Уншиж байна ...

"Нийслэлийн зам талбайн цас, мөсийг 180 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэх ажил үргэлжилж байна"

Б.Манлай
2 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг 33 байгууллагын ажилтнууд нийт 180 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр арилгаж байна.

Эдгээрээс Чингэлтэй дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний хоёр байгууллагын 86 ажилтан, тусгай зориулалтын 20 техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэгээг хийж байгаа бол Хан-Уул дүүргийн 12 байгууллагын 218 ажилтан, тусгай зориулалтын 38 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж давс, бодисыг ашиглажээ.

Баянзүрх дүүрэгт зургаан байгууллагын 140 ажилтан, тусгай зориулалтын 15 техник хэрэгсэлтэйгээр, Баянгол дүүрэгт найман байгууллагын 120 ажилтан, тусгай зориулалтын 51 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж, давс, бодис цацаж байна.

"Сүхбаатар Дэвшил" ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчилгээний алба нь зам талбайн 80 үйлчлэгч, хуваарьт замын цэвэрлэгээг 2- HAIDE бичил ногоон машинтайгаар өглөөний 06:00 цагаас эхлүүлжээ. Цэвэрлэгээний хүрээнд авто замын нуухны цэвэрлэгээ DONG FENG, HAIDE нуухны машинаар, явган замын цасыг үлээгч төхөөрөмжийг ашиглаж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт найман байгууллагын 70 ажилтан, тусгай зориулалтын 34 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж, давс цацаад байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.