Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхболд: 2008-2014 онд 6.4 сая тонн нүүрсийг Хятадын талд илүү экспортолсон мэт дүр зураг байдаг

Р.Оюун
2022 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2016-2020 оны парламентад Өмнөговь аймгаас сонгогдон УИХ-ын гишүүнээр ажилласан Л.Энхболд 2018 онд хамгийн анх өнөөдрийн нүүрсний хулгайг шүгэл үлээсэн хүн юм. 

Тэрбээр Пүрэв гарагийн орой сэтгүүлч Ж.Баттуулын “ТВ8” телевизээр хөтлөн явуулдаг “УУЛЗАХ ЦЭГ” нэвтрүүлгийн зочноор оролцож, 2010 оноос эхлэлтэй нүүрсний хулгайн асуудлаар ноцтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн гол мэдээллүүдийг хүргэж байна. 



зураг
 
  • 2018 онд анх энэ асуудлыг гаргаж тавьж байхад маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан. Өөрийн намын бүлэг дээрээ ч ад үзэгдсэн. Нүүрсний ийм хулгай болж байна гэдгийг АН-ын гишүүдэд ч тайлбарлаж байсан. Тэр үед нүүрсний хулгайтай холбогдсон нөхөд хэвлэл мэдээллийнхэнд мөнгө өгч, миний эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэн доромжлох ажиллагаа явуулсан. Тэр үед ганцаараа байсан. Өнөөдөр гурван саяулаа болж байна. Тухайн цаг үед энэ асуудлыг шийдээгүй тул өнөөдөр залуус бухимдаж, эсэргүүцэж энэ асуудал гарч ирж байна. 
  • 379,000 тонн нүүрс 2010-2011 онд хулгайлагдсан асуудлыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Давхар хяналтын хэлтсийн байцаагч нар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн нийлж байж тогтоосон байдаг. Энэ нь 3,758 машиныг гаалиар "Хоосон" гэж бүртгээд гаргасан асуудал байсан. 
  • 2010-2011 оныг онцлоод харвал 2010 онд "Эрдэнэс Тавантолгой" компани(ЭТТ) дөнгөж сууриа тавьж, кэмпээ байгуулаад, үйл ажиллагаагаа эхлэх гэж байсан. 2011 онд дөнгөж хөрс хуулалтын ажлаа эхлүүлж, экспорт хийж амжаагүй байсан. "Энержи ресурс" дөнгөж ажлаа эхэлж байсан. Орон нутгийн "Тавантолгой" нэлээд олон жил болсон байсан. Тиймээс 379,000 тонн нүүрс орон нутгийн "Тавантолгой"-оос алдагдсан гэдгийг хууль хяналтынхан тогтоосон байдаг.
  • Тухайн үед орон нутгийн "Тавантолгой"-оос "Тавантолгой Транс" гэж компани 379,000 тонн нүүрсний хэргээр шалгагдсан байдаг. Энэ бол маш тодорхой хэрэг. 3,758 машины жолооч нь тодорхой, дугаар нь тодорхой. Тухайн үед Монгол Улсад хоосон гэж бүртгэгдэж орж ирсэн машинууд 379,000 тонн нүүрс ачиж орж ирсэн байна гэдэг мэдээллийг Хятадаас өгсөн байсан. "Тавантолгой Транс" гэж компани гаргасан нь тодорхой. Компанийг хэн эзэмшдэг нь тодорхой. 20 гаруй хувийг Завхан аймгийн харьяат, алдарт уяач Д.Дагвадорж гэж хүн, үлдсэн 70 гаруй хувийг одоогийн УИХ-ын гишүүн, "Ажнай"-н гэдэг Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг компани. Энэ тухай би 2016 онд УИХ-ын гишүүн болоод 2017 онд Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас асуухад "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаагдсан" гэж хариулж байсан.
зураг
 

Энэ үеэр сэтгүүлч Ж.Баттуул тухайн үеийн Байнгын хорооны бичлэгийг үзүүлэхэд ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Яах аргагүй ноцтой асуудал үүссэн байдаг. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг асуудлаар хэргийг сэргээх боломжгүй болсон. Машинуудыг хоосноор бүртгээд цааш нь гаргасан, татвараас зайлсхийсэн, нэлээд их хэмжээний татвартай асуудал байгаа юм" гэсэн хариулт өгөв.

