Уншиж байна ...

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогдож байсан эрхэм 112 насандаа өөд болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогдож байсан 112 настай Британийн иргэн Жон Тиннисвүүд баруун хойд Английн Соутпорт хотын асрамжийн газарт нас барсныг Гиннесийн дээд амжилтыг бүртгэдэг байгууллага өчигдөр зарлажээ.

Тиннисвүүд 1912 оны наймдугаар сарын 26-ны өдөр Ливерпүүл хотод мэндэлсэн хүн юм.

Өмнөх хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогдож байсан Венесуэлийн 114 настай иргэн Хуан Висент Перес нас барсны дараа энэ оны дөрөвдүгээр сард тэр энэ өргөмжлөлийг шилжүүлэн авч байжээ.

Титаник хөлгийг живсэн жил мэндэлж, дэлхийн хоёр дайныг туулсан Тиннисвүүд өөрийн урт наслалтын нууцыг “цэвэр аз” гэдэг байсан юм.

“Чамд урт богино наслахаа шийдэх боломж байхгүй” гэж тэр хэлж байжээ.

Гэхдээ бүх зүйлд дунджийг баримтлахыг Тиннисвүүд зөвлөж байсан юм.

“Хэт их идэх, хэт их уух, хэт их алхах, хэт их ажиллах нь эцэстээ зовлон дагуулдаг” гэж тэр зөвлөж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Хатан Хааны Армийн арын албанд ажиллаж байсан Тиннисвүүд дараа нь газрын тосны аварга компаниуд болох Shell, BP-д нягтлан бодогчоор ажиллаж байв.

Тэрбээр насан туршдаа хөлбөмбөгийн Ливерпүүл клубийн дэмжигч байж, Баасан гараг бүр англичуудын дуртай түргэн хоол болох “fish and chips”-ийг хүртдэг зуршилтай байжээ.

Тиннисвүүдийн алдрыг хэн залгамжлах нь одоогоор тодорхойгүй байна.

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй нь одоогоор Японы 116 настай иргэн Томико Итоока юм.

 

Эх сурвалж: AFP