Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дашням: Гэр хорооллын өтгөн нийлээд 57 мянган тонн л болно. Үүнийг бордоо болговол хотыг цэцэрлэгжүүлэхэд 25%-д нь ч хүрэхгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувьд нь нянгийн бохирдол илэрснийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга өнгөрсөн онд болсон “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Мөн “Гэр хорооллын нүхэн жорлон хөрсийг ихээр бохирдуулдаг. Манай улс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг зохицуулах стандарттай. Гэвч нийслэлийн гэр хорооллын 80 гаруй хувь нь энэ стандартыг мөрддөггүй.

Энэ бүгдээс үүдээд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч байгаа гэж хэлж болно” гэдгийг ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын лабораторийн эрхлэгч доктор О.Батхишиг хэлж байжээ. 

Нутгийн шийдэл сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл "Хүн бүхэн тав тухтай, эрүүл орчинд бие засах эрхтэй. Тохилог жорлонтой байх нь хүн бүрийн эдлэх ёстой эрх.

Сайхан жорлонтой байх нь хүнийг эрхэмсэг бөгөөд хүндтэй нэгэн болгодог бас нэгэн хүчин зүйл юм. Бидний хэрэглэдэг жорлон эх дэлхийгээ бохирдуулахгүй байвал уух ус, амьдрах орчин маань эрүүл байна" хэмээн "Жорлонгоо өөрчилье" номдоо өгүүлсэн байдаг.

2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн "Жорлонгоо өөрчилье" төслийн багийнхан өнгөрсөн дөрөвдүгээр сард "ЖОРЛОН 2.0" гэсэн шинэ үе шат эхэлжээ.

Төслийн шинэ үе шат эхэлснээс хойш одоогоор нийт 120 айлд Биолан жорлонг хүүгүй лизингээр олгожээ.

Бид хуурай жорлонгийн давуу талуудын талаар сонирхон Мини шийдэл хоршооны ахлагч Б.Дашнямтай ярилцлаа.

- Жорлонгоо өөрчилье төслийн багийнхны санал болгож буй Биолан жорлон бусад эко жорлонгуудаас юугаараа ялгаатай юм бэ?

- Нүдэнд харагдаж байгаа нь утаа учраас бөөнөөрөө агаарын бохирдолтой тэмцэх талаар л их ярьдаг. Гэвч нөгөө талд хөрс маш их бохирдож байна.

Агаарын бохирдлыг ч хөрсний бохирдол үүсгэх нэг хүчин зүйл болдог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Харин хөрсний бохирдлыг ихэнх хувь нь гэр хорооллын нүхэн жорлон, угаадас зэргээс шалтгаалдаг.

Уг нь нүхэн жорлонгийн нэг шаардлага нь муу ус болон лагийг хөрсөнд нэвчүүлэхгүй байдлаар сайн доторлох байдаг. Гэвч үнэндээ шаардлагад нийцүүлж тэгж доторлож хийсэн нүхэн жорлонтой айл цөөхөн. Доторлож хийлээ гэхэд зуны халуунд үнэр ялгаруулах зэргээс эхлээд асуудал их гардаг.

Улаанбаатар хотод 207 мянга орчим гэр хорооллын өрхийн нийт 310 мянга гаруй нүхэн жорлонг нэг хэвийн шууд л нэг дор доторлож, солих боломжгүй. Учир нь нүх ухаж жорлон солино гэдэг бол маш удаан үйл явц.

Нөгөө талаар хөрсний шинж чанараас шалтгаалж нүхэн жорлонг хийж болохгүй байдал ч үүсдэг. Тухайлбал, намагтай газар доторлоогүй нүхэн жорлонг хийвэл бохир нь шууд л хөрснийхөө устай нийлээд л гүний усаа бохирдуулна, хад чулуутай газар хийх гэхээр өртөг нь дийлдэхгүй шүү дээ.

