Уншиж байна ...

"Халтиргаатай замд өмнө байгаа машинаас энгийн үеийнхээс гурав дахин хол зай барьж яв"

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ид хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан цас, мөстэй үед автомашин жолоодохтой холбоотой зөвлөмжийг Автотээврийн Үндэсний Төв (АТҮТ)-өөс хүргэлээ. 

Халтиргаатай, замын нөхцөл хүндэрсэн нөхцөлд эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах хамгийн зөв шийдэл нь автомашин жолоодохгүй байх явдал юм.

Хөдөлгөөнд оролцохоос өмнө:

Хүрэх цэгтээ аль замаар явбал илүү аюул багатай туулах талаар бодох. Энэ нь замыг осол авааргүй туулах үндэс юм.

Өвлийн улиралд гарсан осол аваарын багагүй хувь нь автомашин асаагаад хөдөлгөөнд оролцож эхэлсэн эхний хэдэн минутад гардаг ба энэ нь техникийн бэлэн байдалд бүрэн шилжээгүй үед хөдөлгөөнд оролцсонтой холбоотой хэмээн мэргэжилтнүүд үздэг.

Тиймээс хөдөлгүүрийг зохих түвшин хүртэл халаах цаашлаад салоны дулааныг бий болгох, халаагуурын температурыг тохируулсны дараа хөдөлгөөнд оролцох нь техникийн бүрэн ажиллагаа болон жолоочийн тав тухыг хангаж буй хэрэг. 

Дугуйн зориулалт нь мэдээж өвлийн эсвэл өвөл, зуны унверсал дугуй байх шаардлагатай.
Мөн дугуйн хийг өвлийн улирлын хэмнэлд нийцүүлэх шаардлагатай. Хийн даралтыг улирлаас хамааран ямар хэмжээнд байлгах үзүүлэлтийг автомашины жолоочийн хаалгатай залгаа баганын доод хэсэгт заасан байдаг.
Гэрэл болон урд шилээ хөдөлгөөнд оролцохын өмнө болон оролцох явцдаа байнга цэвэрлэж байхыг зөвлөлөө. 

Хөдөлгөөнд оролцох үедээ:

Автомашины хурдыг бууруулж, өмнөө буй автомашинаас энгийн үеийнхээс гурав дахин хол зай барьж яв.
Халтирахаас сэргийлэх үүднээс зөөлөн тоормослохыг зөвлөе. Хэрэв таны автомашины дугуй бүрэн зогсож, шарваж эхэлбэл тоормосоо султган дахин зөөлөн гишгэ.
Бусад жолооч нарт өөрийгөө үзэгдэхүйц байлгах, өөрийн үзэгдэх байдлыг нэмэгдүүлэхийн тулд гэрлээ асаан хөдөлгөөнд оролц. Цаг агаарын нөхцөл хүндрэлтэй болсон үед аваарын гэрлээ асааж яв.
Өгсүүр болон уруу газруудад хүнд араагаар яв.

Мөн цас цэвэрлэгч, элс цацагч машинуудыг бүү гүйцэж түрүүл. Учир нь эдгээр машинуудын жолоочийн үзэгдэх орчин хязгаарлагдмал байхаас гадна тэдгээр машины урд талын замын нөхцөл нь арын замаасаа бүр тааруу байхыг Автотээврийн Үндэсний Төвөөс сэрэмжлүүллээ.