбум төгрөгөөр 5,000 өрхийг орон сууцны зээлд хамруулах юм. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь 13.6 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх аж.

Энэхүү ажлын явцтай танилцахаар "Эрдэнэс Монгол" ХК-ийн захирал С.Наранцогт нараар ахлуулсан баг Дархан хотод очиж, "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяа “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гангийн үйлдвэрийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо.

“Эрдэнэс Монгол” нэгдэл нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний нөөцийн 22 хувь, зэсийн нөөцийн 38 хувь, жоншны нөөцийн 22 хувь, төмрийн нөөцийн 15 хувийг эзэмшиж, экспортын орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг аж. Мөн Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн гинжин хэлхээг оновчтой бий болгохоор зургаан байршилд Үйлдвэр Технологийн Парк (ҮТП) байгуулахаар ажиллаж байгаа аж. Үүний нэг нь Дархан Үйлдвэр Технологийн Парк (Дархан ҮТП) юм.

"Уул уурхайн машин техникийг гадаадаас авдаг хэдий ч засвар сэлбэгт маш мөнгө зарцуулдаг. үйлдвэр технологийн паркаар дамжуулж тус хэрэгцээг хангаж болно"

зураг
 

Энэ төслийн ач холбогдлын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт "Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, зардлыг бууруулах, аж үйлдвэржилтийг дэмжих зорилгоор үйлдвэр технологийн парк байгуулах талаар хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан. 

Тиймээс өнөөдөр “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж байна. Дархан төмөрлөгийн үйлдвэр дээр суурилж, аж үйлдвэрийн ган бэлдэц хийвэл эцсийн бүтээгдэхүүнийг гадагшаа гаргах бус дотоодын хэрэгцээгээ боломжтой юм.

Уул уурхайн машин техникийг гадаадаас авдаг хэдий ч засвар сэлбэгт маш мөнгө зарцуулдаг. Дархан төмөрлөгийн үйлдвэр технологийн паркаар дамжуулж тус хэрэгцээг хангаж болно.

Аж үйлдвэрийн технологийн парк бий болгосноор дотоодод үйлдвэрлэл хөгжиж, гадагшаа валют урсахгүй байх бололцоотой болж байна.

Манай улсад үйлдвэрлэл байгуулахад гардаг гол хүндрэл бол аж үйлдвэрийн үндсэн түүхий эдийг гаднаас авч ирж, тээврийн зардалд их хэмжээний валют урсгадаг явдал юм. Дахин үйлдвэрлэл явуулснаар өрсөлдөх чадварын хувьд хүндрэлтэй болж, төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөө үзүүлдэг. "Эрдэнэс Монгол" нэгдлийн дэвшүүлж буй дунд хугацааны хөтөлбөр нь улс орны том эрх ашгийг бодож хийсэн учраас ихээхэн ач холбогдолтой" гэв.

Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутагт металлургийн үйлдвэрлэл, цутгуур, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр 41 "Дархан" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, ширэм, ган бэлдэц, барилгын арматур, булан төмөр, метал эдлэл, метал хийц, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Паркийн суурь болох гангийн үйлдвэрийг дэд бүтцийн хамт байгуулж эхний ээлжид 500 мян.тн ширэм, 500 мян.тн ган бэлдэц үйлдвэрлэж, ган бэлдцээс барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангах аж.

"Дархан ҮТП дээр 700 гаруй га газрын асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай байна"

зураг
 

Дархан ҮТП төслийн явцын талаар “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн хэлтсийн дарга Ж.Ганбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Дархан ҮТП байгуулах ажлын хүрээнд гурван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Эхний ээлжид Дархан ҮТП-ийн газрын сонголтыг хийж, улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг шийдүүлэх шаардлагатай. Бид “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн ажлын хэсэгтэй хамтран хэд хэдэн газруудыг урьдчилсан байдлаар үзсэн. Газрын сонголт хийгдчихвэл дараагийн ажил хийгдэж эхэлнэ.

Энэ төсөл дээр ажиллах хүний нөөцийн асуудал чухал. Нийт 2,000 ажлын байр бий болох учраас хүний нөөцөө бэлтгэх шаардлагатай. Тиймээс ШУТИС-ийн Дарханы технологийн сургуультай хамтарч 30 орчим хүнийг метал уургийн инженерээр сургаж байгаа" хэмээн ярилаа.

зураг
 

Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэр, технологийн хэлтсийн дарга Г.Мөнгөнцоож тус компанийн Гангийн үйлдвэрийн талаар дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр "Манай гангийн үйлдвэр жилийн 100 мянган.тн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Сүүлийн жилүүдэд барилгын арматур, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ган бөөрөнцгийн цехийн бэлдэц үйлдвэрлэж байгаа. Одоогийн байдлаар 566 хүн Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Гангийн үйлдвэрт ажилладаг. 

Үндсэн түүхий эд, материалаас болж үйлдвэрийн зардал нэмэгдэж байна. Бид дотоодоос хаягдал төмөр авч үйлдвэрийнхээ түүхий эдийг хангадаг. Хэрэв үйлдвэр технологийн парк ашиглалтад орвол өөрсдийн уурхайн хүдрээс үйлдвэрийнхээ түүхий эдийг хангана" хэмээн ярилаа.

зураг
 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК Төмөртэйн төмрийн хүдрийн стратегийн ордыг түшиглэн металлургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Төмөртэйн ордыг иж бүрэн буюу бага агуулгатай төмрийн хүдрийн нөөцийг бүрэн ашиглах, уурхайн насжилтыг уртасгах, улс, орон нутгийн эдийн засагт оруулах үр ашиг, барилгын үндсэн материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах юм байна. Төмөртэйн төмрийн хүдрийн стратегийн орд нь 220 сая.тн төмрийн хүдрийн нөөцтэй.

"600 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалснаар Хуримтлалын санд 13.6 тэрбум төгрөгийг байршуулна"

зураг
 

Энэхүү компанийн өнөөгийн нөхцөл байдлын талаар “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Чагнаадорж "Манай компани 1,560 албан хаагчтай ажилладаг. Өртөг зардлыг бууруулах, техникийн бүрэн бүтэн байдлыг 100 хувь болгохоор бид зорьж байна. 

Мөн Төмөртолгойн уурхайг түшиглэн байгуулагдсан хүдрийн баяжуулах үйлдвэртэй хамтран ажилласнаар дэлхийн зах зээл дээр үнэ нь унаж буй төмрийн хүдэртэй өрсөлдөхүйц хорголжин бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр нэг тонн төмрийн хүдрийн баяжмалыг дэлхийн зах зээл дээр 95 ам.доллароор зарах боломжтой. 

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь энэ жил 1.8 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1.2 сая тонныг экспортолсон. Энэ оны сүүлээр 600 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалснаар Хуримтлалын санд 13.6 тэрбум төгрөгийг байршуулна" хэмээн мэдээлэл өгөв.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь 1993 онд анхны ган хайлалтаа хийж, 1994 онд бүрэн ашиглалтад орсон, 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл нийтдээ 933.2 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төмрийн хүдэр 28.4 сая тонныг олборлож, хуурай соронзон аргаар 27.7 сая тонн хүдэр боловсруулж, 21.4 сая тонн баяжмал үйлдвэрлэжээ.
2024 оны эхний есөн сард татварын дараах үзүүлэлтээр 42.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол дөрөвдүгээр улиралд 8.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоолжээ.