Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар бууруулан 10 хувь болгохын зэрэгцээ банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргаснаа танилцуулав.
Шинэ коронавирусийн халдварын үед банкны төгрөгийн заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар буулгаж, 8.5 хувьд хүргэснээр 300 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөн, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн твиттер хуудастаа жиргэжээ. Зээлийн өсөлт 5%-тай байгаа нь чамлалтай байгаа тул ийм шийдвэр гаргасан гэдгийг тэрбээр мөн тайлбарласан байна.
Өнөөдөр Засгийн газар мөн ээлжит хурлаа хийсэн юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэхдээ Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ Засгийн газрын хуралдаанд оролцож, санал солилцсон талаар дурдаад төв банкны дээрх шийдвэр арилжааны банкуудад эдийн засгаа дэмжих орон зай гаргаж өгч байгаа тул удахгүй банкууд шийдвэрээ танилцуулна гэдгийг хэллээ.
Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол Улсын төсөв 2020 оны эхний хоёр сард 200 гаруй тэрбум төгрөгөөр тасраад байгаа бөгөөд цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл нэг их наяд төгрөгийн орлого алдана гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан ч төсвөө тодотгохгүй гэдгээ өнөөдөр тав дахь удаагаа мэдэгдээд байна. "Гаднын улс орнууд шинэ коронавирусийн халдвар гарсан эдийн засгийн энэ хүнд үед төсвийн зардлаа нэмэх бодлого хүртэл барьж байна. Сангийн сайдын хувьд төсвийн зардлаа танахгүй гэдэг байр суурин дээрээ хэвээр байгаа. Эдийн засаг агшиж байгаа ийм үед төсвийн зардлаа бууруулвал эдийн засаг борцлогдоно" гэв.
Монгол Улсын 2020 оны төсөв 2.075 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Засгийн газар өнгөрсөн жил 1.68 их наяд төгрөг байсан хөрөнгө оруулалтын зардлаа 3.679 их наяд болгож, 119% нэмэгдүүлэхээр төсөвлөөд байгаа ч энэ төсөлдөө өөрчлөлт оруулахгүй гэдгээ ийнхүү удаа дараа мэдэгдлээ.
Монголбанкны судалгаагаар 2020 оны нэгдүгээр сарын байдлаар нийт зээл 17.9 их наяд төгрөг ( төгрөгийн зээл 15.9 их наяд, гадаад валютын зээл 1.9 их наяд төгрөг) байгаа ба
Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 73.4%-ийг хувь, чанаргүй зээлийн 80.6%-ийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байна.
Харин төв банкны Мөнгөний бодлогын хорооны гаргасан шийдвэрийн дүнд арилжааны банкууд ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!