Н.Алтанхуяг: Шүүхийн шийдвэрийг сайн ойлгоогүй
Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан боллоо.
Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор шүүгдэгч Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлэхдээ "Сайн ойлгоогүй. Ямар ч байсан гурав цагаадсан байна. Хүчингүй болчих шиг боллоо.
Манай өмгөөлөгч хуулийнхаа юмыг ярьж байна. Угаасаа миний хэрэг байгаагүй. Одоо ч байхгүй. Мянга буцсан ч байхгүй. Энэ бол улс төрийн хэрэг учраас цаг хугацаа аваад байх шиг.
2023 онд анхны шүүх хурал болсон. Одоо дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Н.Алтанхуягийг явуулахгүй байх юм сан гэдэг санаа. Хаашаа ч юм мэдэхгүй л дээ. Хөлийг минь тушаад дөрвөн жил явлаа шүү дээ. Тэр л үргэлжилж байна" гэлээ.
Түүний өмгөөлөгч "Давж заалдах шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэлээ гэж харж байна. Энгийнээр тайлбарлавал хэрэгт байгаа нотлох баримт хангалттай үндэслэлтэй нотлогдоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох заалттай.
Гэтэл хэрэг дотор байхгүй баримт материалыг шалгасангүй гэдэг үндэслэлээр хэргийг буцааж байна. Энэ нь үндэслэлгүй шийдвэр" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