  • Хилийн Цэргийн ерөнхий газрын мэдээллээр Ажлын хэсэгт орсон дүгнэлтээр 2013-2017 оны хоорондхыг шалгаж үзсэн байдаг. Ингэхэд Монгол Улсын хилээр нийт 849,000 машин гарсан гэсэн бүртгэлтэй байдаг. Харин ГЕГ-т 815,000 машин ямар нэгэн хэмжээний ачаа бараатай гарсан гэсэн бүртгэлтэй байдаг. Энэ зөрүүг харахаар 34,000 машин гарч ирж байна. Үүнийг 3,758 машин шиг "Хоосон" гэж бүртгэсэн бол ямар хэмжээний нүүрс алдагдсан байх вэ гэдэг нь тодорхой болно. Хэрэв 100 тонноор үржүүлбэл 3.4 сая тонн нүүрсийг 2013-2017 онд хоосон гэж гаргасан байх магадлалтай болж байгаа юм.
  • Энэ асуудлын араас явж, хил, гаалиар "Хоосон" гэж хэдий хэмжээний машин гардгийг би судалж үзэж байсан. Хэрэв цоо шинэ машин бол жилдээ нэг удаа хилээр хоосон гарч бүртгүүлээд цаашдаа тээврээ хийгээд явах боломжтой. Тухайн тээврийн хэрэгсэл хүнд гэмтэл аваад засвар хийх шаардлагатай гэж үзсэн бол жилд нэг удаа орж засвар хийлгэдэг. Ингээд Хятадын хилээр жилд 1-2 удаа л гарах боломжтой. Тэгэхэд тухайн цаг үеийн Хилийн цэргийн ерөнхий газрын мэдээлснээр нэг машин 17-оос дээш давтамжтайгаар "Хоосон" гээд гарчихсан байдаг. Энэ л асуудал дагуулж байгаа. 
  • 2018 онд би хэвлэлийн бага хурал зарлаж байхдаа бодит байдлуудыг хэлсэн. Маш их эсэргүүцэлтэй тулж, над руу янз бүрийн хүмүүс хандаж байсан. Тиймээс би олон түмэнд гараад нэг л зүйлийг хэлсэн. "Энэ бол хэн нэгэн байцаагч, хэн нэгэн жолооч, хэн нэгэн уурхайн ажилчны, хилийн цэргийн ажилчны хийдэг ажил биш байна. Энэ бол мафийн зохион байгуулалтад орсон том бүлэглэлийн ажил. Тэр тусмаа нам дамжсан том бүлэглэл байна" гэж зарлаж байсан. Үүнийг хэн нэгэн ганц хүн үйлдэх боломжгүй гэдгийг хэлмээр байна. 

Нэвтрүүлгийн үеэр Л.Энхболд Тавантолгойн бүлэг ордын сансрын зургийг харуулж, нүүрсний хулгай хэзээ хийгдсэнийг баталгаажуулан тайлбарлав.

2010 оны сансрын зураг:

зураг
 

Энэ үед ЭТТ дөнгөж үйл ажиллагаа эхлүүлж байсан ба нүүрсний овоолго бүхий талбай маш байсныг тайлбарлав.

2011 оны сансрын зураг:

зураг
 

Түүний балаар зааж байгаа хэсэг нь Тавантолгой Транс"-ын хулгайгаар гаргасан нүүрс болохыг тайлбарлав.

2010 болон 2011 оныг харьцуулахад орон нутгийн Тавантолгойн лицензэд багтдаг Наймдугаар ам нэлээд үйл ажиллагаа явуулж, овоолго бүхий талбай ихээр томорсон ба тод харагдаж байгаа хар толбыг масштабаар томруулбал хулгайлагдсан нүүрсийг тус хэсэгт буулгасан болохыг тэрбээр тайлбарлалаа.

