Зураг
Зураг
Индэр    
2023 оны 11 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Ж.Дэлгэрсайхан: Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн эрхээс гадна нийтийн санхүүгийн өмнө хүлээх үүргийг нь илүү тодорхой болгох ёстой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед төсвийн бодлогын талаарх зарим асуудлаар СЭЗИС-ийн багш, дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. Тэрбээр төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа субъект нь УИХ өөрөө болохыг онцолсон бөгөөд ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээгээр тодорхойлогддог эдийн засагт төрийн оролцоо Монголд маш өндөр байгааг шүүмжилсэн юм.



-Засгийн газраас 2024 оны улсын төсвийг өргөн барихдаа өмнөх жилүүдийн адилаар хагас жилийн өмнө баталсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулиа зөрчин, төсөөллүүдээ өөрчлөн оруулж ирсэн. Хууль зөрчих нь хэвийн мэт болсон энэ байдлын талаар та юу гэж бодож байна вэ?

-Монгол Улсын Төсвийн тогтвортой байдал, түүнийг хэрэгжүүлэх механизм алдагдаад байгаа тухай та асуулаа. 2010 онд төсвийн эрх зүйн шинэчлэлийг хийхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд олон улсын хэллэгээр дөрвөн гол дүрэм буюу төсвийн тусгай шаардлагыг баталсан. Энэ бол төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх үндсэн механизм нь дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл хэмээх хууль болон батлагддаг гол бодлогын баримт бичиг. Тэгвэл энэ баримт бичиг өөрчлөгдөх, мөн тэр дотор байгаа төсвийн тусгай шаардлагууд өөрчлөгдөх асуудал төсвийн тусгай шаардлагууд үйлчлэх болсон 2014 оноос л алдагдаж эхэлсэн. Төсвийн тусгай шаардлагуудыг нь хуулийн хүрээнд шууд өөрчилж, төсвийн тусгай шаардлагуудыг өөрчлөхгүй байх тэр хязгаарлалтыг нь хуулиас авч хаясан. Ингэснээрээ төсвийн тусгай шаардлага, төсвийн хүрээний мэдэгдэл байнга өөрчлөгдөж байх эрх зүйн орон зайг нь тухайн үед нээгээд өгчихсөн гэсэн үг. Тэр нь одоо хүртэл үргэлжилсээр, хавар Хөгжлийн төлөвлөгөө, өмнө нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэйгээ уялдуулан баталдаг Төсвийн хүрээний мэдэгдлээ намар болгон өөрчилчихдөг болов. Ингэж байнга өөрчилдөг механизмаар явах нь буруу. Хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаа нь хаана байгаа юм, хэрэв өөрчилж байгаа бол хавар батлагдсан хөгжлийн төлөвлөгөө тэрийг дагаж өөрчлөгдөх ёстой биш үү гэх мэт олон асуулт гарч ирнэ. Эндээс үүдээд хамгийн том хохирол бол төсвийн тогтвортой байдал алдагдаж, төсвийн алдагдал, төсвийн тэлэлт нэмэгдэх, үүгээр дамжаад Монгол Улсын өр нэмэгдэх зэрэг олон сөрөг талтай.

Үүнийг багасгах гол боломжтой субъект бол УИХ. Учир нь төсөв өөрөө хууль болон батлагддаг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл төсвийн төсөөлөл бас хууль болон батлагддаг гол бодлогын баримт бичиг. Тийм учраас УИХ үүн дээр өнөөдрийн барьж байгаа Хяналт шалгалтын тухай хуулийнхаа дагуу, Үндсэн хуулийнхаа дагуу, Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг алдагдуулсан тухайд Үндэсний аюулгүй байдал, хөгжлийн төлөвлөгөөнд нийцтэй байдлын түвшинд хянаж байгаад “Үүнийг бид өөрчлөхгүй...” гэх эрх нь УИХ-д байгаа. Хууль болон батлагддаг учраас энэ өөрчлөлтүүдийг УИХ хийгээд байна гэсэн үг. Энэ бол сөрөг үзэгдэл. Үүнийг бид цаашдаа байхгүй болгохгүй бол Төсвийн тогтвортой байдлыг яриад ч хэрэггүй юм байна гэж харж байгаа.

