Өвлийн хүйтний эрч чангарч байгаа энэ үед нийслэлийн ДЦС-уудын нүүрсний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар УБТЗ-ын “Улаанбаатар” өртөөний дарга Б.Удамбуянаас асууж тодрууллаа.
Тэрбээр “УБТЗ-ын “Улаанбаатар” өртөө нийслэлийн 1,600 мянган хүнийг цахилгаан дулаанаар хангахад чухал үүргийг гүйцэтгэдэг. Тус өртөө нь хоног тутам дунджаар 300-350 вагон буюу 15,000-25.000 тонн нүүрсийг Багануур, Шивээ овоогийн уурхайгаас тээвэрлэж 3 болон 4 дүгээр дулааны цахилгаан станцууд/ДЦС/-ад нийлүүлдэг. Зөвхөн өнөөдөр л гэхэд 267 вагоныг бэлдэж Багануур, Шивээ овоогийн нүүрсний ачилтад явуулаад байна.
Өвлийн ид ачааллын үед ДЦС-уудын найдвартай ажиллагааг хангахад УБТЗ-ын зүгээс онцгой анхаарч энэ оны 11 дүгээр сарын 5-наас ирэх оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл эрчим хүчний нүүрсний тээврийг хатуу цагийн хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Ийнхүү нүүрсний тээвэрлэлтийг УБТЗ тасралтгүй найдвартай зохион байгуулсны үр дүнд ДЦС-3, ДЦС-4 18-24 хоногийн нүүрсний нөөцтэй болоод байна” гэж хариуллаа.
Тодруулахад “Улаанбаатар” өртөөнөөс гадна УБТЗ-ын бусад өртөөд Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудын нүүрсний тээвэрлэлтийг хариуцан зохион байгуулдаг аж.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!