Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Хаш-Эрдэнэ: 20 сая төгрөгийн шагналын сантай програмчлалын улсын олимпиадыг зохион байгуулна

ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

"Мэдээллийн технологи, биотехнологи, нанотехнологи хэмээх өндөр гурван технологийн үе эхэлж байна. Бүхний суурь нь технологи болж буй өнөө үед "Hackateen" програмчлалын улсын олимпиадаар дамжуулан сурагчдыг энэ чиглэлд суралцахыг уриалж байна" хэмээн "Nest education" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Хаш-Эрдэнэ ярилаа.

"Hackateen" програмчлалын улсын олимпиадын бүртгэл үргэлжилсээр буй бөгөөд эхний шат тун удахгүй болох аж.

Энэхүү олимпиадын талаар болон "Nest" ахлах сургуулийн онцлог, сургалтын арга барилын талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.

-"Nest"ахлах сургуулиас санаачлан 20 сая төгрөгийн шагналтай улсын олимпиадыг зохион байгуулах талаар сонссон. Ярилцлагаа энэ талаар эхэлье. Уг олимпиадад хэрхэн оролцох вэ?

-“Hackateen” тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгуулах гэж байна. Мэдээллийн технологийн эрин үед хүүхэд залуусыг энэ чиглэлд уриалан дуудах зорилгоор жил бүр зохион явуулах юм.

Урьдчилсан гурван шаттай. Оролцогч аль нэг үе шатанд нь оролцоход хангалттай бөгөөд шат бүрээс 30 хүүхдэд шалгаруулна. Нийтдээ 90 хүүхэд финалын шатанд оролцоно. Урьдчилсан шатнаас шалгарсан 90 хүүхдийг тус бүр 30,000 төгрөгөөр шагнах юм.

Харин финалын шатанд шилдгээр шалгарсан хүүхэд 20 сая төгрөгийн эзэн болно.

Бидний ирээдүй өндөр технологиийн эрин үед үргэлжилнэ. Хүүхдүүдэд маань мэдээллийн технологи, биотехнологи, нанотехнологи хэмээх өндөр гурван технологийн боловсрол зайлшгүй чухал болж байгаа юм. Энэ дундаас мэдээллийн технологи нь бүх салбарт хэрэглэгдэх учир аль болох олон хүүхэд энэ талын мэдлэг, чадвартай байгаасай гэж хүсэж байна.

-Бүртгэл хэзээ хаагдах вэ?

-Урьдчилсан шатны эхний шалгаруулалтын бүртгэл энэ долоо хоногт хаагдана. Оролцохыг хүссэн 6-12-р ангийн сурагчид nhs.edu.mn хаягаар бүртгүүлэх боломжтой.

Олимпиадын эхний шат гуравдугаар сарын 30-31-нд, хоёрдугаар шат дөрөвдүгээр сарын 13-14-нд зохиогдох бол гуравдугаар шат дөрөвдүгээр сарын 27-28-нд зохион байгуулагдана. Эдгээр гурван шат бүгд цахимаар явагдана.

Харин финалийн шатыг тавдугаар сард Nest ахлах сургууль дээр болох юм.

-Даалгавар нь ямар байх талаар тодруулъя?

-Өгөгдсөн даалгавраар хүүхдийн логик сэтгэлгээ, бүтээлч сэтгэхүйг тодорхойлох юм. Богино хугацаанд даалгаврын шийдлийг олсон хүүхэд хамгийн их оноог авна. Түүнийг шийдвэрлэхэд зургаадугаар ангийн хүүхдийн мэдлэг ч хангалттай, арванхоёрдугаар ангийн хүүхдийн мэдлэг ч хангалттай. Гол нь хэн бүтээлчээр шийдэл олох вэ гэдэг чухал. Тиймээс даалгаврыг хүндээр төсөөлж, өөрийгөө чамлах хэрэггүй, чадвараа сориод үзээрэй гэж сурагчдадаа хэлье.

Зуны сургалтуудыг зохион байгуулж, бүх агуулгыг бүрэн үзэж дуусгахаар төлөвлөгөөг гаргаж, багш нар бэлтгэлээ хангасан

-Үүсээд буй нөхцөл байдлын улмаас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд танай сургууль сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ?

-Цахим хэлбэрээр явуулсаар байгаа. Гэхдээ цахим сургалт нь танхимын сургалтыг бүрэн орлох арга хэрэгсэл гэж үзэхгүй байна. Тиймээс зуны сургалтуудыг зохион байгуулж, бүх агуулгыг бүрэн үзэж дуусгахаар төлөвлөгөөг гаргаж, багш нар бэлтгэлээ хангасан.