-УИХ төсвийн тогтвортой байдлыг хангах гол субъект гэдгийг та онцоллоо. Гэтэл одоо хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн төсөвт хандаж байгаа байдал нь нөгөө л тойргоо ярьсан хэвээр байна. Энэ нь нэг талаар УИХ-ын гишүүд нийтийн эрх ашгийг хамгаалахаар сонгогдсон хуулиа зөрчиж байна гэж үзэх үндэслэл байж болох уу?

-Ерөөсөө Үндсэн хууль зөрчсөн хоёр төрлийн асуудал УИХ-д байна.

Төсөв боловсруулах явцад УИХ-ын гишүүд өөрийнхөө тойрог руу хөрөнгө татах, тэрийгээ ил тод зарлах байдал хэвийн үзэгдэл боллоо. Тойргийн төсвөө УИХ дээр ярих ёстой гэдэг энэ байдал Монголд хэвийн үзэгдэл болчхоод байгаа. Хэрэв эрх зүйт төр байсан бол энэ бол УИХ-ын гишүүн эргэн татагдах үндэслэл мөн гэж би бодож байгаа. УИХ-ын гишүүн бол бидний хуульчлан зааснаар нийт иргэн, ард түмний төлөөлөл. Нэг тойргийн тухай асуудлыг явцууруулж ярих нь тухайн гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хөсөрдүүлж байна гэсэн үг. Ийм зүйлийг бид байлгах ёсгүй. Харамсалтай нь энэ нь бараг хэвийн үзэгдэл болж.

Тийм учраас УИХ дээр өөрийн тойрог, өөрийн яам, харьяа агентлаг руугаа төсөв тавиулах тухай ярьсан хүмүүсийг иргэд бид нийтээрээ буруу гэж харж, энэ үйлдлийг нь шүүмжилдэг байх ёстой. Тэгж байж УИХ дээр төсвийн талаар бидний хүсээд байгаа хэлэлцүүлэг өрнөнө.

Та бүхэн харж байгаа төсвийн хэлэлцүүлэг дээр төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийнхөө төсвийг хамгаалж, манай яаманд гуйгаад байхад хуваарилсангүй, манай тойрог л гэж яриад байгаагаас биш Монгол Улсын төсөв тэлэх нь өнөөдрийн энэ эрсдэлтэй нөхцөлд нийцэж байгаа юу, эндээс үүсэх эрсдэл, хохирол нь юу юм, өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй юм уу, энэ нь ҮАБ, хөгжлийн төлөв, алсын хараатай нийцэхгүй байна гэж нэг ч гишүүний амнаас үг унахгүй, ингэж хэлж байгаа гишүүн алга.

Тэгэхээр дээр ярьсанчлан төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах суурь нөхцөлийг 2014 онд УИХ хийсэн. Цаашдаа байнга алдагдаад явах энэ нөхцөлийг ч хуульчлан баталж өгч байгаа нь УИХ тул парламентаа чадавхжуулах тухай асуудал чухал байна. Үүний гол шалтгаан нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Сонгуулийн жижигсгэсэн тойрогтойгоос үүдээд тэр тойргийн хүрээний хүмүүс Монгол Улсын Их Хуралд сонгогддог, тойрогтоо л үнэнч байвал сонгогддог, улсын мөнгөөр “Тойргоо усална” гэж өөрсдөө ярьдаг, иргэдийг хахуульдаж эрх мэдлээ удаан хадгалахыг зорьдог энэ сөрөг нөхцөл байдал байсаар байна. Хэдийгээр сонгуулийн тогтолцоо холимог маягийн болсон боловч энэ байдал байсаар байх болов уу.

