Зураг
Зураг
Индэр    
2024 оны 11 сарын 18
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудлаа олон улсын түвшинд ДЭВШҮҮЛЭВ

Зураг

Уур амьсгалын өөрчлөлт ба үүнээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах гарц гаргалгааг хайж, санхүүжилт татах чиглэлд хөгжиж буй улс орнууд анхаарсаар байна. 

Тэр ч утгаараа "Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл" сэдвийн хүрээнд 160 гаруй улс нэгдэж, COP 29 бага хурлыг Азербайжан улсын Баку хотноо амжилттай зохион байгуулж байна. 

COP 29 бага хурлаар уур амьсгал, байгаль, газар нутаг, хотуудын хоорондын уялдааг хангахад анхаарч байна.

Азербайжан улс тус бага хурлыг даргалахдаа "Хүсэл зорилго, эрмэлзлийг нэмэгдүүлэх", "Үйл ажиллагааг идэвхжүүлэх" хоёр чиглэлийг тулгуур зарчим болгоно хэмээжээ. 

“Салхит хот” хэмээн нэрийдэх Бакугийн НЭГ ӨДӨР

Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бодлого, санаачилгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр танилцууллаа. 

“Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлэв

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ "Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.

Уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.

Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна" хэмээв. 

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын зөвлөх З.Батжаргал, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишиг нараас тодруулснаа хүргэе. 

"Хур чийгийг агаар мандлаас шүүрэн авч, нутаг орноо ивээж байгаа уулсаа анхааръя"

зураг
 

Зөвлөх З.Батжаргал "Тухайн орон нутагт уур амьсгалын тогтолцоог янз янз болгож байгаа гол хүчин зүйл бол уул. 

Монгол улс далайгаас алслагдсан орон. Хэдийгээр Номхон далай ойрхон юм шиг боловч баруун талаас урсгал ирдэг учраас далайн чийг манайд бараг орж ирдэггүй.

Хаа байсан Атлантын далай, Хойд мөсөн далайн чийглэг агаар замдаа бүх чийгээ гээж, үлдсэн жоохон чийгийг нь манай хэдэн уулс шүүрч авч үлддэг гэж ойлгож болно. 

Иймээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс Монголын хур чийгийг агаар мандлаас шүүрэн авч, нутаг орноо ивээж байгаа байгалийн хүчин зүйл. 

Уулын асуудлыг зүгээр шохоорхоод ярьж байгаа юм биш. Нэг жишээ дурдахад л Монголын уулс ирвэсийн амьдрах орчин болж байгаа.

Уулархаг улс орнууд хүчээ нэгтгээд энэ асуудлын тухай ярьж байгаа нь зөв зүйтэй алхам. Уул дагасан ой, ус, өвс ургамал, амьтан бүгд хамаарна" гэлээ. 

"Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд төсөл, төсвийн мөнгө хэзээ ч хүрдэггүй"

зураг
 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишиг "Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд төсвийн мөнгө, төслийн мөнгө хэзээ ч хүрдэггүй. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин хамгаалах, ашиглах, ирээдүй хойч үедээ чиглэсэн ажил бүх нийтийн үйлс болох нь зүйтэй. 

Энэ чиглэлд олон улсын хөгжлийн байгууллагаас санхүүжилт босгож байгаа ч тэдгээр санхүүжилтийг авах боломж, чадавхууд хязгаарлагдмал байдаг юм байна.

Ялангуяа хөгжиж байгаа орнуудын тухайд эдгээр чадавх, боломж хязгаарлагдмал.

Олон улсын донор байгууллагууд, дэлхийн ногоон сангуудаас санхүүжилт татахыг өрсөлдөөн гэж харах хэрэгтэй. Хамгийн гол нь чадавхтай, засаглалтай, менежмент нь сайн байснаар хөрөнгө, санхүүжилтийг үр дүнтэй зарцуулах юм.

Цаашдаа дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрээр авсан амлалтаа хэрхэн яаж ахиулах вэ гэдэг сорилттой нүүр тулж байна. Нэг хэсэг улс өндөр ахицтай байдаг. Зарим улс нь гүйцэтгэл хангалтгүй тул учирч байгаа сорилтуудынхаа талаар ярилаа.

Парисын хэлэлцээрийн амлалт 10 жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. 2030 он буюу бидэнд бага хугацаа үлдсэн. Үлдсэн хугацаандаа санхүүжилтээ нэмье. Санхүүжилт авах боломж, шийдвэр гаргах хугацаагаа анхааръя" хэмээв. 

Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр хурлын онцлог: 

  • 2022 оныг хүртэл уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах хүрээнд хөгжингүй болон хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүүжилтийн хэмжээг 100 тэрбум ам.долларт хүргэх амлалтыг авч хэрэгжүүлж байна.
  • Өнгөрсөн жилийн тайлангаар 116 орчим тэрбум ам.доллар хуваарилсан гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү хэлж байсан.

Санхүүжилтийн хэмжээг тооцоолбол тэрбумаар бус их наядаар тоологдох ам.доллар улс орнуудад хэрэгтэй байгааг тэрбээр нэмж дурдсан билээ. 

"COP 17 цөлжилтийн эсрэг хурлыг 2026 онд Монгол улсад зохион байгуулна"

Үргэлжлүүлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол улс цөлжилттэй тэмцэх чиглэлээр маш их идэвх санаачилгатай ажиллаж байгаа.

COP 17 цөлжилтийн эсрэг хурлыг 2026 онд эх орондоо зохион байгуулна гэдгээ хэлэхийн зэрэгцээ энэ хурлын үеэр дэлхийн цөлжиж байгаа олон орны төлөөллийг Монгол улсад аваачих, эрдэм шинжилгээ, судалгааны олон салбар чиглэлийн хуралдааныг НҮБ-тай хамтарч зохион байгуулах тухай болон хурлын бэлтгэлийг өндөр түвшинд хангаж байгаа тухайгаа ерөнхийлөгч хэлсэн. 

Монгол улс бэлчээрийн мал аж ахуйтай, цөлжилтөд ихээхэн нэрвэгдэж байгаа орон.

Өндөр хөгжилтэй, эдийн засгийнхаа их хувийг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулдаг улс орнуудтай харьцуулбал хөгжиж байгаа орнууд бага төсөв зарцуулдаг. Энэ хэрээр илүү хохирч байна.

Манай улс шиг далайд гарцгүй хөгжиж буй нийт 32 орон байдаг. Энэ дотроо Монгол улс манлайлал санаачилгатай байхыг эрмэлздэг.

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын гуравдугаар бага хурлыг Өмнөд Африкийн Ботсвана улсад энэ оны арванхоёрдугаар сард зохион байгуулна. Үүнд Монгол улс хамтарч оролцоно.

Далайд гарцгүй орнууд дотор цөлжөөгүй, уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээгүй орон бараг байхгүй" хэмээв. 

Ийнхүү Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал энэ сарын 11-22-ны өдрүүдэд Азербайжан улсад үргэлжилж байна. 

COP 29-ийн үр дүнд санхүүжилтийн шинэ зорилгыг баталж, 14 хоногийн хэлэлцээрийн эцсээр нэгдсэн дүн тодорхой болно гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. 

Баку хотын НЭГ ӨДӨР