Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн зардал ₮7 тэрбум, автомашины далд зогсоол болон гурван давхар үйлчилгээний барилгынх ₮31 тэрбум"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Урт цагаан гудамжны далд зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажлын явцын талаар албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай "2023 онд Урт цагааны гудамжны талбайг дахин төлөвлөж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэн нь автомашины далд зогсоол, дэргэдээ гурван давхар үйлчилгээний төвтэй байх юм.

Барилга угсралтын анхны зураг төлөвлөлтийг 2024 оны дөрөвдүгээр сард "Интеллект тауэр" компани тендерт шалгарч, зургаадугаар сард боловсруулсан.  Тус компанийн боловсруулсан зураг, төсвөөр 1.3 га газар дээр байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн зардал долоон тэрбум төгрөг. 109 автомашины далд дулаан зогсоол 7,500 м.кв талбайтай бол гурван давхар үйлчилгээний төвийн барилга 3,254 м.кв талбайтай. Эдгээр нь 31 тэрбум төгрөгийн үнэлгээтэй зураг, төсвийг "Интеллект тауэр" компани гүйцэтгэсэн.

Ингээд 2024 оны наймдугаар сард “Бодь Пропертийз” ХХК тендерт шалгарч, барилга угсралтын ажлыг эхэлсэн. 2025 оны арванхоёрдугаар сард дуусгах гэрээтэй.

Өнөөдрийн байдлаар ажлын нийт гүйцэтгэл 82%-тай байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилт дууссан. 109 автомашины далд зогсоолын барилга угсралтын ажил 90%-д хүрчээ.

Харин гурван давхар үйлчилгээний төвийн барилгын гүйцэтгэл 15%-тай, аравдугаар сарын 15-ны дотор дуусгаж, хүлээлгэж өгнө гэдгийг гүйцэтгэгч компаниас хэлж байна" гэж ярилаа.

Цэцэрлэгт хүрээлэнгийн 4,171 м.кв талбайд 470 ширхэг бут сөөгтэй, Рио Тинто компанийн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнтэй төстэйг тэрбээр хэлэв.

"Интеллект тауэр" ХХК-ийн Төслийг хариуцсан архитектор С.Батзориг: Цэцэрлэгт хүрээлэнгийн арын урсгалд аялал жуулчлалын хүмүүст зориулж хана дагасан хадны сүг зураг, хээтэй байх юм. Голын хэсэгт иргэд суух зориулалттай сандал, мананжуулагч, чийгшүүлэгчтэй, зөөлөн замтай байна. 

Цэцэрлэгт хүрээлэн нь дугуйн зам, өндөр саравчтай, сандал, автомашины далд зогсоол руу орох аюулгүйн гарцтай.

"Бодь пропертийз" ХХК-ийн Төслийн менежер В.Энхтөр: Цэцэрлэгт хүрээлэнгийн ил хэсэгт гарааш 4 хэсгийн тохижилт үргэлжилж байна. Харин дөрвөн блок бүхий, 7,400 м.кв талбайтай 320 метр урт, 109 автомашины далд дулаан зогсоолын барилга угсралт, инженерийн байгууламж, дотор халаалт, агаар сэлгэлт, цахилгааны холболт, холбоо дохиоллын угсралт бүрэн дууссан. Өнөөдрийн байдлаар цэвэрлэгээний ажил үргэлжилж байна.

Автомашины далд зогсоол нь цахилгаан машины цэнэглэгчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах хэсэгтэй, мозайкан шалтай.