Тийм учраас энэ байдлыг хязгаарласан эрх зүйн томоохон орчныг бий болгох ёстой.

Олон улсад үүнийг хязгаарладаг үндсэн жишиг бол нийтийн санхүүгийн асуудлыг Үндсэн хуулиар хуульчилдаг. Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн эрхээс гадна үүргийг нь, тэр дундаа нийтийн санхүүгийн өмнө хүлээх үүргийг нь илүү тодорхой болгох ёстой. Ийм арга зам ашиглах л үлдээд байна.

-Төсөв үр дүнгүй, иргэдийн амьдралд бодитой үр ашгаа өгөхгүй байгаа. Ер нь үр дүнгүй байх олон хүчин зүйл байна. Та бол үр дүнгүй болгож байгаа гол хүчин зүйлийг улс төрийн тогтолцоо ба УИХ өөрөө гэж үзэж байна, тийм үү?

-Ер нь төсөв дээр тодорхой яам ч юм уу, төсвийн бодлогын хүрээнд төсөв оруулж ирж олны өмнө нүүрээ улалзуулж байгаа Сангийн яамны мэргэжилтэн, Сангийн яамыг буруутгамааргүй байгаа юм. Үүний ард, төсвийн ард гол буруутан нь улс төрийн нөхцөл байдал, улс төрийн шийдэл.

Та бүхэн харж байгаа байх. Төсвийн энэ тэлэлт, Монгол Улсын бүхий л асуудлыг хаана, ямар хуульд заагдсан нь мэдэгдэхгүй "Намын бүлэг" гэх тодорхойгүй субъект шийддэг боллоо. Монгол Улсын хэн нь сайд болох, хэн нь сайдаас огцрох, улсын төсөв тэлэх эсэх бүх асуудлыг шийдчихээд "Намын бүлэг ингэж шийдлээ" гэдэг үг сүүлийн үед Монгол Улсын төрийн бодлогын гол мессэж болж хувирч байна шүү дээ. Төсөв үр дүнгүй гэж бүхэлд нь хараахан хэлэхгүй, мэдээж энэ их хэмжээний мөнгө Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлын эерэг, сөрөг бүх зүйлийг л тодорхойлж байгаа. Үр дүн нь хангалттай түвшинд биш байна. Энэ олон жил, энэ их алдагдлыг бий болгоод зөвхөн хямралын эсрэг сөрөн зогссон гэдэг бол өрөөсгөл ойлголт.

Төсвийн энэ их алдагдал, тэлэлтийн ард Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, боловсролын чанар, эрүүл мэндийн чанар, нийгмийн өмнө тулгамдсан утаа, түгжрэл гэсэн гол бэрхшээлүүд яагаад шийдэгдсэнгүй вэ гэдэг нь үр дүн багатай байгааг илэрхийлээд байна. Иргэд ядуу байна гэдэг Монгол Улсын төрийн бодлого тийм хангалттай биш байна гэдгийг харуулж байгаа юм.

Үүнийг засахын тулд Улс төрийн намуудын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, дээр ярьсанчлан төсвийн институтийг сайжруулах замаар төсөв дэх улс төрийн нөлөөллийг бууруулах механизмыг хийж байж өөрчлөлт гарна. Ер нь гол буруутан нь улс төр өөрөө л гэж харж байна.

-Эдийн засаг дахь төрийн нөлөөлөл, оролцоо Монгол Улсад хэр байна гэж та харж байна вэ?

