Индэр    
2020 оны 4 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Эдийн засгийг “дэмжих” 5.1 их наядын багц ба 4.1-ний Сангийн сайдын “хошигнол”

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын тэргүүний өнгөрсөн долоо хоногт танилцуулсан долоон арга хэмжээ бүхий эдийн засгаа дэмжих мэдэгдлээс зөрсөн тайлбарыг дөрөвдүгээр сарын 1-нд Сангийн сайд нийтэд мэдээлэв.

Ерөнхий сайдын хэлж, иргэдийн ойлгосноор эдийн засаг хүндрээд буй энэ зургаан сарын турш аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийн цалингаас НДШ, ХХОАТ суутгахгүй гэж байв. Харин Сангийн сайд гарч ирээд тэдгээр шийдвэр нь бүх хүнд хүртээлгүй болохыг мэдэгдлээ, яг л “Дөрөвдүгээр сарын 1-ээн” гэж даажигнах мэт.

Ажлын байрыг хадгалж, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн гэх тодотголтой, 5.1 их наяд төгрөгийн өртөг бүхий багц арга хэмжээг авахдаа ийнхүү Засгийн газар дахиад л иргэдээ ажилладаг салбараар нь ялгаварлав. Түүгээр зогсохгүй хийх гэж буй ажлууд яг яаж 5.1 их наяд төгрөг болсон нь ойлгомжгүй баахан ажил танилцуулсан юм.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хамгийн сүүлд танилцуулсан, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгийг дэмжих хүрээнд хийх өндөр өртөгтэй багц ажлуудаас “Ажлын байрыг хадгалах”, “Иргэдийн амьжиргааг дэмжих” гэсэн хэсгүүдийг задлаад харъя.

 НЭГ. Ажлын байрыг хадгалах
  •  Иргэдийн цалин хөлснөөс ХХОАТ зургаан сарын хугацаанд авахгүй гэсэн заалтад төсвөөс цалин авдаггүй, төрийн өмчийн оролцоотой бус, тендерийн ажил гүйцэтгээгүй ААН-ийн 526 мянган хүнд хамаарах аж. 
  •  НШД-ийг зургаан сарын хугацаанд тэглэж, төрөөс бичилт хийж явах шийдвэр нь мөн л  төсвөөс цалин авдаггүй, төрийн өмчийн оролцоотой бус, тендерийн ажил гүйцэтгээгүй ААН-ийн ажилтнуудад хамаатай аж. 

Өөрөөр хэлбэл, өнөөдөр хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албаныхан гээд төрийн албан хаагчдад ямар нэгэн хөнгөлөлт байхгүй гэсэн үг. 

Хэрэв танай компани тендерээр багахан хэмжээний үнэ бүхий ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн бол энэ дэмжлэгээс мултрах бололтой.

  • COVID-19 халдварын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгоно гэв. Өөрөөр хэлбэл, үзвэр үйлчилгээний газрууд, ресторан, караоке гэх мэт улсын шийдвэрээр хаасан байгууллагуудын ажилчдад энэхүү заалт нь хамааралтай тул цөөхөн хүнийг хамрах бөгөөд гурван сар л үргэлжилнэ. Яг нарийн харахаар чухам ямар хүмүүс энэ дэмжлэгийг хүртэх нь бүрхэг хэвээр. 
  • 1.5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой ААН-ээс ОАТ-ыг зургаан сарын хугацаанд авахгүй. Угаасаа ААН-үүдийн 67 хувьд нь COVID-19 маш их хэмжээгээр нөлөөлсөн бол 22 хувьд нь хүчтэй нөлөөлсөн буюу 89 хувийнх нь үйл ажиллагаа хэдийн доголдчихсон тул татварын орлого хоёр дахин буурахаар байна гэсэн судалгааны дүн гарсныг өнөөдөр МҮХАҮТ танилцуулсан. Угаасаа ашиг орлого хийгээд байгаа компани маш цөөхөн байгаа гэсэн үг.
  • Түрээсийн хэмжээгээ бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод ногдох татварыг чөлөөлнө.
  • Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй татвар болон НДШ-т тооцох алданги, торгуулийг чөлөөлнө.

Энэхүү хоёр заалт угаас ашиг орлогогүй, төлөх татваргүй шахам болсон аж ахуйн нэгжүүдэд тийм ч том дэмжлэг болж чадахгүй.  

  • Барьцаа хөрөнгийн дутагдалтай ААН-ийн 300 хүртэлх сая төгрөгийн зээлд батлан даалт гаргана. 103 тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа гэв.

