Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал, түүнийг хэрэгжүүлэх гэрээ, хэлэлцээр болон Конвенцын үндсэн хоёр байнгын хорооны хуралдаанууд энэ сарын 12-24-нд Азербайжан улсын Баку хотноо нэгэн зэрэг зохион байгуулагдсан.
Талуудын 29 дүгээр бага хурал (COP 29) "Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл" сэдвийн хүрээнд болсон билээ.
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү бага хурлын үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцсон.
Талуудын 29 дүгээр бага хурлын хаалтын нэгдсэн хуралдаан арваннэгдүгээр сарын 24-ний өглөө болж үндсэн асуудлуудаар шийдвэрүүдээ танилцуулж баталсан байна.
Тухайлбал хөгжиж байгаа орнууд, нэн буурай хөгжилтэй орнуудад зориулсан уур амьсгалын санхүүжилтийн хэмжээг жил бүр 300 хүртэлх тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцоонд хүрчээ.
Цаашид төрийн болон хувийн салбарын оролцоотойгоор уур амьсгалын санхүүжилтийн хэмжээг үе шаттайгаар 2035 гэхэд 1.3 их наяд ам.доллар болгон нэмэгдүүлэх хүчин чармайлтыг дэмжин ажиллахаар талууд тохиролцжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэхдээ энэхүү хэлэлцээр нь дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд зайлшгүй шаардлагатай байсан боловч "Бидний өмнө тулгараад буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд санхүүжилтийн талаар, уур амьсгалын өөрчлөлтөөс учирч буй хор уршгийг багасгах тал дээр ч илүү том үр дүнд хүрнэ" гэж найдаж байсан гэв.
Улс орнууд мөн дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг зохицуулах дүрмийн заалтуудыг тохиролцсоныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!