Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

"НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй. ХХОАТ-аас чөлөөлөгдөнө"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

COVID-19 халдвартай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед улс орны эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоон хоногт болж, долоон арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн билээ.

Тус шийдвэрүүдийн заримтай нь холбоотой төөрөгдөл иргэдийн дунд үүсээд буй тул холбогдох эх сурвалжуудаас шийдвэрүүдийг дахин баталгаажууллаа.

Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөхөөр болсон. 

Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд НДШ-ээс зургаан сарын хугацаанд бүрэн чөлөөлөгдөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга хэлсэн. 

Хөдөлмөр эрхлэгчидтэй холбоотой бас нэг шийдвэр байсан нь дээрхийн адил дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ ногдуулахгүй байх тухай юм. 

Энэ шийдвэр нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдэд хамаатай эсэх талаар ХНХЯ-наас тодруулахад "НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй, ХХОАТ-аас чөлөөлөгдөнө. Харин хувийн хэвшилд ажилладаг иргэд НДШ болон ХХОАТ-аас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээр буюу цалингаа бүтнээр нь авна" хэмээн хариуллаа.

Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас нэмж гаргасан юм.

Нэмэлт мэдээлэл:

ХНХЯ-наас гуравдугаар сарын 30-нд өгсөн дээрх мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөрөвдүгээр сарын 1-нд мэдээлэл өгөхдөө залруулав.

Тэрбээр Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд гурван төрлийн ажилтнууд хамаарахгүй гэдгийг тайлбарлалаа. Үүнд,

  •     Төсвөөс цалин авдаг албан хаагчид хамаарахгүй. Орлогын хэмжээнд нь өөрчлөлт орохгүй учраас
  •     Төрийн өмчит аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой ААН-д хамаарахгүй
  •     Гурав дахь нь тендерээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнуудад хамаарахгүй гэв. Учир нь тендерийн шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналдаа ажилчдын цалин хөлс, татварыг бүгдийг нь тусгасан байдаг тул хөнгөлөлт эдлэхгүй гэдгийг онцоллоо.