Төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн иргэдийн ₮22.4 саяыг хувьдаа авсан эмнэлгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллага энэ сарын 02-06-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,426 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,091 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 767 хэрэг шинээр нээж, 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын гэмт хэрэг болон гэмт бүлэглэл байгуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан зарим хэргээс дурдвал:

  • Ц.Б нь эмнэлэгт тасгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн иргэдийн төлбөр болох 22.4 сая төгрөгийг байгууллагын дансанд тушаахгүй, өөртөө авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Г.А нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын ачаа барааг гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх хууль бус үүрэг чиглэл өгч, бусдад давуу байдал бий болгосныхоо хариуд бусдаас 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Т.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.