Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын температур 0.5 хэмээр өөрчлөгдөхөд л...

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын Олон улсын Зөвлөлөөс (IPCC) гаргасан нэгэн судалгаагаар дэлхийн дулаарал ердөө хагас хэмээр нэмэгдэхэд хэр зэрэг өөрчлөлтийг араасаа дагуулах эрсдэлтэйг тооцоолон танилцуулаад байна.

Асар их үйлдвэрлэл, хүний гараар бүтсэн санаатай болон санамсаргүй үйлдлүүдээс үүссэн уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын эсрэг хүчин чармайлт гаргахаар улс орнууд Парисын гэрээнд 2015 онд нэгдэж, үзэглэсэн билээ.

Энэхүү гэрээгээр улсууд дэлхийн дулаарлыг хоёр хэмээс хэтрүүлэхгүй, тогтоон барих амлалтыг аваад байсан юм. Хэдий гэрээ зурагдаад гурван жил өнгөрсөн ч улсууд хэр өөрчлөлтийг гаргасныг тэр бүр хэмжиж гаргахад бэрхшээлтэй юм.

Үүнтэй холбогдуулан зарим улсын тавьсан хүсэлтийн дагуу цаг уур, шинжилгээний олон улсын эрдэмтдийн баг агаарын дундаж температур ердөө 0.5 градусаар дээшилж, хоёр градуст хүрэхэд хэр их хэмжээний өөрчлөлтийг араасаа дагуулахыг дараах хүснэгтэд харуулахыг зорьжээ.

Дэлхийн хүрээлэн буй орчин, уур амьсгалын дулаарал одоогоор аль хэдийнэ нэг градуст хүрсэн байгаа ба 2030 он гэхэд 1.5 хэмд хүрэх магадлалтай байна.

Хуурайшилт

Сүүлийн үед дэлхийн ихэнх улс цаг уурын хуурайшилттай нүүр тулгараад байгаа юм. Хэрэв дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл энэхүү хуурайшилтыг давж гарч чадахгүй болно гэсэн үг. Учир нь судлаачдын үзэж буйгаар дэлхийн дулаарал 1.5 хэмээс хэтрэхгүй тохиолдолд хуурайшилтыг давж гарах магадлал, боломж хэвээр үлдэх аж.

Дэлхийн ан амьтны тоо, төрөл буурна

Дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл манай гараг дээр буй хорхой шавжны тоо 18 хувиар, ургамал, зүлэг 16 хувиар, сээр нуруутай амьтдын тоо найман хувиар тус тус буурах эрсдэлтэй байна.

Их хур тунадас болон үерт автах магадлал

Хэрэв дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл өндөр газар оршдог, уул хад ихтэй бүс нутаг болох Зүүн Ази болон Хойд Америкийн бүс нутгаар урьд өмнө байснаас хамгийн их хур тунадас орох магадлалтай болж байна.

Мөсгүй Антарктидын тоо жил ирэх тусам ихэснэ

Цаг уур орчны судлаачдын хийсэн судалгаагаар дэлхийн агаарын дундаж температур 1.5 хэмээр нэмэгдэхэд Антарктид дахь мөсгүй зуны тоо 100 жилд нэг удаа тохиолддог байсан бол 2 хэмд хүрвэл 10 жил тутам нэг болох эрсдэлтэйг онцолсон юм.

Энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхийн агаарын дундаж температур ердөө 0.5 хэмээр нэмэгдэхэд ямар их өөрчлөлтийг байгаль орчинд болоод хүн төрөлхтөнд авчирдгийг харуулж байгаа юм.

 

Эх сурвалж: World Economic Forum, World Resource Institute