  • Бүдэг саарал зураас бол засмал замгүй байсан тухайн үед Ганцмодны боомт руу тээвэр хийдэг байсан зам. Яг тэр замын дэргэд "Тавантолгой Транс" овоолго үүсгэсэн байгаа юм. Одоо талбай дээр нь очоод үзвэл хөрс нь харласан, бараг уурхайтай дүйцэхүйц харагдаж байгаа юм.  Тод хараар харагдаж байгаа тул нүүрсэн овоолго байсан гэсэн үг. Үүнтэй хэн ч маргаж чадахгүй.
  • Орон нутгийн "Тавантолгой"-г намайг төрд өгүүлэх гээд байгаа мэт юм явуулаад байгаа. Өмнөговь аймгийн 73,000 иргэн 51 хувийг өмчилдөг. Энэ өмчөөс тань хэсэг бүлэг хүн 379,000 тонн буюу өнөөдрийн ханшаар 100 ам.доллар гэхэд 37 сая ам.доллар, 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг авсан байна. Өмнөговийн иргэд шүүхэд нэхэмжлэх гаргаад хандах боломжтой. 
  • Энэ баримтыг би яаж олж авсан гэхээр, анх 268.3 мянган тонн нүүрсний асуудлыг хөндөөд, олон нийтэд гаргаж тавьж байх явцад шоронгоос надтай хүн холбогдох гээд ахаараа дамжуулж хандсан, нуугаад яахав. Тэр нь ГЕГ-ын Давхар хяналтын газрын байцаагч байсан Мөнхчулуун гэдэг хүн байсан юм билээ. Тэр хүн нүүрсний холбоотой асуудлыг сөхөж тавьснаас болж гэмт хэрэгт холбогдсон ба 2018 оны долдугаар сард гарах юм гээд ахаараа дамжуулж холбогдох материалыг өгье гэсэн. Ингээд 379,000 тонн нүүрстэй холбоотой зузаан материалыг өгч байсан. Энэ том асуудлыг гаргаж тавьсан хүн шоронд ордог юм байна гэдгийг би эндээс олж харсан.
зураг
 
