Цар тахлын үед эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгон өчигдрөөс олгож эхэлсэн.
Гурван сарын хугацаанд хүүхэд бүрт энэхүү нэмэгдлийг олгоно.
Харин хадгаламжийн дансандаа мөнгөө байршуулдаг хүүхдүүдэд өчигдөр 20,000 төгрөг орсон аж.
Үүний учрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Зарим эцэг, эх хүүхдийнхээ мөнгийг хадгаламжийн дансанд байршуулж, сар тутам 20,000 төгрөгийг оруулж байхаар гэрээ хийсэн байдаг. Тиймээс хүүхдийн нэр дээрх хадгаламжид 20,000 төгрөг орсон. Өөрөөр хэлбэл банк гэрээнийхээ дагуу 20,000 төгрөгийг татаж, дансанд нь оруулсан. Нэмэгдэл 10,000 төгрөг нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авах нэрийн дансанд нь үлдсэн байгаа" гэж тайлбарлав.
Түүнчлэн "Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь эхлэн хүүхэд бүрт олгож байгаа. Хэрэв сар бүрийн 20-ноос буюу тухайн сард хүүхдийн мөнгийг олгосны дараа хүсэлтээ гаргасан бол дараагийн сард нь нөхөн орж байгаа" хэмээн Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!