Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тахлыг давах эдийн засгийн арга бол шаардлагагүй ЗАРДЛУУДАА ТАНАХ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн халдвар гарснаар дэлхийн болон Монгол Улсын эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлж байгаа талаар Голомт банкны эдийн засагч, шинжээч Г.Мөнх-Эрдэнэ, Г.Батзориг нар анализ хийснээ хоёр дахь удаагаа танилцуулсан билээ.

Энэ үеэрээ тэд иргэд, өрх гэр, аж ахуйн нэгж, улс гээд бүхий л түвшинд тэвчиж болох шаардлагагүй зардлуудаа танаж, харин хуримтлал үүсгэх нь хамгийн зөв алхам болохыг онцолсон юм. 

Гол дүгнэлтүүдийг багцлан хүргэе.

НЭГ. Дэлхийн эдийн засаг
Халдварын тархалт Хятадад саарч байгаа ч олон улсад эрчимтэй тархаж, АНУ вирусийн эсрэг арга хэмжээ авах ажлыг Дэд ерөнхийлөгч Майк Пэнсээр ахлуулсан нь тус улс илүү ач холбогдол өгч байгааг харуулж байна. Хэрэв дэлхийн эдийн засгийн 24%-ийг бүрдүүлдэг АНУ-д халдварын тархалт эрчимтэй нэмэгдээд бужигнаад эхэлбэл хөрөнгийн зах зээл унана, дагаад түүхий эдийн үнэ унаж, дэлхийн эдийн засгийг хямраах түвэгтэй нөхцөл байдалд орно. Тэгэхээр илүү болгоомжтой, няхуур байх цаг улам ойртож байна.

Зураг 1. Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт ба түүхий эдийн хэрэглээ (SARS ба COVID-19)

 
  • Дэлхийн эдийн засагт том байр суурь эзэлдэг болсон, нийлүүлэлтийн гинжин сүлжээний гол хэсэг дээр байдаг энэ улсын эдийн засаг саараад ирэхээр бусад улс орны үйлдвэрлэл саатах нөхцөл үүсэж байна. Монголын экспортын орлого хоёр шалтгаанаар дутахаар байна. Нэгдүгээрт, түүхий эдийн үнийн уналтаар. Хоёрдугаарт, хил хаасантай холбоотойгоор түүхий эдээ экспортолж чадахгүй байгаа явдал. Тиймээс түүхий эдийн үнэ дээр ямар хүлээлттэй байхаа Засгийн газар тооцох хэрэгтэй.
  • Монгол Улсын экпортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ унаж байгаа энэ үед ганц өсөх шанстай нь АЛТ. Гэтэл Монгол Улс өнгөрсөн онд АМНАТ-ын татвараа 2.5-аас 5.0% болгож нэмэгдүүлснээр Монголбанк 2019 онд 2018 оныхоос 5 тонноор бага алт худалдан авч, төсөвт өмнөхөөсөө 50 тэрбум төгрөгөөр илүү орлого олсон. Гэвч таван тонн алт бол 200 сая ам.доллар буюу манай улсын хоёр сарын орох урсгалтай тэнцэх дүн. Хяналт сул энэ үед 2.5%-аар татвараа нэмэх нь алтны далд арилжааг дэмжих хөшүүрэг болж байгаа юм. Тиймээс алтны ханш дэлхийн зах зээлд өсөлттэй байгаа энэ үед АМНАТ-ын татварыг 2.5% болгох хэрэгтэй.
  • 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш 7,000 байсан Доу Жонс индекс 28,000-д хүрээд анх удаа 10 гаруй хувиар унаж байна. Энэ үед АНУ-ын хөрөнгийн зах зээлд оролцож, хөрөнгө оруулснаар ашиг хийж болох талтай. Гэхдээ сэтгэл хөөрлөөр бус, бүрэн судалгаа хийж байж санхүүгийн шийдвэр гаргах хэрэгтэй.
ХОЁР. Монголын эдийн засаг
  • Шинэ төрлийн коронавирусийн халдвар нь иргэдийн хүлээлтэд нөлөөлөх замаар хүнсний бүтээгдэхүүний үнэд хэдийн нөлөөлсөн. Гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүний 95 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа тул хүнсний хомсдол үүсэхгүй бөгөөд зургаан сарын нөөцтэй гэдгийг ХХААХҮ-ийн сайд мэдээлсэн.
  • Хоёрдугаар сарын эхний хагасын статистикийг харвал импорт 52, экспорт 61 хувиар буурчээ. Импортын энэ бууралт нь худалдааны салбар ямар хэмжээний уналтад ороод байгааг илтгэж байна. Экспорт мөн буурсан нь уул уурхайн салбарт нөлөөлж буй. Ингээд ДНБ-ий 40 орчим хувь, ажиллах хүчний 30 орчим хувь, банкуудын олгосон зээлийн 27 орчим хувийг эзэлдэг голлох салбарууд ийнхүү саарснаар ААН-үүд, өрхүүдэд сөргөөр нөлөөлнө.  Гадаад худалдаанаас татварын орлого төвлөрүүлэхээс гадна ажиллаж байгаа компаниудаас төсвийн орлого бүрдүүлдэг Засгийн газрын хувьд төсөв бүрдэхгүй байх эрсдэл хүлээгдэж байна.