Харин хотын төвийн хэсгийн гүний усны бараг ихэнх хувь нь бохирдчихоод байхад гэр хорооллын айлууд хэзээ дэд бүтцэд холбогдож усан жорлонтой болохыг хүлээх вэ гэдгээс эхлээд цааш ярьвал дуусашгүй урт асуудал. 

Биолан жорлонгийн хувьд нүх ухах ч шаардлага гарахгүйгээс гадна үнэр гаргахгүй, гэр байшинд хаана ч суурилуулж болно. Дээрээс нь өтгөнийг бордоо болгох зэрэг давуу талтай бөгөөд бусад эко жорлонгоосоо өтгөн, шингэнийг суултуур дээрээ ялгадаг гэдгээрээ онцлогтой.

 

-Өтгөн, шингэнийг заавал ялгах зориулалт нь ямар учиртай вэ. Энэхүү жорлонгийн технологийн шийдлийн хувьд ямар дэвшилтэй гэж та харж байна вэ?

-Биолан жорлон бол Финландын технологиор хийгдсэн бүтээгдэхүүн.

Энэ бүтээгдэхүүнийг хийж байгаа олон компани дэлхийд бий. 

Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байгаа энэ үед хуурай жорлон байгальд ээлтэй. Орон сууцанд амьдардаг айлуудын устай жорлон нь бүх өтгөн, шингэнийг хөөж төв цэвэрлэх байгууламж руу аваачдаг. Харин цэвэрлэх байгууламж дээр очоод өтгөн шингэнээрээ ялгагддаг.

Ялгасны дараа шингэнийг тусгай бодис хийж ариутган шүүж байгальд хаядаг бол лаг буюу өтгөнийг нь ариутган, олон жил дарж хатааж байгаад шатааж эсвэл булж устгадаг.

Харин энэ жорлонгийн ерөнхий бүтцийг энгийнээр ойлгоход төв цэвэрлэх байгууламж дээр явагддаг процесс л мини хэлбэрээр шууд явагдаж байгаа гэж ойлгож болно. Нэг ялгаа нь ус байхгүй нүх байхгүй учраас суултуур дээрээ шууд ялгаж байгаа хэрэг.

 

Тусад нь ялгаж авсан шингэнээ дотортой саванд ялгаж аваад тодорхой шүүлтүүрээр дамжуулан саарал ус болгон хөрсөнд шингээнэ. Шээс нь 99 хувийн цэвэр ус бөгөөд 0.7 хувь нь л хортой бодис, үлдсэн нь бөөрөөр шүүгдсэн азотлог бодис юм. Хүний биеэс гадагшилж буй шээсний хортой бодис нь долоо хоноод л задарчихдаг. 

Шээсийг элс хайрга маш сайн шүүж хөрсөнд шингээдэг. Гүний усгүй газар бол нүхэн жорлон тийм ч их асуудал тарихгүй. Учир нь шингэн шээс өөрөө борооны устай холилдон элс хайргандаа шүүгдэж цэвэршинэ гэсэн үг.

Харин хүний биеэс гадагшилж буй өтгөн нь өөрөө байгалийн органик үлдэгдэл учраас хар ус болон байгальд үлддэг. Харин өтгөнийг хатааж бордоо болгон ашиглаж болно. Тиймээс л тусад нь салгаж байгаа юм. 

Мөн өтгөн шингэнийг ялгах нь үнэр гаргахаас сэргийлж байгаа хэрэг. Шээс, баас холилдхоороо л удаан хугацааны турш өмхий, эвгүй үнэр ялгаруулж байдаг юм. 

Харин Биолан жорлон өтгөнийг тусад нь ялгаж, үртсээр булаад үнэрийг нь дарчихаж байгаа гэсэн үг. Үртсийг бол хашааныхаа зэрлэг, модны навч зэргээр ч орлуулж болно.