  • 268.3 мянган тонн нүүрсийг анх гаргаж тавих үндэслэл нь Мэргэжлийн хяналтын газраас анх материал өгсөн. Орон нутгийн "Тавантолгой" нь ЭТТ-н лицензтэй талбай руу давж олборлосон нүүрсийг хоёр компанийн маркшейдерийн хэмжилтээр 268.3 мянган тонн байна гэж үзсэн явдал. Үүнийг үндэслээд хоёр компанийн захирал буюу тухайн үеийн ЭТТ-н захирал Д.Ариунболд, орон нутгийн "Тавантолгой"-н захирал Р.Сэддорж нар хамтын ажиллагааны гэрээ гэж байгуулаад нүүрсийг нь нүүрсээр нь төлөхөөр болсон байсан.
  • Хэрэв гэрээ байгуулаад 268.3 мянган тонн нүүрсний асуудлыг "Тавантолгой" хүлээн зөвшөөрсөн бол тэрийг хаанаа хадгалж байгаа вэ гэдэг асуудал гарсан. Мэдээж тодорхой хэмжээний овоолго үүссэн байх ёстой шүү дээ. Энэ асуудал үүсээд, би ганцаардсан. Ингээд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга болон миний бие гээд 5-6 гишүүн УИХ дээр авлигын эсрэг лобби бүлэг байгуулсан. Нүүрсний асуудлуудыг тавьсаар байгаад би өөрөө ахлан лобби бүлгийг орон нутгийн "Тавантолгой"-д газар дээр нь очиж үзье, уурхайн онцлогтой танилц, нүүрсний хулгай гэж яриад байгаа асуудал нь ямар өөрчлөлт бүтцүүд явагдсан гэдгийг үзүүлэхээр очсон. 
  • АБГБХ-ны дарга Б.Энх-Амгалан тухайн үеийн "Тавантолгой"-н захирал Р.Сэддоржоос "263.8 мянган тонн нүүрсийг та нар хүлээн зөвшөөрчээ. Тэр нүүрс чинь хаана байна" гэж асуухад "Шатчихсан, шатаад алга болчихсон" гэж хэлээд уурыг нь хүргэж байсан. Би уул уурхайн бүс нутгийн гишүүн, тэр хавиар их судалгаа хийж байсан болохоор дотоод шаталт явагддаг. Гэлээ гэхэд цэвэр коксжсон, чанартай нүүрс шатаад тийм их асуудал үүссэн тухай сонсогдоогүй. Овоолго бол байгаагүй.
  • Энэ бол Засгийн газрын Ажлын хэсэг өөрөө явж шалгаж байсан үе. Тухайн үеийн Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Ажлын хэсэг маш сайн, шударга ажилласан гэж би дүгнэдэг. Татвараас байгуулсан ажлын хэсэг дүгнэлтээ өгөхдөө 340,000 буюу миний анх гаргаж ирж байсан 268.3 мянгаас гадна 72,000 тонн нүүрсний төлбөр ЭТТ, "Тавантолгой"-н санхүүд алинд нь ч ороогүй болохыг гаргаж ирсэн. Энэ өөрөө ноцтой асуудал. 
  • Хэн нэгэн төлбөрөө хийхгүйгээр аваад явсан юмыг хулгай гэж хэлж байгаа юм. Тэгээд би үүнийг дахин хэвлэлийн хурал зарлаж "Нүүрсний хулгай байна" гэж хэлсэн.  
  • Энэ талаар одоо "Тавантолгой", тухайн үеийн удирдлагууд нь ч, улс төр хийж байгаа хүмүүс ч "Энэ бол хоёр компанийн дотоод асуудал байна" гэж ярьж, тайлбарлаад байгаа. Гэтэл Татвараас  шалгаад мөнгө нь хаашаа ч ороогүй байна гэчихсэн. 20 машины асуудал биш 3,400 машины асуудал. Аль нэг нь тооцоо төлбөр хийхгүйгээр ийм хэмжээний нүүрс гараад явсан байна. 
  • Ажлын хэсэг яг үүнтэй холбоотой 7 асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгээд хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байдаг. Тэгэхээр 340,000 тонн нүүрсний асуудал хууль хяналт руу шилжлээ гэдэг нь хэн ч аваагүй учраас гэмт хэрэг байна гэдгийг Засгийн газар тодорхойлоод, баталгаажуулж өгөөч гээд хууль хяналтын байгууллагад хандсан гэсэн үг. Гэтэл хууль хяналтын байгууллага өнөөдөр хулгайлсан эсэх, хэн хулгайлсныг, мөнгө нь хаашаа орсныг тогтоогоогүй байна.
  • Энэ хохирлыг "Тавантолгой" төлөх ёсгүй. Хулгайч төлөх ёстой. Асуудал нь тэр. Хэн нь гэдгийг хууль хяналтын байгууллага одоо болтол тогтоож чадахгүй таван жил явж байна. Хэрэв "Тавантолгой" төлөх ёстой бол тэр 340,000 тонн нүүрсний мөнгийг аваад зарцуулсан байх ёстой. Ядаж санхүүгийн нэг бичиг баримт гаргаж ирээд, ийм ангиллын нүүрсний төлбөр ийм хэмжээгээр орж ирсэн гэж баримт нь гарч ирвэл хамаагүй, хариуцлагаа хүлээх ёстой. Тэгэхгүйгээр орон нутгийн "Тавантолгой"-оор дамжиж хэн нэгэн эрх мэдэлтэй хүмүүс энэ 340,000 тонныг аваад явчхаж гэж хэлээд байгаа юм. Авсан хулгайч нь "Тавантолгой" биш гэдгийг Монгол Улсын төрийн захиргааны байгууллага болон Татварын ерөнхий газар нь баталчихсан. 
  • 2018 онд Засгийн газар төрийн байгууллагуудын оролцсон бүх дүгнэлтийг хэлэлцээд тодорхой асуудлууд дээр тэмдэглэл үйлдээд ХЗДХ-ийн сайдад даалгаад, хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай гээд 7-8 зүйл дээр тэмдэглэл гаргасан байдаг. Энэ хүрээнд ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгасан байдаг. Шалгаад Эрүүгийн хэргээ үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгээд прокурор руу өгөх гэхээр харьяаллыг нь АТГ руу шилжүүлчихдэг. Албан тушаалын гэмт хэрэг байна гээд харьяаллыг нь өөрчлөөд байдаг. Энэ үед миний бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэр хооронд би Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайдаас бүгдэд нь албан тоот явуулж энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа тухай мэдээллийг авч байсан. Өнөөдрийн Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Р.Сэддоржтой холбоотой 4-5 эрүүгийн хэрэг үүсгэгдсэн байсан. Тэр хэрэг яасныг мэдэхгүй. Мөн Засгийн газрын тэмдэглэсэн хэрэг хаашаа яаж явсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна гэсэн үг.
зураг
 

