Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттулга: Казахстаны баялгийн сан 90 тэрбум ам.долларын хуримтлалтай болоод байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Байгалийн баялаг ихтэй Казахстан улсын эдийн засгийн гол салбаруудад байгалийн хий, нефть, уул уурхайн ойлборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан ордог.

Монгол, Казахстан улсууд байгаль цаг уурын нөхцөл, уул уурхайд түшиглэсэн эдийн засаг гээд олон ижил төстэй нөхцлүүдтэй болохыг Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга хэлж байлаа.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ сарын 10-12-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалыг дүгнэн, Элчин сайд Л.Баттулга ярихдаа "Манай улсын зөвхөн БНКазУ төдийгүй, Төв Ази руу чиглэсэн гадаад бодлогоо эрчимжүүлэх чухал ач холбогдол бүхий айлчлал боллоо.

Хоёр орны нийт худалдааны эргэлт 35 сая ам.доллар байгаа нь хангалтгүй. Үүнийг бид хамгийн эхэнд засах ёстой. Бизнес форум амжилттай болж, өндөр дүнтэй гэрээнүүд байгуулагдлаа.

Казахстан улсын хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтаа огцом нэмэгдүүлсэн. Тусгаар тогтнолоо зарласнаас хойш 320 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан байна. Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь байгалийн хийн олборлолт, уул уурхайн салбарт орж ирсэн. Байгалийн хийн дэлхийн зах зээл дээрх үнэ хэлбэлзэхэд эдийн засагт нь шууд мэдрэгддэг. Манай эдийн засаг зэсийн үнээс хамааралтай байдагтай адил гэсэн үг. Гэхдээ эднийх бусад салбараа хөгжүүлэх чиглэлээр маш эрчимтэй ажиллаж ирсэн учраас үйлдвэрлэлийн салбар хөгжсөөр байна.

Мөн манай туршлага судлах ёстой нэг зүйл бол баялгийн сан. Өнөөдрийн байдлаар баялгийн сан нь 90 тэрбум ам.долларын хуримтлалтай болоод байна. Намайг томилогдож ирж байхад буюу хоёр жилийн өмнө 60 орчим тэрбум ам.долларын хуримтлалтай байсан бол ийнхүү богино хугацаанд эрчимтэй нэмэгдэж байгаа. Огт гар хүрдэггүй тус сандаа байгалийн хий, нефть өндөр үнэтэй байгаа үед илүү ихээр хурамтлуулдаг юм байна лээ.

Казахстанд гадаад өр бас бий. 20 гаруй жилийн хугацаанд 197 тэрбум ам.долларын гадаад өр тавьсны дийлэнхийг барууны орнуудаас тэр дундаа Нидерландаас 50 орчим хувийг нь авсан байдаг" зэргийг тодотгон хэлж байлаа.