Гэхдээ энэ нь хөнгөлөлттэй эх үүсвэр биш гэдгийг тодотгоё. 

Нөгөө талаар хэдийн гацаанд орох эрсдэлтэй болчихсон иргэдийн зээл 9 орчим их наяд, аж ахуйн нэгжүүдийн зээл 9 их наяд төгрөг байхад 103 тэрбум төгрөг дэмжлэг мөн үү?

ХОЁР. Иргэдийн амьжиргааг дэмжихэд
  • Хүүхдийн мөнгийг тус бүр 10,000 төгрөгөөр нэмэгдүүлэхэд шаардлагатай 34.2 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэг хаасантай холбоотой хэмнэсэн зардлаар өгнө гэдгийг Сангийн сайд хэлсэн.
  • Шатахууны үнийг Засгийн газар бууруулах угаасаа боломжгүй болсныг бид мэднэ. Дэлхийн зах зээлээ дагадаг болсон тул Засгийн газар авах арга хэмжээндээ оруулсан оруулаагүй дөрөвдүгээр сараас зах зээлийн зарчмаараа шатахууны үнэ 300-400 төгрөг буурахаар байгаа.
  • НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Энэ бол угаас иргэдэд очих ёстой байсан мөнгө.
  • Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг тавдугаар сард олгоно. Тэгэхээр энэ төсөвтэй ямар ч хамааралгүй. 
  • Цахилгааны төлбөрөө төлөөгүй бол таслахгүй, алданги тооцохгүй. Гэсэн ч дараа нь иргэдэд өр болох тул хэзээ нэг өдөр төлж л таарах мөнгө.
  • Хүнсний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, ХАА, дэд бүтэц зэрэг салбарт 14 төсөл хэрэгжүүлэхэд 720 сая ам.доллар зарцуулах бөгөөд төсвийн дэмжлэг 357.1 сая доллар буюу 990 тэрбум төгрөг байна гэв. Эдгээр арга хэмжээ нь төсвийн хөрөнгө оруулалтаас тусдаа гэдгийг Сангийн сайд хэлсэн. Тэгэхээр гэнэт хаанаас, ямар учиртай 14 төсөл гарч ирсэн нь одоогоор тодорхойгүй гэсэн үг. 

Дэлхийн улс орнууд цар тахлын энэ үед эдийн засгаа аврах гэж ямар арга хэмжээнүүд авч байгааг бид тоймлон хүргэсэн. Ингэхдээ улс орнууд хамгийн түрүүнд ажлын байрыг хамгаалах үүднээс бизнесүүдээ дэмжиж, маш бага хүүтэй хямд эх үүсвэрийг хязгааргүй олгож байгаа бол хоёрдугаарт орлого багатай эмзэг өрхүүд рүү чиглэсэн халамжийн бодлогодоо анхаарч байна. ДЭМБ ч үүнд уриалж буй.

Гэтэл Монгол Улсын Засгийн газраас танилцуулсан дээрх арга хэмжээнүүдэд 5.1 их наяд төгрөг зарцуулах хэдий ч сая дурдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнесүүдээ онилсон даацтайхан шийдвэр даанч байсангүй. Коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээ авч эхэлснээс хойш хоёр сарын дараа танилцуулж буй эдийн засгийг дэмжих энэ бодлого нь өргөн хүрээг хамраагүй, өнгөц дэмжсэн төдий л байв. “Жижиг, дунд бизнесийнхнийг яаж дэмжих вэ, бага хүүтэй зээлийн эх үүсвэр гаргахгүй юу” гэсэн ижил утгатай дөрвөн сэтгүүлчийн асуултаас Сангийн сайд “бултаж”, ам нээж, тайлбар хийлгүй өнгөрөөсөн нь ийм учиртай ажээ. 

Хамгийн олон ажлын байрыг бий болгож, эдийн засгийг нуруундаа үүрч явдаг жижиг, дунд үйлдвэрлэгчдийнхээ боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцолгүй хаацайлж үлдсэн Засгийн газар ийнхүү хамгийн хүнд үед нь гар сунгаж, тэднийг дэмжих дорвитой арга хэмжээг хөтөлбөртөө тусгасангүй. 

Хоёрдугаарт, өрхийн орлого нь сард 70,000, жилдээ 800 гаруй мянган төгрөгийн алдагдалтай байдаг бага, дунд орлоготой айлуудыг дэмжих тухай нэг ширхэг үг ч уг багц арга хэмжээд багтаагүй байна. Нэн ядуу өрхүүдийн наад захын хэрэгцээгээ хангахад чиглэсэн алхам хийсэнгүй. Дундаж орлоготой, эдийн засгийн багахан хэмжээний шоконд л  ядуу өрхийн тоо руу гулсаж ороход бэлэн өрхүүдийнхээ цалин орлогыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасангүй. Мөнгөний бодлогод ч орон зай үлдээсэнгүй.