Энэ бол маргахын аргагүй баримт бичиг гэдгийг тэрбээр хэлсэн. 

2013-2017 онд Засгийн газар шалгаад 340,000 тонн нүүрсний асуудлыг гаргаад ирсэн бол үүний дараа 2017.05.22-ноос зургаадугаар сарын 26-ны хооронд нэг сарын хугацаанд орон нутгийн "Тавантолгой" цахим сайт дээр хамтран ажилладаг компаниуддаа хандан "Сарын хугацаанд бид үйл ажиллагаагаа зогсоолоо" гэдэг зарлал тавиад энэ хооронд 220,000 тонн нүүрсийг тээвэрлээд явсан асуудал байгаа. Энэ бол их ноцтой асуудал гэж боддог.
зураг
 
  • Сарын хугацаанд зогсоогоод 18:00-06:00 цагийн хооронд 2,200 орчим машинаар нүүрс тээвэрлэсэн байдаг. Тэр нь Хуалин Тэнжин гэдэг билүү Хятадын компани байдаг. Тэднийх авч явахдаа яагаад сар үйл ажиллагааг нь зогсоогоод, яагаад оройн 6 цагаас өглөө хүртэл тээвэрлэдэг юм бэ. Энэ бол бага хэмжээ биш. Өнөөдөр алдартай мөргөцөг гэж яриад байдаг, хоёр уурхайн голд байдаг, хамгийн өндөр коксжилттой нүүрс сарын хугацаанд алга болсон. Энэ тухай яаж би нүүр бардам ярьдаг гэвэл, яаралтай Гашуунсухайтын автозамд бичиг өгье гээд 2017 оны тавдугаар сараас долдугаар сарын хооронд ачаатай гарсан бүх машины жагсаалтыг авсан. Тэгээд хартал сар зогссон компаниас 2,200 машин ачаатай гараад явсан байдаг. Гашуунсухайт дээр орон нутгийн "Тавантолгой"-оос өдөр бүр ачаатай тээвэр явсан нь бүртгэгдсэн байсан
  • Яагаад ажилчдаа сар амрааж байгаа юм. Тэр мөнгө компанийн дансанд орсон байдаг эсэхийг хууль хяналтынхан олж тогтоо гэж хэлмээр байгаа юм. Тэрийгээ өөрсдөө нотлох байх. Намайг гүтгэсэн гэвэл би нотлох бүрэн боломжтой. Гэрчтэй. Би эргэлзэх юмгүйгээр хэлж байна. 
  • Нэгэнт нийгэм үүнийг шаардаж байгаа, Засгийн газар ажиллаж байгаа учраас нүүрсний хулгай гэдэг рүү углуургаар нь ороосой гэж бодож байна. Аливаа өвчнийг бид дээрээс нь илээд байхаар дотор нь идээ бээр нь буглана биз дээ. Хаа байсан Гашуунсухайт дээр болж байгаа тээврийн асуудал руу анхаарлаа хандуулаад, ачаа тээврийн компаниуд тээврийн зардлаа нэмээд ашиг олж байгаа дээр фокуслаад асуудал тийшээ явчихвал өвчнөө олж оношилж чадахгүй, хэдэн таван төгрөг олдог жолооч нар руу, эсвэл хэдэн гаалийн байцаагч руу явчих вий гэж эмээж байна
  • Миний толгойд бол Засгийн газраас зарласан нэрс орж ирэхгүй байна. Арай өөр дүр зураг харагдаж байгаа. Арай дээд түвшний зураг харагдах учиртай
