Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

"IT-гийн салбарт эмэгтэй хүүхэд хичээллэж чадахгүй гэж бодож байгаагүй. Сурах хүсэл эрмэлзэл байхад хүйс хамаагүй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
 

Ирээдүй гэдэг нь тийм ч холын зүйл биш болсныг олон улсад хэрэгжиж буй хиймэл оюун ухаант роботуудын хөгжлийн хурд нотолно.

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай "Nest" ахлах сургуулиас 20 сая төгрөгийн шагналын сантай програмчлалын улсын олимпиадыг зохион байгуулж байгаа билээ. 

Олимпиадын эхний шалгаруулалтад 6-12-р ангийн 500 гаруй сурагч өрсөлдсөнөөс эхний 30-д шалгарч дараагийн шатанд оролцох эрхээ аваад буй Нийслэлийн 11-дүгээр сургуулийн сурагч Ч.Хастэнгис, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хоёрдугаар сургуулийн сурагч Б.Ариунтунгалаг, "Nest" ахлах сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Г.Золбообаяр нартай Google Hangouts-аар ярилцсанаа хүргэж байна. 

Сурагчдын шагналын товч танилцуулгаас:

Нийслэлийн 11-дүгээр сургуулийн сурагч Ч.Хастэнгис: Таеквондогийн Улсын хошой аварга, Нийслэлийн математикийн олимпиадын алт, мөнгө, Сүхбаатар дүүргийн математикийн олимпиадын алтан медаль, Нийслэлийн тэргүүний шилдэг сурагч, "Харуул Занги U18" гуравдугаар байр эзэлсэн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хоёрдугаар сургуулийн сурагч Б.Ариунтунгалаг: Аймгийн төрөл мэргэжлийн олимпиадын гуравдугаар байр хоёр удаа, "Оньс" математикийн олимпиадад дөрвөн жил дараалан алтан медаль, Оны шилдэг сурагч, "Kangaroo" олимпиадын гуравдугаар байрын шагналтай.

"Nesrt" ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Г.Золбообаяр: “Харуул Занги U18” тэмцээнд сурагчдын төрөлд 2017, 2018 онд нэгдүгээр байр, 2019 "Харуул Занги U18" -д хоёрдугаар байр, 2018 оны Нийслэлийн мэдээлэл зүйн олимпиадын хоёрдугаар байр, 2018,  "Харуул Занги" 2019 оны тэмцээнд ажилчдын төрөлд нэгдүгээр байр эзэлсэн. 

- Сайн байцгаана уу. Юуны өмнө "Nest" ахлах сургуулиас зохион байгуулсан програмчлалын олимпиадад амжилттай оролцож эхний шатны шилдэг 30-т багтсанд баяр хүргэе. Карантины хугацааг хэрхэн өнгөрөөж байгаа талаар ярилцлагаа эхлүүлмээр байна?

 
Нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Ч.Хастэнгис

Ч.Хастэнгис: Сайн байна уу. Баярлалаа. Анх карантин эхлэхэд баяртай хүлээж авсан ч хэсэг хугацааны дараа хичээлээ нөхөж аваад, одоо бол онлайнаар хичээлээ тасрахгүй үзэж байна. Саяхан "Hackateen" програмчлалын улсын олимпиадад орохоор бүртгүүлснээс хойш шаргуу хичээллэж байгаа.

Б.Ариунтунгалаг: Миний хувьд карантин тогтоосноос хойш хичээлээ тийм ч их хийхгүй байж байгаад, мөн нөхөж хийгээд одоо таслахгүй үзэж байна. Аймгийн мэдээлэл зүйн олимпиадад бэлдээд, багштайгаа онлайнаар бэлтгэл хийж байсан нь учраас сая олимпиадад ороход бэлтгэлтэй байлаа.

Г.Золбообаяр: Би ч мөн адил онлайнаар хичээл үзэхийг эхэндээ баяртай хүлээж аваад, сүүлдээ ангийнхныгаа санаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногоос багш нар, ангийнхантайгаа group call хийж эхлээд гоё байгаа. Сургуулийнхаа зарласан олимпиадын зарыг хараад бусдыгаа ямар шатанд явааг болон өөрийгөө хаана нь явж буйг харахыг хүссэн.