Товчхондоо Сангийн сайд өнөөдрийг хүртэл худлаа ярьж, иргэдийнхээ толгойг эргүүлсээр байна. Тэрбээр ямар олон удаа зөрүүтэй тоонуудыг зоргоороо хэлж, биднээр "хошигносоор" байгааг дараах мэдээллүүдээс нь харъя.

 Хоёрдугаар сарын 19-нд

  • “Сангийн яамнаас хийсэн тооцоогоор одоогоор 202.7 тэрбум төгрөгийн орлого өнгөрсөн оныхоос бага байгаа. Хэрэв энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл 1 их наяд төгрөгийн орлого дутуу орж ирэхээр харагдаж байна”

2020 оны хоёрдугаар сарын 28-нд 

  • “Төсвийн орлого 210-аад тэрбум төгрөгөөр буурсан байдалтай байна”

Гуравдугаар сарын 4-нд 

  • “Төсвийн алдагдлыг урьдчилсан байдлаар 180-190 тэрбум орчим төгрөг гэж тооцож байна”

Гуравдугаар сарын 27-нд 

  • “Монгол Улсын төсөв одоогоор 275 тэрбум төгрөгөөр дутуу ороод байна”

Дөрөвдүгээр сарын 1-нд

  • “Улсын төсвийн орлого төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөгөөр дутуу орж ирсэн” гэв.

Яг ямар хэмжээний алдагдалтай байгааг тодорхой хэлээгүй бөгөөд хамгийн сүүлийн тооноос харахад манай улс 4 хоногийн дотор 177.2 тэрбум төгрөг олсон бололтой.

Засгийн газар 2020 оны төсвөө угаас 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Төсвийн тухай хуулиараа хэрэв төсвийн алдагдалд ДНБ-ий 3%-д хүрвэл төсвийг тодотгох ёстой гэдгийг хуульчилдаг. 2020 оны тухайд манай улс нэг их наяд төгрөгийн алдагдалтай байхаар нөхцөл үүссэнийг Сангийн сайд аль хоёрдугаар сарын 19-нд хэлчихсэн.

Хоёрдугаарт, ДНБ-ий өсөлтөө 5.6 хувь өснө гэж таамаглаж байсан Засгийн газрын төсөөлөл 1%-д бууж ирсэн гэдгийг Лхагва гарагт мэдээлэл хийхдээ хэлсэн Сангийн сайдын үг нотолно. Энэ төсөөллөөр бол ДНБ 35 орчим их наяд төгрөг байх нь, 2020 онд. Үүний 3% ойролцоогоор нэг их наяд төгрөг. Төсвийн зардал улам нэмэгдэх нь тодорхой байгаа ийм нөхцөлд Засгийн газар хуулиараа төсвөө тодотгох нөхцөл хоёрдугаар сард л үүсчихсэн байжээ. Харин Сангийн сайд өнөөдрийг хүртэл “Тодотгохгүй” хэмээн бахархалтайгаар дахин дахин давтсаар.

“Төсвөө тодотгож, хөрөнгө оруулалтын зардлаа тана гэж байгаа нь 1,500 аж ахуйн нэгж, 150,000 ажлын байраа хаа гэж байгаатай адил сонсогдож байна” гэх үгээр Сангийн сайд өөрийгөө өмгөөлсөн. Гэтэл Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 42,000 аж ахуйн нэгж, 700 гаруй мянган ажилтан бий. Тэгвэл аж ахуйн нэгжүүдийн үлдсэн 60 хувь, бусад ажилчдын эрх ашиг яах билээ? Тэднээс гадна ажилгүй, өнөө маргаашийн хоолоо ч залгуулахад хүндрэлтэй иргэдээ яг яаж дэмжиж байна вэ? Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээний өртөг яг яаж 5.1 их наяд төгрөг болоод байна вэ ойлгомжгүй олон асуулт байх шиг. 

Эдийн засгийн өсөлт V хэлбэрээр буюу огцом унасан шигээ хурдан сэргэнэ гэж Ч.Хүрэлбаатар сайд найдсаар байгаа бололтой. Харин олон улсын судалгааны байгууллагууд, эдийн засагчид үүнийг хэт өөдрөг төсөөлөл гэдгийг тайлбарласаар байгаа билээ.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/255087808987836/