Муур тэжээдэг айлуудаас яагаад үнэр гардаггүйн учир нь муур бие засчихаад өөрөө шороогоор ялгадасаа булдчихдаг. Үүнтэй л ялгаагүй. 

Мэдээж үртэс хийхээс өмнө хүний биеэс гадагшилж л байгаа юм чинь үнэр гарах мэдээж. Тэр асуудлыг бид агааржуулалтын хоолойгоор шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл халуун, хүйтэн агаарын огтлолцох цэг дээр буюу суултуурын амсар дээр агааржуулалтын хоолой хийсэн нь багахан хугацаанд гарах үнэрийг арилгаж байгаа юм.

-Нүх ухахгүй юм бол бохироо яана гэсэн үг вэ?

-Шингэний хувьд, гаднын улсууд саванд хадгалагдаж буй угаадсаа хоолойгоор холбон, тодорхой хугацааны дараа хортой бодис нь задарч дууссаны дараа саарал усаар нь зүлгээ услачихдаг юм билээ. Манайхан энэ соёлд хараахан суралцаагүй байна. Тийм учраас саарал усыг шууд хайрга элсээр дамжин шүүгдэн хөрсөнд шингэхээр тоноглосон.

Мөн шингэнийг шүүх хэсэг дээр өвс мод тарих нь зүйтэй. Учир нь өвс болон модны үндсэнд “тамир” бэлдмэлийн ашигтай бактери үүрлэдэг. Тиймээс дээр нь мод тарьчихвал давхар шүүнэ гэсэн үг.

Түүнчлэн энгийн нүхэн жорлон бороо ороход хальж урсах эрсдэлтэй байдаг. Харин биолан буюу хуурай жорлонгийн хувьд хөрсөнд ус нэвчих тусам шүүгдсэн саарал усыг илүү сайн шингэлж цэвэршүүлдэг болохоор бороо их орох тусмаа л сайн.

 

Харин өтгөний хувьд. Өтгөнийг бид байгальд жил болоод л задардаг зуун хувь ургамлын гаралтай био уутанд тусад нь цуглуулахаар хийснээрээ энэ асуудлыг шийдэж өгсөн.

Тухайн уут нь болон өтгөн хадгалах сав нь 28 литрийн багтаамжтай.

Хүний биеийн жингийн килограмм тутамд таван грамм өтгөн гардаг гэсэн энгийн тооцоолол бий. Энэ нь дөрвөн ам бүлтэй өрх сарын дараа л савыг дүүргэнэ гэсэн үг юм.

Хамгийн гол нь тухайн өтгөн хадгалах саванд үртэс, нойлын цааснаас өөр ямар нэг зүйл хийж болохгүй.

Ялгадсаа устгахад үндсэн гурван арга бий.

1. Органик үлдэгдэл бол дулаан нь тохирвол зургаан сараас жилийн хугацаанд бор шороо болдог. Тиймээс хэсэг хугацаанд хадгалж байгаад био задардаг гялгар ууттай нь газарт булахад байгальд бол юу ч үлдэхгүй учраас хогонд ачуулчихаж  болно.

2. Өтгөн бол өөрөө бордоо учраас мод тарихдаа ашиглаж болно. Ингэхийн тулд хэдэн сар чийг авхуулахгүй газар хадгалах шаардлагатай бөгөөд тусгай ариутгалын бодис хийнэ.

3. Тамир бэлдмэлийг зардаг компани нь өтгөнийг бордоо болгох зорилгоор 14 хоногт удаа айлуудын хураасан ууттай өтгөнийг цуглуулж байна. Одоогоор бол түүхий эд гэдэг утгаар үнэ өртөггүй цуглуулж байгаа.

Улаанбаатар хотын гэр хорооллын өтгөн нийлээд 57 мянган тонн л болно. Үүнийг бордоо болгоод хотыг цэцэрлэгжүүлэхэд 4-ний 1-д нь ч хүрэхгүй.