- Өгөгдсөн цаг хугацаагааа өөрт ашигтайгаар өнгөрүүлж байгааг сонсох сайхан байна. Ихэнх хүүхдүүдийн хувьд болон томчуудын хувьд програмчлалын талаар буюу код бичихийг хүнд зүйл мэтээр ойлгодог. Харин та бүхэн мэдээллийн технологийн салбарыг сонгоод өөрсдийгөө хөгжүүлж, сорьж яваа учраас хэрхэн ойлгодог талаар болон өөрсдөө хэрхэн сонгож суралцах болсон тухайгаа хуваалцаач?

Ч.Хастэнгис: Хүүхэд залуучууд, томчууд код бичихийг хэцүү гэж боддог шалтгаан нь манай улс бусад улс орныг бодвол IT салбар нь хөгжөөд удаагүй байгаатай холбоотой. Тиймээс хүүхдүүдэд анхан шатны суурь мэдлэг, ойлголт байдаггүй учраас хэцүү гэж боддог байх. Тэр ч утгаараа хүүхдүүдэд ойлголт өгөх гээд "Nest" академиас эхлэн IT-гийн чиглэлийн дугуйлангууд нээгдэж эхэлж байна. Миний хувьд програмчлалын олимпиадад орсон шатгаан нь өөрийнхөө дуртай зүйлийг хийхийг хүссэн хүсэл байсан. Ах маань програмист болохоор дуурайлал авахад их нөлөөлсөн. Би дөрөвдүгээр ангиасаа эхлээд ахаасаа заагаад өгөөч гээд их гуйдаг байсан юм. Тэр үед ах маань эхлээд чи математикаа хий гэдэг байсан. Тэгээд л зургаадугаар ангиасаа эхлээд заалгуулж, хичээллээд явж байна даа.  

Б.Ариунтунгалаг: Би математикийн хичээлдээ их дуртай болохоор нэг багшаасаа их давтлага авдаг байсан. Тэр үед багшийн бичиж байгаа юм нь маш их код байхыг хараад “хэцүү байхдаа энэ ямар байдаг бол” гээд их сонирхсон. Багш ч удалгүй код бичих дугуйлан явуулах гэж байгаа сонирхолтой хүүхдүүдэд эхнээс нь зааж өгнө гэсэн болохоор би хамгийн түрүүнд очиж байснаа санаж байна. Үнэхээр сонирхолтой санагдаад эрчимтэй сурч эхэлсэн шүү. Гэхдээ жил хүрээгүй есдүгээр сараас хойш суралцсан юм байна. Сүүлдээ хэцүү зүйл үзээд гүнзгийрээд ирэхээр шантрах үе ч байсан ч хэцүү бодлогоо бодчихоор их урам аваад цааш явдаг болчихдог. Маш сонирхолтой гоё зүйл. Хөл хорио тогтоосон ч би таслахгүйгээр хичээллэж байгаа.

Г.Золбообаяр: Багаасаа компьютер сонирхоод ойр зуурын код бичиж эхэлсэн. Анх вирус, антивирус, хакер талдаа сонирхдог байсан. Оросод өсөөд, 13 настайдаа Монголд ирсэн эхний жил багш маань мэдээлэл зүйн олимпиадад орох санал тавьсан цагаас эхлээд энэ чиглэлээр бэлдэж эхэлсэн гэхэд болно.

Код бичих нь хэцүү биш. Үнэхээр сонирхолтойг нь мэдвэл цаг хугацааг хэрхэн өнгөрснийг ч мэддэггүй. Код нь өөрөө өргөн ойлголт учраас өөрт сонирхолтой, амьдралд ойр асуудлаас олж харах хэрэгтэй. Жишээ нь би жоохон байхдаа мөнгө тоолохоос залхуу хүрээд 20 мянга, 10 мянган төгрөгийн дэвсгэртийн тоог шивж оруулаад нийт мөнгөн дүнгийн хариуг нь гаргадаг программ бичиж байв. Тэр бол кодыг бодит амьдралдаа хэрэглэсэн анхны тохиолдол байсан юм.

Програмчлалын хэл гэдэг нь тооцоолох электрон машин буюу компьютер дээр хийгддэг тооцон бодох үйлдлийг илэрхийлэх чадвар бүхий, машин уншихад (ойлгох) зориулсан зохиомол хэлийг гэнэ.

