Төсөвтөө тодотгол хийхгүй, бизнесээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй энэ чигээрээ явбал 200-250 мянган хүн ажлын байрнаасаа салах эрсдэл COVID-19-ийн нөлөөгөөр хаяанд ирснийг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн ярилаа.
Бизнесийн салбар өнөөдөр шинэ коронавирусийн нөлөөгөөр ямар хүндрэлтэй нүүр тулаад байгааг Танхимынхан хоёр хоногийн хугацаанд яаралтай судалж, маш тодорхой үр дүнг гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
МҮХАҮТ-д гишүүнчлэлтэй эсэхээс үл хамаарсан 1,100 аж ахуйн нэгжийг хамруулсан уг судалгаагаар 57.4% нь шинэ коронавирус бизнест нь “маш их нөлөөлсөн” хэмээн хариулжээ. Үйлчилгээний эрэлт 60% буурч, бэлэн мөнгөний хомсдол 15%-д нь хэдийн бий болсон гэдгийг судалгааны дүн харуулсан. Эдийн засгийг нуруундаа авч яваа бизнесийн салбарынханд өнөөдөр учраад байгаа хамгийн том хоёр бэрхшээлээр:
Өөрөөр хэлбэл, компаниудын 42.6% нь үйл ажиллагааны зардал бууруулах буюу зээлийн төлбөрийг хойшлуулах зэргээр ямар нэгэн байдлаар төрөөс дэмжлэг хэрэгтэй байгааг хэлсэн байна.
Тэгвэл энэхүү хүндрэлээс гарах 5 багц 21 маш тодорхой саналыг уг судалгаанд тулгуурлан яаралтай боловсруулснаа МҮХАҮТ өнгөрсөн Баасан гарагт ҮАБЗ-д танилцуулжээ.
Танхимаас уг саналаа боловсруулахдаа COVID-19-ийн бизнесийн салбарт үзүүлж буй нөлөөнөөс гадна БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал Монгол Улсад хэрхэн тусах ба гарч болох үр дүнгүүдийг судалгаатайгаар танилцуулсан байна.
Эндээс зарим анхаарал татах дүнгүүдээс эш татъя.
SARS дэгдэх үеийн эдийн засаг дахь нөлөө ба өнөөдрийн нөхцөл байдал хоёрыг харьцуулшгүй өөр болсныг эдийн засагчид хэрхэн тайлбарлаж байгааг бид өмнө нь хүргэсэн билээ.
Эргэн сануулбал, БНХАУ-ын эдийн засаг SARS дэгдэж байх үед өнөөдрийнхөөсөө даруй 9 дахин жижиг байв. Харин өдгөө 15 триллион ам.доллараар хэмжигдэх эдийн засагтай энэ улсын хөгжлийн эрч буурах нь бүхий л улс орны асуудал болохуйц хэмжээнд хүртэл тэлжээ. Тийм ч учраас Монгол Улс хамгийн түрүүнд үүнийг тооцоолох ёстой болж байна.
SARS дэгдэх үед өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт 1% удааширсан нь манай улсад 5.2%-ийн уналт авчиржээ. Тэгвэл энэ удаа дэлхийн эдийн засгийн өсөлт 0.5%, БНХАУ-ынх 1 ба түүнээс дээш хувиар унана гэсэн таамаг 5.6% өсөлттэй байхаар төсөөлж буй, хөршөөсөө экспортын 90%-ийн хамааралтай Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг шууд гацааж мэдэх нь.
Тус улсын хөгжлийн нөлөө Монгол Улсад 3-6 сарын дараа шууд мэдрэгддэг гэдгийг Танхимын судалгаанд онцолжээ. Тэгэхээр сонгууль эд өрнөх үе буюу 6-8 дугаар сард манай нөхцөл байдал одоогийнхоосоо хамаагүй дордох нь.
Хамгийн чухал үзүүлэлт нь ажлын байр.
График. Ажилгүйдлийн түвшин (2007-2017 он)
Тийм учраас ажлын байраа хадгалахын тулд ЖДҮ эрхлэгчдээ дэмжих, төсвөө эргэж харах саналыг 21 саналдаа тусгасан байна.
Зураг. МҮХАҮТ-аас гаргасан 5 багц 21 санал
МҮХАҮТ-ын судалгаагаар 50 хүртэл ажилтантай ЖДҮ эрхлэгчдийнхээ банкны бүх зээлийг зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааг хойшлуулснаар зээлийн хүү төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.
Үүнд ойролцоогоор 600 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, банкуудад төлөгдөх учиртай энэ хэмжээний эргэлтийн хөрөнгийг төрөөс шийдвэрлээд өгчихвөл бизнесийнхэн ч ажлын байраа хадгалж, банкууд ч эх үүсвэрийн дутагдалгүй долдугаар сар хүртэл хэвийн ажиллах нөхцөл бүрдэх аж.
Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Мөнгөний бодлогын хороо банкуудын заавал байлгах төгрөгийн эх үүсвэрийн хувийг 2 пунктээр бууруулснаар 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болох боломж бүрдүүлсэн. Тэгвэл зөвхөн сумын төвүүдэд барилга байшин барихад зарцуулах гэж 220 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг түр хойшлуулснаар дээрх саналыг бодитой хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Энэ мэт маш тодорхой саналуудыг Танхимын зүгээс гаргасан байна. Цаашид урт хугацаандаа бизнесээ хэрхэн дэмжиж, эдийн засгаа тэлэх төлөвлөгөөг ч МҮХАҮТ боловсруулжээ.
ҮАБЗ ямар зөвлөмж гаргах нь ирэх долоо хоногт тодорхой болох биз ээ. Гэвч сонгуульд зориулж 2.075 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан 2020 оны төсвөө тодотгохгүй гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!