-Бид 2019 онд Монголын төсөв дэх улс төрийн нөлөөлөл хэмээх судалгаа хийсэн. Жагсаал цуглаанаас эхлээд улс төрийн эрх барих, сөрөг хүчин доторх үйл явц, УИХ-ын гишүүдийн хийж байгаа мэдэгдэл, үйлдэл гэх мэт олон талаас нь судалж үзсэн. Үүнийхээ үр дүнд бид Монгол Улсын төсөв дэх улс төрийн нөлөөлөл, улс төрийн нам, бүлэглэл, хувь улстөрчийн нөлөөлөл хэмээх зүйл асар өндөр байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

зураг
 
Эх сурвалж: СЭЗИС

Эдийн засаг дахь төрийн оролцооны хувь нь ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээгээр тодорхойлогддог нийтлэг хэмжүүр юм. Энэ хэмжээ Монгол Улсад 2003 оны үед 25 орчим хувь байсан нь өөрчлөгдөөд одоогийн байдлаар 45 орчим хувь болоод байна.

Үүний гол нөлөөлөл нь Монгол Улсын төсвийг боловсруулах, батлагдах явцад илэрч буй. Ерөнхийдөө тойрогтоо төсвөө авсан бол Монгол Улсын төсөв батлагдаад дуусангуут санаа нь амарцгаадаг. Зүй нь, төсөв гэдэг бодлогыг нь тодорхойлоод, хуульчлан баталж өгөөд, төсвийн хэрэгжилт, үр дүн нь ямар байгаа вэ гэдэг дээр хяналт тавих нь эрх баригч байгууллагын төсөв дээр гүйцэтгэх гол үүрэг л дээ. Хоёрт, төсөв боловсруулан батлах явцад л УИХ-ын гишүүд онцгойлон анхаарахаас биш төсвийн гүйцэтгэлийг батлах, төсвийн хэрэгжилт, түүний чанар, аудитын дүгнэлтүүдийн хэрэгжилт ямар байгаа вэ гэдэг дээр онцгой анхаарал хандуулдаггүй. Энэ нь төсвийн хүрээнд төсвийн гүйцэтгэл батлах явцад оролцож байгаа гишүүдийн идэвх, хэлж байгаа үг, ирцийн байдал, төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхэд хандаж байгаа оролцооноос ил тод харагдана. Тэгэхээр Монголын эрх барих дээд байгууллагын үндсэн үүргийг сайжруулах, хуулиа дээдлэх ёстой парламентын чадавхыг сайжруулж, парламентаа бататгах ёстой болж байгаа юм.

УИХ өөрөө хуулиа өөрчилж, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа талаар дээр ярьсан. УИХ уг нь хуулийг сахин хамгаална, биелүүлж хамгаална, хэрэгжүүлж хамгаалах учиртай. Сахин хамгаална гэдэг нь тэр хуулийг өөрчлөхгүй, зөв хэсгийн дархлааг нь хадгалах ёстой. Дээдлэн хэрэгжүүлж, хэрэгжилтийг нь хамгаалах ёстой. Энэ үүргээ л хэрэгжүүлэх тал дээр УИХ илүү чадавхжих ёстой. Төсвийн байнгын хороо, төсвийн чиглэлийн дэд нэгжүүд сүүлийн жилүүдэд харьцангуй сайн ажиллаж эхэлж байгааг үгүйсгэхгүй.   

-Үр дүнд суурилсан төсөв гээд сүүлийн үед их ярьж байна. Засгийн газраас энэ жилийн төсвийг харьцангуй үр дүнтэй байгаа, иргэдээ сонсож байгаа гэсэн байр суурь илэрхийлсэн. Үр дүнд суурилсан төсөв гэж яг юуг хэлэх вэ. Засгийн газар иргэдээ сонсоод, саналыг нь тусгаж төсвийг боловсруулсан гэдгийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Таны асуултад төсвийн харилцааны хоёр өөр томоохон харилцааны асуудал явж байна.