- Арван жилд математик, монгол хэл зэрэг хичээлийн олимпиадууд их болдог. Харин мэдээлэл зүй, код бичих олимпиад тэр болгох их болоод байдаггүй шүү дээ. Энэ төрлийн олимпиадад хэрхэн бэлддэг талаар манай уншигчдад сонирхуулаач?

Ч.Хастэнгис: Би яг энэ олимпиад зарлагдахад хөдөө өвөө, эмээ дээрээ ирчихсэн байсан. Тэгээд хот руу аав, ээждээ нотебүүкээ захиж авчруулаад бодлого боддог сайтуудаараа дамжуулан бэлтгэлээ хийсэн.

Б.Ариунтунгалаг: Аймгийн олимпиадад бэлдэж эхлээд түрүүлэх зорилготой байсан болохоор тэр бэлтгэлээрээ сая оролцсон. Багшийн бичиж өгсөн алгоритм цагаан толгой зэрэг сайтуудын бодлогыг submit хийдэг байсан. Ер нь миний үеийн хүүхдүүд ямар түвшинд явж буйг харахаар оролцсон.

Г.Золбообаяр: Миний хувьд хаяа тархиа сэргээх гээд алгоритмын цагаан толгой болон бусад сайтаас бодлого боддог. Заримдаа сонирхлоороо шинэ төрлийн алгоритм хайж байгаад сурдаг.

- Та бүхэн мөрөөдлөө биелүүлэхэд мэдээллийн технологийн салбар ямар үр дүнг өгнө гэж боддог вэ?

Ч.Хастэнгис: Би дэлхийн хэмжээний компани байгуулах том мөрөөдөлтэй. Дэлхийн хэмжээний IT-гийн салбарт шаардлага хангахуйц чадвартай болох ойрын зорилго бий. Үүний тулд код илүү сайн бичдэг болж, бодлогоо бодоод явах ёстой. Миний мөрөөдөл тус  салбартай ойр учраас олон талаар хэрэг болно гэдэгт итгэдэг.

Б.Аруинтунгалаг: Хиймэл оюун ухаан бүтээх талаар мэдлэгтэй болохыг зорьдог учраас миний хувьд мөн ялгаагүй код бичиж, бодлого бодох нь их чухал. Анхнаасаа энэ зүйлийг зорилгоо болгоод явж байгаа болохоор бүх талаараа үр өгөөжтэй байна гэдэгт итгэдэг.

Г.Золбообаяр: Миний хувьд IT бол зүгээр нэг хэрэгсэл. Бид энэ хэрэгслийг ашиглаж бодит амьдралынхаа асуудлуудыг хэрхэн шийдэгдэх тухай л ярьж байна. Тухайлбал, бидний одоо буй нөхцөл байдал нь ирээдүйн амьдралын жишээг үзүүлж байна гэж болно. Цахимаар хичээлүүд орж, даалгавраа цахимаар явуулах зэргээр хүүхдүүд өөрийн сонирхолтой арга барилаар суралцаж буй цаг байна. Үүнээс гадна роботуудын хөгжил хурдацтай байгаа тул хүн төрөлхтөн бүтээгдэхүүн түгээхдээ хүртэл робот, дронуудыг ашиглаж нийт барааг хүргэдэг болно.

 
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хоёрдугаар сургуулийн сурагч Б.Ариунтунгалаг

- Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсал аль хэдийн эхэлсэн. Та бүхний эргэн тойрны найз нөхөд үүнтэй холбоотойгоор ирээдүйн талаар хэрхэн ярилцдаг бол?

Б.Ариунтунгалаг: Сурах хүсэл эрмэлзэлтэй л байвал хүйс хамаагүй.

Б.Ариунтунгалаг: Манай найзууд энэ талаар тодорхой мэдлэгтэй гэж бодохгүй байна. Хамт бэлтгэл хийдэг хүүхдүүд маань эрэгтэй болохоор хакер тал руугаа илүү сонирхолтой байдаг санагддаг. Мөн би түүнээс заримдаа суралцаад, ашиглах тохиолдол ч гардаг. Дээрээс нь би хүйсийн ялгааны талаар огт бодож байгүй юм байна. IT-гийн салбарт эмэгтэй хүүхэд хичээллэж чадахгүй гэж бодож байгаагүй. Эрэгтэй хүүхдүүд хамаагүй потенциал сайтай гэж боддог болохоос биш эмэгтэй хүүхэд чадахгүй гэж огт боддоггүй. Адилхан сураад явбал аль аль нь амжилт гаргах боломжтой салбар. 