Жилд нэг айлаас 12 уут бордоо гарлаа гэж бодоход тэжээл нь ердөө хоёрхон мод тарих хэмжээнд хүрэх юм.

 

- Та сая Биоланг хийж байгаа олон компани дэлхийд бий гэлээ. Дэлхийн хэчнээн орон энэ жорлонг хэрэглэдэг юм бэ?

- Яг хэчнээн орон үйлдвэрлэж байгааг хэлж мэдэхгүй ч дэлхий нийт хуурай жорлон руу л чиглэх хандлагатай байна.

Учир нь судалгаанаас үзэхэд хүмүүүс усыг ердөө гурван том хүчин зүйлд ашиглагдаж байна.

  1. Хөдөө аж ахуй
  2. Аж үйлдвэр
  3. Хүмүүсийн ахуйн хэрэглээ

Үүнээс хөдөө аж ахуйн усны хэрэглээг бууруулвал зөрөөд өлсгөлөн болох магадлалтай.

Аж үйлдвэр бол усны хэрэглээг багасгах тал дээр технологи нь тулчихсан. Зарим тохиодолд хув хуурай аж үйлдвэр явуулах боломжгүй.

Харин хүний ахуйн хэрэглээний усыг дотор нь гурав хуваана.

  1. Ус уух /өдөрт 2-3 литр ус л уудаг/
  2. Усанд орох
  3. Жорлон

Нэг айл л устай жорлонгоос татгалзахад цаана нь 20 гаруй айлын уух усны нөөц бий болно гэсэн судалгаа байдаг.

Хүний хэрэглэж байгаа нийт усны 60 хувь нь жорлонгийн ус татахад хэрэглэдэг. Бид нэг удаа бие засахад 5-6 литр ус зарцуулдаг. Мөн бид нэг өдөрт л 160 мянган тонн угаадас Төв цэвэрлэх байгууламж руу хаяж байна. Түүний 120 мянган тонн нь зөвхөн жорлонгийн ус юм.

 

- Биолан жорлонг суурилуулахад хэр уддаг юм бэ. Сонирхсон иргэд хаанаас яаж авах вэ?

-Бид таван үндсэн технологид суурилсан судалгаа хийж байгаад бид Жорлон 2.0 төслийг эхлүүлье гэж бодсон. Төсөл эхэлснээс хойш авсан 120 айл бүгд хүүгүй зээлээр авсан бөгөөд эргэн төлөлт нь 100 хувьтай байна.

Урьдчилгаа 20 хувь буюу 160,000 төгрөг төлөөд үлдсэн 80 хувийг нь 20 сард хуваан төлөх боломжтой. Хүүгүй учраас сард 32,000 төгрөг төлнө гэсэн үг.

Харин бүхээг, шүүлтүүр зэрэг дагалдах хэрэгслүүд захиалгаар хийх учраас загвар хийцээсээ шалтгаалж үнэ тус бүр нь өөр. Тиймээс үнийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай Мини шийдэл фэйсбүүк хуудаснаас авч, захиалгаа өгөх боломжтой. 

Мөн хүүгүй лизингээр өгч байгаа болохоор захиалах хүмүүс Мини- шийдэл аппликэшн татаж аван заавал хэлэлцээр үүсгэх хэрэгтэй юм. Энэ нь банканд очих цагийг хэмнэж байгаа хэрэг.

Түүнчлэн Биолан жорлонг бүх тоноглолтой нь суурилуулахад нүх ухахгүй учраас ердөө хагас өдөр л хангалттай.

Дашрамд хэлэхэд, жорлон суурилуулах нь өөрөө ашиг багатай наймаа. Учир нь нэг өдөр нэг жорлон суурилуулчихаад дараагийн хоёр өдөр ажилгүй байх магадлалтай. Тиймээс бид Мини шийдэл гэж хоршоо байгуулан ажиллаж байна.