Засгийн газрын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон учир тавдугаар сараас хичээл орж эхэлнэ гэж итгэж байна.

-Хувийн хэвшлийн сургуулиуд өөрийн гэсэн хөтөлбөрийг тусгайлан боловсруулж, мэдлэг олгодог. Nest ахлах сургуулийн хөтөлбөрийн онцлог нь юу вэ?

-Бид өөрсдийн туршлага дээр үндэслэн сургалтын арга барилыг өөрчлөхийг хичээсэн. Уламжлалт арга барил нь хүүхдүүдэд мэдлэг олгохыг чухалчилдаг буюу багш сурах бичигт төвлөрч мэдлэг түгээдэг.

Гэтэл орчин үед мэдлэг авах бүх суваг нээлттэй болсон. Та ашиглаж л чадвал хайлтын систем ашиглан интернэтээр дэлхий хаанаас ч мэдлэг мэдээллийг авч чадна. Нөгөөтэйгүүр хөгжлийн хурдацаа дагаад бүхий л мэдлэг маш эрчтэй шинэчлэгддэг болсон. Иймд цээжилсэн мэдлэгт шүтсэн бус, чадварт суралцсан хүүхэд манай ирээдүй болно.

Орчин үеийн сургуулийн үндсэн зорилго, чиглэл нь мэдлэг түгээх биш, хүүхдийг суралцахуйд сургах явдал юм. Манай сургуулийн онцлог нь сурагчдад чадвар төлөвшүүлэхийг тэргүүн зорилгоо болгодог. Чадвартай хүнд л өөрийн гэсэн арга барил, ойлголт бий болдог.

Хоёрдугаарт бид хичээлийг хэрэглээтэй нягт уялдуулахыг зорьдог. Аливаа хичээлийг эзэмшсэнээрээ юу хийж чаддаг болох вэ гэдгийг нь хүүхдэд ойлгуулахгүйгээр хичээлээ хий гэж шахаад байвал сурах хүсэл эрмэлзлэл нь мохно шүү дээ. Сурах хүсэл эрмэлзлэл бол боловсролын хамгийн чухал хүчин зүйл юм.

-Сурагчдын ихэнх нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гаднын томоохон их, дээд сургуулиудад элсэн сурахыг зорьдог болсон. Зарим сургуульд төгсөгчдөдөө зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж, зөвлөдөг. Танай сургууль энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-"Nest" сургууль бол нэг үеийнхний бүтээл юм л даа. Бид 80-аад оны залуус өөрсдийн мэдлэг, чадвар, дэлхийн шилдэг байгуулагуудад сурч ажилласан туршлагадаа үндэслэн байгуулсан.

Сургуулиа байгуулахаасаа өмнө бид хэд хэдэн судалгааг хийсэн. Судалгаанаас харахад хүүхдүүд маань хүсэл мөрөөдлөө "гадаадад сурах" гэж тодорхойлж байсан. Хүүхдүүд  эмч болно, инженер болно, сансрын нисэгч болно, ийм юм бүтээнэ, тийм нээлт хийнэ гэж сэтгэхгүйгээр боломж л гарвал ямар ч хамаагүй учир шалтгаанаар гадаад улсад суралцаж, ажиллаж амьдарна гэж байсан нь харамсалтай.

Үнэндээ хаана амьдрах нь зорилго биш, яаж амьдрах нь тэр хүний зорилго байх учиртай.

“Nest” гэдэг үг маань утгачилвал “үүр” гэсэн үг л дээ. Энэ үүрнээс олон мянган залуус жигүүр дэлгэн дүүлэн нисээсэй гэсэн утгаар энэ нэрийг өгсөн. Нөгөөтэйгүүр энэ залуус маань эх орноо хөгжин цэцэглүүлж, ирээдүй хойч үедээ гэрэл нэмээсэй гэсэн зорилгыг энэ нэр агуулдаг.

Тиймээс манай сургуулийн зорилго нь хүүхдүүдээ гадагшаа явуулах биш. Бидний зорилго хүүхдийн хүсэл мөрөөдлийг бодит болгоход оршдог. Хэрвээ тухайн хүүхдийн хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго нь гадны их дээд сургуулиадад сурснаар биелэх бол манай хөтөлбөр бүхий л талаар тухайн хүүхдийг түүнд нь бэлтгэж чадна. Учир нь тэр замыг туулсан багш нар тухайн хөтөлбөрөөр бэлтгэж байна шүү дээ. 

Гэхдээ бид эх орондоо хурдан эргэж ирээд элэг бүтэн сайхан амьдраарай л гэж захина даа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.