Ч.Хастэнгис: Ирээдүйд маш олон мэргэжил устаж үгүй болоод хиймэл оюун ухаан өмнөөс нь ажлуудыг нь хийдэг болно. Иймд бид мэргэжлийн талаар хаяа ярилцдаг. Түүнээс биш ирээдүйн талаар тэр болгон их яриад байдаггүй.

Г.Золбообаяр: Манай ихэнх найзууд IT-гийн сургуульд сурдаг. Тэд сайн бичдэг хүн болно эсвэл дизайнер болно гэсэн хүсэлтэй хүмүүс. Өөрсдөө сайн зурдаг болохоор тэр чадвараа IT-тай холбодог. Хэсэг хүүхдүүд хакер болох хүсэлтэй. Би сургууль дээрээ мэдээллийн аюулгүй байдлын дугуйлантай болохоор тэр талын мэдээллийг ер нь их хуваалцдаг. Холын ирээдүйг бодсон хүмүүс цөөн ч ойрын ирээдүйгээ төсөөлдөг хүүхдүүд их олон бий.

 
`Нэст` ахлах сургуулийн сурагч Г.Золбообаяр

- Мэдээллийн технологийн чиглэлээр суралцахын давуу талыг өөр дээрээ хэрхэн мэдэрсэн бэ?

Г.Золбообаяр: Миний хувьд IT бол хобби. Тэр утгаараа чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, англи хэлээ сайн сурч байгаа нь давуу тал болдог. Мөн өөр нэг ажиглагдсан давуу тал нь код сайн бичдэг болчихвол насанд хүрээгүй байсан ч ажилтай болж болно. Жишээ нь хоёр жилийн өмнө Голомт банкнаас зохион байгуулсан “Голомт банк Internship opportunity 2k18” өдөрлөгт оролцож, оюутнуудтай өрсөлдсөн. Оролцогчид багт хуваагдан даалгавар биелүүлж, шилдэг нэг оюутанд ажиллах урилга өгсөн юм. Тэр үед давхар намайг сонгоод дадлага хийж, ажиллах эрхийг Голомт банк олгосон. Ингээд арван жилийн сурагч банкны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэст нь дадлага хийсэн түүхтэй. Энэ зүйлээр дамжуулан боломж ямар их байдгийг мэдрүүлсэн үйл явдал болсон юм. 

Г.Золбообаяр: Програмчлалын талаар сурснаар бодит амьдрал дээр хэрхэн үр өгөөжтэйгээр ашиглаж болдгийг мэдрэх болсон.

Ч.Хастэнгис: Миний хувьд чөлөөтэй сэтгэх нь илүү сайжирсан гэж боддог ба олон талаас юмыг харж сурсан. Хоёрдугаарт, дэлхийтэй нийц гэж байгаа болохоор дэлхийн хэмжээний англи  хэл дээрх сайтууд дээр бэлтгэлээ хийдэг. Тэгээд бодлогуудаа бодоход англи хэлний түвшин маань  хүссэн хүсээгүй  сайжраад явдаг нь том давуу тал.

Б.Ариунтунгалаг: Бидний үеийнхэнд чөлөөт цаг харьцангуй их гардаг. Би энэ жилээс гэхэд л цаг гарвал нөгөө бодлого маань юу болж байгаа билээ гээд өөртөө сул цаг үлдээхгүй чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг болсон.

 - Програмист болох сонирхолтой маш олон хүүхэд байгаа байх. Эдгээр хүүхдүүдэд ямар зөвлөгөөг өгмөөр байна. Ер нь та нарын үеийнхэн юуг хамгийн сайн хийж сураасай гэж боддог вэ? 

Г.Золбообаяр: Хүүхдүүд өөрийнхөө чин сэтгэлээсээ сонирхсон зүйлээ олж, түүнийгээ барьж аваад чөлөөт цагаа зөв өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Үүнээс гадна мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны ойлголттой болвол их зүгээр. Ядахдаа ашигладаг паспортуудаа аюулгүй болгох, мэдээллээ бусдадаа алдахгүй байх зарчмуудыг сурч авах, бага зэрэг ч гэсэн код бичиж сурвал зүгээр санагддаг. Яагаад гэвэл бидний амьдралд нэг үйлдлийг олон давтах асуудлыг шийдэх боломж болдог.  