  • Юу тодорхой вэ гэвэл орон нутгийн "Тавантолгой" энэ хулгайг хийдэггүй юм байна, хэн нэгэн хулгайчийн бүлэглэл хулгайлдаг юм байна гэдэг нь тодорхой. Тэр бүлэглэлийг хэн удирдаад, зохион байгуулаад байна вэ гэдгийг л сайн шалгаж гаргах ёстой
  • Яагаад 379,000 тонн нүүрсний хулгайн асуудлыг шийдээгүй юм. Тэрийг шийдээгүйгээс болоод энэ өөрөө төгөлдөршиж байгаа юм.
  • 2010-2011 онд Өмнөговь аймагт АН эрх барьж байсан. "Тавантолгой"-н ТУЗ-ийн даргаар өнөөдрийн УИХ-ын гишүүн, "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ байсан. Ер нь 2008-2016 он хүртэл АН аймагт эрх барьсан. 2016 оноос МАН ажилласан. Одоо АН засаглаж байгаа. 2017 оны тавдугаар сард "Тавантолгой"-н уурхайн даргаар өнөөдрийн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж байсан шүү дээ. Энэ хүн олон нийтэд гарч зарлаасай, эсвэл намайг мэтгэлцээнд дуудаасай. Энэ бол маш сайн мэдэх ёстой хүн.  
  • Өнөөдөр шударга нийгмийг хүсэж мянга мянган залуус тэмцэж байна. Энэ бол зөв. Гэхдээ дунд нь орж үймүүлж байгаа, эсвэл хулгайтай тэмцэж байгаа Засгийн газраа огцруулах зүйл рүү явуулж байгаа энэ бол мэдээж нөгөө хамаарал бүхий нөхөд ийм юм л хийнэ шүү дээ. 
  • Нүүрстэй холбоотой материалууд цуглуулж байхад гарын үсэггүй, маркшейдерийн хэмжилт ирсэн. Хоёр талын инженерүүд хэмжилтээ бол хийж байсан. Гэхдээ түүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Энэ нь өөрөө 4.1 сая тонн нүүрсний хэмжилт байдаг. Орон нутгийн "Тавантолгой" ЭТТ-н лицензийн талбайгаас дахиад давж олборлосон гэдэг материал байхгүй юу. Энэ 4.1 сая тонн нүүрс дотор нөгөө 268.3 мянган тонн орж ирж байгаа. Ахиад цаана нь 3.8 сая тонн нүүрсний асуудал гараад ирж байгаа биз? Тэр үед хэвлэлээр гаргах гэхээр маркшейдерүүд нь зориг хүрж гарын үсгээ зураагүй. Энэ баталгаажвал олон нийтэд гаргаж тавина гэж илэрхийлж байсан. Өнөөдрийн өнцгөөс харахаар энэ тухай УИХ-ын зарим гишүүн ч ярьж байна, намын бүлгүүд ч ярьж байна.  
  • Би "Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаар жил гаруй хугацаанд ажилласан. Энэ хугацаандаа уул уурхайн бүтээгдэхүүнийг гадагшаа гаргаад байгаа нь ямар харьцаатай явдгийг судалж үзсэн. Ингээд судлаад явж байхад 2008-2014 оныход 6.4 сая тонн нүүрсийг Хятадын талд илүү экспортолсон дүр зураг байдаг. Монголын талынх дутуу экспортолсон гэсэн үг. Хятадын тал хэзээ ч манайхаас импортолсноос илүү бүртгэнэ гэж байхгүй

ВИДЕО:

https://fb.watch/hiLgKQKzP5/

 

Энэхүү мэдээллийг "ТВ8" телевизийн зөвшөөрөлтэйгөөр хүргэв.