Зураг. Төсөв тодотгож, Монголбанк бодлогын хүүгээ буулгасан үед гэсэн хоёр суурь нөхцөл дээр Хятадын эдийн засаг хамгийн муугаар буюу 2% өсөхөд Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл(СЭЗДС-ийн багш нарын судалгаа) 

 

Төсөвт тодотгол хийж, хөрөнгө оруулалтын зардлыг царцааж, импортыг дэмждэг бараа бүтээгдэхүүний урсгалыг сааруулснаар төгрөгийн ханшийг тогтвортой барихад хэрэгтэй нь энэ судалгаанаас харагдаж байна.  

Төсвийн алдагдал нэмэгдвэл түүнийг өндөр хүүтэй Засгийн газрын бонд, эсвэл гаднаас зээл тусламж өр тавьж санхүүжүүлнэ. Цаана нь төгрөгийн ханш суларна. 

  • Монгол бол жижигхэн эдийн засагтай улс учраас COVID-19 халдвараас үүссэн эдийн засгийн хямралаас хурдан сэргэх боломжтой. Жишээ нь, том орнуудыг бодоход экспортоо хурдан нөхөж болно. Гэтэл удаан сэргэх салбарууд бий. Тухайлбал, Азийн орнуудад, тэр тусмаа Хятадад ойрын 1-2 жилдээ магадгүй аялах гэж хүмүүс явах уу гэдэг сэтгэл зүйн хувьд хэцүү.
ГУРАВ. Зөвлөгөө
  • Өрх гэрийн хувьд хэрэгцээгүй, тэвчиж болох зардлуудаа бүгдийг нь танах хэрэгтэй. Үүний тулд тооцоогоо хөтлөх хэрэгтэй болж байна. Богино хугацааны арга хэмжээ бол энэ. 
  • Шинэ бизнес, төсөл хэрэгжүүлэх, ажлаасаа гараад өөр ажилд орох зэрэг нь эрсдэлтэй үйлдэл болно. Тиймээс иймэрхүү санаа бодлоо тархинаасаа авч хаях хэрэгтэй. 
  • Урт хугацаандаа бол ХУРИМТЛАЛ үүсгэх хэрэгтэй. Хуримтлал нь ийм хүнд үед барьц алдуулахгүйгээр өрхийнхөө санхүүг тогтвортой авч гарах боломж олгоно. Санхүүгийн сахилга баттай байж, сар бүр хариуцлагатайгаар тогтмол мөнгөө хуримтлуулна гэсэн үг.
  • Санхүүгийн ийм сахилга батыг түвшин бүрт авч үзэх хэрэгтэй. Компанийн түвшинд жаахан ашиг орлоготой болоод ирэхээрээ том хаус, том машин зэрэг эргээд өгөөжөө өгөхгүй, эдийн засгийн үр ашиггүй зүйлд мөнгөө хийхгүй байх бол улсын түвшинд хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэ нэмэгдэхэд төсвөө тэлэхээ болих хэрэгтэй.
ДӨРӨВ. Сургамж

Шинэ коронавирус зарим зүйлийг бидэнд маш сайн ойлгууллаа. 

Тухайлбал, Монгол Улс уул уурхайгаас ямар их хамааралтай, ямар эмзэг болохыг харууллаа. Гашуунсухайтын зам гээд хоёр машин зөрөх л хэмжээний нарийхан замаар Монгол Улсын нийт экспортын 50% буюу 3-4 тэрбум ам.долларын түүхий эд явж байна. Хэрэв тэнд газар хөдөлбөл экспортын тал хувь нь үгүй болох эмзэг, дархлаагүй эдийн засагтай байна.

Ядаж, Тавантолгойн төмөр замаа барьчихсан бол 100 авто машинаар зөөх нүүрсийг хоёр хүн нэг гарт тэргээр чирээд гаргах боломжтой байв. 

Тэгэхээр явж явж бодлого боловсруулагчдаа зөв сонгохгүй бол улс орон, компани, хувь хүний ийм эрсдлүүд мундахгүй гэдгийг маш сайн ойлгуулж байгаа байх. 

Тиймээс сонгуулиар сонголтоо хийхдээ ядаж л “Манай дүүрэг, хороонд хэдэн сургууль,  цэцэрлэг барьж өгөх вэ” гэж асуух БИШ, “Яаж эдийн засгаа дархлаатай болгох вэ” гэдгийг нь асуух ёстой болов уу.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/314338356192847/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.