Үндсэндээ математик, мэдээлэл зүйн хичээл нь IT салбарын хамгийн чухал хичээлүүд. Гэхдээ хүмүүсийн тэр болгон анзаардаггүй нэг хичээл нь англи хэл юм. Англи хэл дээр ихэнх материалууд байдаг болохоор тухайн хүнээс хэлний мэдлэг шаарддаг. Нөгөө талаар ажлын байран дээр гарахад олон улсын харилцааны хэл нь англи хэл шүү дээ. 

Би "Nest" ахлах сургуульд анх орж ирээд гайхсан нэг зүйл нь ерөнхий боловсролын хичээлүүд байсан. Өмнө нь өөр сургуулиудад сурч байхад математикийн хичээлээр тэмцээнд орох гэж байгаа бол бусад хичээлийг хаях, орхигдуулах тохиолдол гардаг байсан. Гэтэл энэ сургуульдаа орсон чинь багш нар нь өөрсдийн ордог хичээлүүд хэр хэрэгтэй, амьдралд бодитоор ямар  ач холбогдолтой болохыг нь илүү хэлж өгдөг учраас илүү мэдлэг өгч, орхигдуулахгүй байж чаддаг гэж боддог.

Ч.Хастэнгис: Өөрийнхөө дуртай зүйлийг их сурч мэдээд, гүнзгийрүүлж судлаасай. Судалсан тухайн зүйлдээ тууштай байгаасай гэж хүсдэг.

Б.Ариунтунгалаг: Заавал гоц гойд байх гэсний хэрэггүй. Харин бусдыг хүндэлдэг, өөрийгөө ямар хүн болохыг сайн мэддэг, хүсэл мөрөөдлөө тодорхойлчихсон, зөв хүмүүжилтэй л байгаасай гэж боддог. Мөн нэмж хэлмээр байгаа зүйл нь өнөөгийн нийгэмд хэл маш чухал болсон учраас англи хэл сайн сураасай гэж хэлэх байна.

- Nest ахлах сургууль энэ жил  бас шинээр элсэлт авна гэж дуулсан. Та бүхэн элсэх бодолтой байгаа юу. Мөн олимпиадынхаа дараагийн шаштандаа хэрхэн оролцох гэж байна вэ?

Ч.Хастэнгис: Одоогоор шууд элсээд орох бодол алга байна. Nest академийн эхний жил сууж байсан болохоор багш нар нь хэр мундаг, гоё гэдгийг нь мэднэ. Одоо бол өөрийнхөө ахлах сургуульд дуртай. Олимпиадын дараагийн шат нь дөрөвдүгээр сарын дундуур болох бөгөөд одоогоор мөн бүртгэл нээлттэй байгаа болохоор олон хүүхэд өөрийгөө сорих боломжтой. Миний хувьд тэгээд л бэлтгэлээ хийгээд, чадвал бодоод л гарна даа.

Б.Ариунтунгалаг: Би сая "Hackateen" 2020 олимпидаар дамжуулж мэдээд, нэлээд судалж үзээд их таалагдсан. IT-гийн чиглэлээр явах гэж байгаа надад  энэ сургууль их ирээдүйтэй санагдаад эцэг эхтэйгээ ярилцаж үзнэ гэж бодож байна. Шинээр "Hackateen" 2020-д бүртгүүлээд оролцох гэж байгаа хүүхдүүдэд бодлогоо бодчихоод зөв гэсэн үедээ Submit хийгээрэй гэж өөрийнхөө туршлага дээр үндэслээд хэлмээр байна.

Г.Золбообаяр: Дараагийн шатандаа доод ангийнхантайгаа хамт бэлдэж оролцохоор төлөвлөж байгаа.

- Сая олимпиадын урамшууллаараа ямар хөрөнгө оруулалт хийсэн бэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе? smiley

Ч.Хастэнгис: Шууд хадгаламж руугаа хийсэн.wink

Б.Ариунтунгалаг: Минийх байгаа. Саяхан 16 нас хүрсэн болохоор өөрийнхөө нэр дээр хадгаламж нээхэд хамгийн эхэнд хийх мөнгө тул үрэхгүй. smiley

Г.Золбообаяр: Гэр бүлтэйгээ хоол захиалж идсэн. smiley

- Баярлалаа. Бүгдэд нь амжилт хүсье. 



Видео ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.