Пүрэв гарагт 104 хууль бус цагаачийг тээвэрлэсэн АНУ-ын армийн нисэх онгоц Энэтхэг улсад газардсан билээ.
Энэ нь ерөнхийлөгч Трампын хууль бус цагаачдыг албадан буцаах арга хэмжээний хүрээнд Энэтхэгт ирсэн анхны онгоц байлаа.
Гэвч 40 цаг үргэлжилсэн урт нислэгээр эх орон нэгтнүүдийг нь буцаахдаа гинжилж, хүнлэг бусаар харьцсан явдал Энэтхэгийн олон нийтийг бухимдуулсан байна.
Өчигдөр нийслэл Дели хотод тус улсын сөрөг хүчний намын залуусын байгууллагын гишүүд Трампын дүрсийг шатааж бухимдлаа илэрхийлжээ.
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ирэх долоо хоногт АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Трамптай уулзах гэж байгаа юм.
Трамп, Моди нар маш нөхөрсөг дотно харилцаатай байдаг. Трамп нэг удаа Модийг өөрийн “жинхэнэ найз” гэж магтаж байв.
Цагаачдыг тээвэрлэсэн онгоцыг хүлээж авсан Пунжаб мужийн захирагч Кулдэп Сингх Даливал “цагаачлалын асуудлыг шийдвэрлэхэд найзын харилцаагаа ашиглах”-ыг Модид уриалжээ.
“Энэтхэгийн ард түмний тусын тулд ашиглаж чадахгүй бол ийм найз нөхөрлөл байх хэрэггүй” гэж тэр мэдэгдсэн байна.
“Онгоцонд суулгахаасаа өмнө бидний гарыг гавлаж, хөлүүдийг гинжээр холбосон. Хоол идэх болон жорлон орохдоо гав тайлахыг хүсэхэд цэргийнхэн маш ширүүн хандаж, хүлээж аваагүй. Тэд бидэн рүү яаж харж байсныг би хэзээ ч мартахгүй. Онгоц газардахын өмнө эмэгтэйчүүдийн гинжийг тайлсан. Харин биднийхийг онгоцноос буусны дараа орон нутгийн цагдаа нар тайлж өгсөн” гэж буцаагдаж ирсэн цагаачдын нэг 23 настай Акашдэп Сингх сэтгүүлчдэд ярьжээ.
Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Америкийн Колумб улсын ерөнхийлөгч Густаво Петро бас иргэдтэй нь хүнлэг бус харьцаж байгааг эсэргүүцэж, цагаачдыг тээвэрлэсэн АНУ-ын армийн хоёр онгоцыг хүлээж авалгүй буцааж байв.
Ерөнхийлөгч Трамп үүний хариуд худалдааны хориг арга хэмжээ авахаар сүрдүүлсний дараа Петро өөрийн зорчигч тээврийн онгоцоор иргэдээ татан авч байжээ.
Сүүлийн жилүүдэд АНУ-д хууль бусаар цагаачилсан Энэтхэгийн иргэдийн тоо эрс өссөн гэдэг.
Тухайлбал 2018-2019 оны хооронд 8,027 хүн ийм замаар цагаачилсан бол 2022-2023 онд 96,917 болж өссөнийг албаны тоо баримт харуулж байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!