Бүгд Найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр тус улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Маминтай албан ёсны хэлэлцээ хийсэн.
Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн байна.
Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн сүлжээг өргөтгөх, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн бол 2020 онд Засгийн газар хоорондын комиссын хурлыг зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргалаа.
Мөн 35 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийг 130 сая ам.долларт хүргэх боломжтойг тэмдэглэв.
Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улс хурдацтай хөгжиж, Азийн бүс нутаг төдийгүй олон улсын тавцанд Казахстаны нэр хүнд өсч, байр суурь нь бэхжиж байгаад баяр хүргэхийн сацуу Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын санаачилсан “Казахстан – 2050”, “Нурлы Жол (Гэрэлт зам) – ирээдүйд хүрэх зам” хэмээх үндэсний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэв.
Н.А.Назарбаев хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ажлууд хийгдэх шаардлагатай байгааг онцлоод, БНХАУ-ын Чиндао хотноо 2018 онд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж байснаа дурсав. Мөн тэрээр Монгол Улсын 120,000 казах үндэстнийг Монгол, Казахстаны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тухай тэмдэглэв.
Дээр дурдагдсан Чиндао хотноо болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан зүйлүүд ажил хэрэг болсон тухай Монгол Улсын Ерөнхий сайд дурдав. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 2018 онд Нур-Султан хотноо амжилттай болж, Улаанбаатар, Нур-Султан чиглэлийн шууд нислэг энэ оны 6 дугаар сараас нээгдсэн зэргийг дурдав. Мөн тэрээр Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин албан ёсны хэлэлцээний үеэр Улаанбаатар, Алматы чиглэлийн нислэг нээх асуудлыг дэмжсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Казахстаны Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаев ийнхүү 25 жилийн дараа болж буй Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц өгнө гэж итгэж буйгаа илэрхийлээд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулахын чухлыг тэмдэглэв.
Н.А.Назарбаев 1991 оны арванхоёрдугаар сарын 16-наас 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл БНКазУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!