Сангийн яамны зүгээс төсөвт зарцуулагдаж байгаа нэг төгрөг болгоны ард үр дүн байх ёстой гэж яриад байна аа даа. Чухам төсөв гэдэг бол, 27 их наяд төгрөг зарцуулагдсанаараа төрийн өнөөдрийн үйл ажиллагааны хэрэгцээг хангахаасаа гадна монгол төрийн үйл ажиллагаа сайжирч, Монгол Улсын нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ёстой. Үүнийг хангалттай түвшинд тодорхойлж хийж чадахгүй байна. Хэдийгээр Монгол Улсын эрх зүйн орчин сайжраад, хөгжлийн төлөвлөгөөтэйгөө уялдуулаад, төсвийн хөрөнгө оруулалтууд нь түүндээ чиглээд, төсвийн гүйцэтгэлийн тайлан нь тэр хэмжээндээ батлагдаж, тодорхой салбар бүрд харьцангуй тоон болон чанарын үр дүнгүүд гарч байгаа боловч Монгол Улсын нийгэм эдийн засагт, макро түвшиндээ яг ямар эерэг нөлөө үзүүлэв гэсэн нэгдмэл зорилго бол алга гэж би хувьдаа үзэж байгаа. Бусад талууд өөрөөр үзэж байж магадгүй.

Өнөөдөр төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн баримт бичиг дотор инфляц, ДНБ гэсэн хоёр л тоо байгаа. Тэр тоо нь яг зорилтот, таамагласан түвшинтэй нийцдэг тохиолдол багатай, маш их зөрүүтэй байх нь элбэг, ийм л байдалтай байна. Яг энэ төсвийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын чанар, иргэдийн амьдралын чанар, ядуурал дунд, урт хугацаандаа яаж буурч байгаа вэ гэдэг үзүүлэлтүүдийг хараахан гаргахгүй байгаа. Төсвийн үр дүнг бид тодорхой, оновчтой харж чадахгүй байна уу даа гэсэн эргэлзээ байна.

Хоёрдугаар асуудлын тухайд, сүүлийн үед D-Parliament гээд иргэдийг сонсох янз бүрийн механизмыг харьцангуй буруу ойлгоод байна уу даа гэж харж байна. Иргэдийг сонсдог механизм бол олон улсад түгээмэл. Хамгийн сонгодог жишээнүүдийн нэг нь Швейцар улс байдаг. Гэхдээ энэ механизм бол иргэдээ байнгын сонсож, төрийн зүгээс хийж байгаа буруу үйлдлүүдийг иргэд хянах байдлаар ашиглагддаг болохоос биш, иргэдийг улс төржилтөд ашиглаж, тодорхой зүйлийг иргэд рүү санал болгонгуутаа талцуулж, нийгмийг хуваагдалд хүргэдэг ийм механизм биш.

Төсөв батлагдахын өмнө Ерөнхий сайд орон нутгаар явж, иргэдээ сонсож байгаа нь буруу зүйл биш, иргэдээ сонсоно. Иргэдээ сонсох, иргэдээр шийдүүлэх бол хоёр өөр зүйл гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Иргэдээ төр байнга сонсож байх ёстой. Иргэдээсээ асуух шаардлагатай зүйл байвал асууж байх ёстой. Төрийн хараа хяналтаас ангид үлдсэн, иргэд хохирсон, нийгэм хохирсон, төр өөрөө буруу зүйл хийсэн бусармаг зүйл байна уу гэдгийг иргэдийн хараа хяналтад байлгах ёстой. Энэ утгаараа сонсоно гэдгийг дэмжиж байгаа. Харин иргэдээс асууж сонсонгуутаа “Та нарын саналаар ийм юм хийж өглөө” гэдэг байдлаар төсвийг хийнэ гэдэг эргэлзээтэй. Иргэдийн саналыг сонсоод тусгасан зүйл байж болно, тусгаагүй байж болно. Гэхдээ энэ механизмаас харьцангуй зөв тусгагдсан зүйл бол 2023 оны долдугаар сарын 7-ны Төсвийн эрх зүйн байдлын шинэчлэл. Тэр шинэчлэлийн хүрээнд ерөөсөө иргэдийг байнга сонсдог тогтолцоотой болж байна. Иргэнээ сонсдог, иргэнийхээ саналд хариу үйлдэл үзүүлдэг механизм нь л байж байхад болно.