ЦУОШГ: Хавар салхи 15м/с-ээс хүчтэй болох магадлал сард 5-7 удаа зарим жилд 10-15 удаа тохиолддог
Хаврын улиралд манай орны цаг агаарын нөхцөл эрс хувьсамтгай болж өндрийн фронтын бүс Монгол орны дээгүүр дамнан байрлаж, циклоны давтагдал нэмэгддэгээс эрс дулаарах хүйтрэх, салхины хүч ихсэж цасан болон шороон шуурганы ихэнх нь тохиолддог байна.
Улмаар хаврын улиралд их хэмжээний газар нутгийг хамарсан цаг агаарын аюултай болон онц аюултай үзэгдэл ажиглагдах магадлал өндөр болдог аж.
- Монгол орны нутагт ажиглагдаж буй бүх хүчтэй салхины 50 хувь 3-5 дугаар сард ажиглагддаг.
- Хүчтэй салхины 20 гаруй хувь нь 12:00-15:00 цагийн хооронд ажиглагддаг байна.
- Шороон шуурганы 61 хувь нь 3-5 сард ажиглагддаг аж.
Хавар салхи 15м/с-ээс хүчтэй болох магадлал сард 5-7 удаа зарим жилд 10-15 удаа тохиолддог байна.
Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1987, 1991, 2000, 2002, 2008, 2011, 2016 онд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говь, тал, хээрийн нутгаар 28-34м/с, 2002 онд Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 40 м/с хүрч онц хүчтэй цасан ба шороон шуурга шуурч байжээ.
Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол орны нийт нутгийг хамарсан хүчтэй салхи шороон болон цасан шуурга шуурч байгаль цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж улс оронд 2 тэрбум төгрөгийн хохирлыг учруулж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
