Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Яармагийн хүн амын нягтаршил Улаанбаатар хотын дунджаас 23 дахин өндөр болжээ

Р.Оюун
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2022 оны арваннэгдүгээр сарын 18-нд Яармагт гэртээ харих гэж таван цаг орчим түгжирч, зам дээр тэг зогссон иргэдийн нэг нь Энхжин. Хүүхдээ хичээл тарахад цагт нь авч байхын тулд ажлынхаа ойролцоох хувийн сургуульд оруулсан Энхжин өглөө хоцроолгүй хүргэхийн тулд гэрээсээ 06:40 цагаас хэтрэхгүй гардаг. Хэрэв 10 минут л хоцорч гарвал Яармагаас хотын төвийн сургууль хүртэлх 10 км газарт 2 цаг гаруй явах шаардлагатай болно. Орой мөн л түгжрэлээс өрсөн гарахгүй бол гурван цаг зам дээр зогсоно. 

Хот төлөвлөлтийн алдаанаас болж иргэд амьдралын хэв маягаа өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулж байгаа ч эдийн засаг, цаг хугацаагаа түгжрэлд идүүлсээр байгаа юм. 

Улаанбаатар хотын хамгийн сүүлд шинээр төлөвлөгдсөн суурьшлын бүс болох Яармагт хот байгуулалтаа төлөвлөлтгүй хийснээс ямар их төвлөрөл, түгжрэл үүсэж, ямар хэмжээний хохирол учруулах болсныг тоогоор харуулъя.

Дээрх графикт Улаанбаатар хотын хамгийн төвлөрөл ихтэй байгаа дөрвөн байршилд 2001 оноос хойш орон сууцны барилга ямар эрчимтэй нэмэгдсэнийг үзүүлэв.

"Тэнхлэг зууч" компанийн хийсэн уг судалгаагаар Яармагт 2001-2015 онд буюу 15 жилийн хугацаанд 101 блок байр шинээр ашиглалтад орж байсан бол 2016-2020 онд 113 блок ашиглалтад оржээ.

Хажуу тийш заасан сум дээр дарж, бусад байршлын нягтаршлын мэдээллийг харах боломжтой. 

Эндээс төвлөрөл хэрхэн эрчимтэй нэмэгдэж байгааг харж болно. 2023 оноос хойш энэ эрчмээрээ төвлөрөл нэмэгдэхээр байгааг мөн судалгаа харуулав. Товчхондоо Яармаг дотроо тэг зогсолт хийх нөхцөл бүрдэхээр байгаа юм. 

Яармагтай яг ижил хэмжээнд төвлөрөл үүсээд байгаа хотын төвийн хэсгүүдэд 

  • Хан-Уул дүүргийн 15, 17, 18 дугаар хороо 
  • Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол
  • Цайз, 16 дугаар хороолол бичигдэж байна. 
  • Тухайлбал, 2015 он хүртэлх 15 жилийн хугацаанд 3438 айл Яармагт суурьшиж байсан бол 
  • 2016-2020 онд 6660
  • 2021-2022 онд 8443 өрх Яармагт шинэ орон сууцанд орсон байна. 
Эдгээр хэсэгт орон сууцны барилга төлөвлөлтгүй олноор баригдсанаас хүн амын нягтаршил ихээр нэмэгдсэн бөгөөд 2023 оноос цааш хороолол, хотхоноороо түгжирдэг болох нөхцөл хэдийн үүсжээ. 

Хажуу тийш заасан сум дээр дарж, бусад байршилд төвлөрөл хэрхэн нэмэгдэхээр байгааг харна уу.  

Нийслэлээс хийсэн судалгаагаар Яармагт тэг зогсолт болсон хоёр тохиолдлыг харвал 

  • 2020.11.02-нд 5 цаг
  • 2021.04.09-нд 6 цаг түгжирчээ.
6.6 км Яармагийн хоёр урсгалтай зургаан эгнээ зам дээр 7,950 тээврийн хэрэгсэл түгжирсэн гэсэн тооцоо гарчээ. Уг тооцоогоор эдгээр машинд хөдөлмөрийн насны 15,900, сургуулийн насны 3,975 хүүхэд сууж явсан бөгөөд 102.7 сая төгрөгийн шатахуун зам дээр шатсан байна. 

Энэ тоог хүн цагт шилжүүлбэл 95,400 хүн баг буюу 737.9 сая төгрөгийн цалин салхинд хийссэн гэсэн үг. 

Энэ бүхэн хотын буруу төлөвлөлттэй холбоотой. Яармагийн хүн амын тоо сүүлийн гурван жилд огцом өсөж, өнөөдрийн байдлаар 17,487 өрхийн 63,954 хүн амьдарч байна. 

Хүн амын тоог газар нутгийн хэмжээтэй харьцуулан төвлөрлийг гаргасан тооцоогоор Улаанбаатар хотын нийт нягтаршил 3.18 хүн/га байгаа бол Хан-Уул дүүргийн хэмжээнд 3.89 хүн/га, харин Яармагт 73.6 хүн/га буюу Улаанбаатар хотын дунджаас 23 дахин өндөр болжээ. 

Тэгвэл одоогийн мэдэгдэж байгаа тооцооллоор

  • 2023 онд 2,380
  • 2024 онд 1,350
  • 2025 онд 1,040
  • 2026 онд 950 айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа аж. 

Нөхцөл байдал ийм хүнд болсон, түгжрэлийг богино хугацаанд шийдэх боломжгүй байгаа энэ үед иргэд бид хувийн төлөвлөлтийг хийж, төвлөрөл багатай хэсгийн сонгох, ажил, сургууль, цэцэрлэгийн гэрийнхээ ойролцоо байх зэргээр зохион байгуулалт хийхгүй бол эдийн засгийн хувьд хохирсоор байх нь энэ жишээнээс харагдаж байна.