Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 140 жилийн хугацаанд дөрөв дэх удаагийн хамгийн дулаан жил 2018 онд болж өнгөрөв

О.Булган, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

NАSA-гаас жил бүр гаргадаг дэлхийн дундаж температурын өөрчлөлт болон цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх судалгааны 2018 оны үр дүнг энэ сарын эхээр танилцуулжээ.

Тэгвэл энэхүү судалгаанд 2018 он сүүлийн 140 жилийн хугацаанд дөрөв дүгээрт бичигдэх хамгийн ДУЛААН жил болж өнгөрсөн гэсэн тооцоолол гарсан байна.

Өөрөөр хэлбэл дэлхийн дундаж температур 2018 онд өмнөх жилүүдээс нэг градусаар илүү нэмэгдсэн байна.

Ийнхүү сүүлийн 140 жилийн дотор дөрөв дүгээрт бичигдэх хамгийн дулаан жил болж өнгөрсөн нь АНУ-ын Калифорни муж, Грек улсад болсон томоохон хэмжээний ойн, хээрийн түймэр, Өмнөд Африк болон Энэтхэг улсад болсон хэт хуурайшилт зэрэг нь ийнхүү хэт дулаан жил болж өнгөрсний томоохон илрэл ажээ.

Түүнчлэн энэхүү цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгааны тэргүүнд хүний гараар бүтсэн хүлэмжийн хий болон түүний хэрэглээнээс үүдэн гардаг шатахуун түлш, занар зэргээс ялгардаг их хэмжээний дулаан болон химийн хорт бодисууд ихэд нөлөөлж байгаа юм.

NASA: 1970-2018 он хүртэлх дэлхийн дундаж температурын өөрчлөлт:

 
1970-2018 он хүртэлх дэлхийн дундаж температурын өөрчлөлт

Байгаль орчин, уур амьсгалын салбарын эрдэмтэд хэрэв хүн төрөлхтөн, бид дэлхийн дундаж температур, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудалд анхаарлаа хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байвал дэлхийн дундаж температур хоёр градусаар нэмэгдэхэд тун ойр ирсэн талаар анхааруулаад байна.

NASA График: 1880-2018 он хүртэлх дэлхийн дундаж температурын өсөлт. /2018 оноос өмнөх сүүлийн хамгийн дулаан жил 2016 онд болж байв/

 

NASA-гаас гаргасан энэхүү судалгаа нь Олон улсын далай, агаар мандлын удирдлагын байгууллагаас хийсэн судалгаатай аргачлалын хувьд ялгаатай хэдий ч ижил үр дүн гарч, давхацсан нь 2018 он хамгийн дулаан жил болсныг дахин нотлоод байгаа юм.

Мөн Япон, Индонези зэрэг байгалийн гамшиг олон давтамжтай гардаг улсуудтай харьцуулахад тийм ч их байгалийн үзэгдэл ажиглагддаггүй АНУ-д л гэхэд өнгөрсөн жил нийт 14 удаагийн томоохон байгалийн гамшиг гарсан ба эдгээрийн нэг аюулт үзэгдэл л гэхэд нийт нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол учруулжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын Олон улсын Зөвлөлөөс (IPCC) гаргасан нэгэн судалгаагаар дэлхийн дулаарал ердөө хагас хэмээр нэмэгдэхэд хэр зэрэг өөрчлөлтийг араасаа дагуулах эрсдэлтэйг тооцоолон танилцуулсан. Үүнд:

Хуурайшилт

Сүүлийн үед дэлхийн ихэнх улс уур амьсгалын хуурайшилттай нүүр тулгараад байгаа юм. Хэрэв дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл энэхүү хуурайшилтыг давж гарч чадахгүй болно гэсэн үг. Учир нь судлаачдын үзэж буйгаар дэлхийн дулаарал 1.5 хэмээс хэтрэхгүй тохиолдолд хуурайшилтыг давж гарах магадлал, боломж хэвээр үлдэх аж.

Дэлхийн ан амьтны тоо, төрөл буурна

Дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл манай гараг дээр буй хорхой шавжны тоо 18 хувиар, ургамал, зүлэг 16 хувиар, сээр нуруутан амьтдын тоо найман хувиар тус тус буурах эрсдэлтэй байна.

Их хур тунадас болон үерт автах магадлал

Хэрэв дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл өндөр газар оршдог, уул хад ихтэй бүс нутаг болох Зүүн Ази болон Хойд Америкийн бүс нутгаар урьд өмнө байснаас хамгийн их хур тунадас орох магадлалтай болж байна.

Мөсгүй Антарктидын тоо жил ирэх тусам ихэснэ

Цаг уур орчны судлаачдын хийсэн судалгаагаар дэлхийн агаарын дундаж температур 1.5 хэмээр нэмэгдэхэд Антарктид дахь мөсгүй зуны тоо 100 жилд нэг удаа тохиолддог байсан бол 2 хэмд хүрвэл 10 жил тутам нэг болох эрсдэлтэйг тус тус онцолжээ.

 

 

Эх сурвалж: NASA, New York Times