Улс төрийн намын тухай хуулийн талаар улс төрийн намуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Улс төрийн намын тухай хуулийг 2023 оны УИХ баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан. Гэвч өнгөрөгч Баасан гарагт Засгийн газраас уг хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Энэхүү өөрчлөлтөөр хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2027 оны наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах тухай асуудлыг тусгажээ.
Үүнтэй холбогдуулан улс төрийн намуудын төлөөлөл байр сууриа илэрхийлэв. Ташрамд дурдахад, уг хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан Намын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Иргэний Зориг Ногоон Намын дарга Б.Батбаатар: Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг хойшлуулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа.
2024 он сонгуулийн бүтэн циклтэй байсан. Сонгуулийн дараагаас улс төрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөж гарч ирж байна. 2023 оны долдугаар сард Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлахдаа тухайн үед парламентад байсан гурван нам өөрсдийн эрх ашигт нийцүүлж, бусад улс төрийн намын үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл, эвсэж нэгдэхийг хаасан зангуутай хууль баталсан.
Энэхүү сөрөг үзэгдлийг хойшлуулахын тулд өнөөдөр улс төрийн намууд мэдэгдэл хийж байна.
Эх Орончдын Нэгдсэн Намын дарга Г.Ганбат: Улс төрийн намын тухай хуульд нэг жилд байтугай нэжгээд жилд хийж амжихааргүй зүйл, заалтууд орсон. Тухайлбал, намын удирдах шатны хурлаа хийгээд, бүтцэдээ 40 хувийн жендэрийн төлөөлөл оруулаад, намаа дахин бүртгүүлэх тухай заасан. Мөн намын дэргэдэх төрийн бус байгууллагуудаа дахин бүртгүүлнэ. Намын дэргэд судалгааны байгууллагатай байх асуудлыг тусгасан. Энэ бол хэдэн жилдээ хийх боломжгүй ажил. Улсын дээд шүүхэд 37 нам бүртгэлтэй байдаг. Хэрэв энэ хууль хэрэгжих бол 37 нам бүгдээрээ байхгүй болно.
Улсын дээд шүүхээс бидэнд сануулга өгсөн. Үлдсэн нэг сарын хугацаанд дээр дурдсан болзлуудыг хангахгүй бол улс төрийн намуудыг татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн.
Тиймээс манай намын хувьд дээрх заалтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд 2028 он хүртэл хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлагатай гэж үзэж байна.
Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан: Уг нь олон намын тогтолцоо байж байж энэ нийгэм маань ардчилсан тогтолцоо руу явах байх. Гэтэл төрийн эрх барьж байгаа нь бусдыгаа илүүд үзсэн өнгө аястай дүрэм журам баталж, олон нийтийн байгууллагыг төрийн байгууллага шиг удирдан жолоодож, юу ярихыг нь хүртэл зааварчлах гэж байна. Улс төрийн намыг эвлэлдэн нэгдэж байгуулдаг болохоос биш төрийн дүрэм журмаар нам байгуулдаггүй юм. Ийм коммунист сэтгэлгээнээсээ салах ёстой. Улс төрийн намын тухай хуулийг эргэж харах шаардлагатай байна. Ингэхийн тулд тодорхой хугацаа хэрэгтэй.
Гудамжинд байгаа энэ олон нам хэнд ямар муу юм хийсэн юм. Болохгүй зүйлийг л шүүмжилдэг.
Бидэнтэй зууралдаж, биднийг хэн ч биш болгож гудамжинд гаргах гэж байхын оронд төсвөө хэлэлц. Ялангуяа Ардчилсан Нам. Ардчилсан Намынхан дандаа ингэдэг. Өөрсдөө ардчилал ярьчхаад дандаа ардчиллаа хутгалж байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!