СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулжээ
Сонгуулийн Ерөнхий Хороо/СЕХ/-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулсан байна. Иргэн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын хувьд юу хийх шаардлагатай, ямар процессыг сайжруулах талаар тогтмол судалгаа хийж, түүндээ үндэслэн хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр санал боловсруулах үүргийг СЕХ хүлээдэг байна. СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар боловсруулсан талаар “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн сэтгүүлийн 2026 №1 дугаарт нийтлэгдсэн СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнийн ярилцлагаас товчлон хүргэж байна.
Тус ярилцлагад дурдагдсанаар гадаадад оршин суудаг, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл,
- Гадаад улсад байгаа иргэд санал өгөхдөө урьдчилан бүртгүүлэхгүй бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш санал өгөх боломжийг бүрдүүлэх,
- Санал авах өдөр саналаа өгөх боломжгүй сонгогчийн саналыг урьдчилан авах төрөл, хэлбэрийг нэвтрүүлэх,
- Санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах зэрэг сонгох эрхийг хангаж, санал авах арга, хэлбэрийг нэмэгдүүлэхтэй холбоотой санал боловсруулсан байна.
1993 онд зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь, 1997 онд 85.1 хувь, 2001 онд 82.9 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурсан.
Сонгуулийн ирц оролцоо буурч байгаа гол шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11,700 сонгогчийн хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-ны тайланд дурдсан үр дүнгээс үзвэл сонгуульд оролцоогүй шалтгааны 33.9 хувь нь “санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан”, 7.7 хувь нь оюутан, орон нутагт оршин суух хаягтай”, 0.5 хувь нь “гадаад улсад байсан” зэрэг шалтгаантай байсан нь дээрх өөрчлөлтийн саналыг боловсруулах шалтгаан болсон тухай СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ дурдсан байна.
Мөн тэрбээр "Албан бус тоо баримтаар Монгол Улсаас гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа 200.000 гаруй иргэн байдаг, харин статистик тоо баримтад дурдсанаар 120.000 орчим сонгогч гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа талаар мэдээлэл байна. Гадаад улсад байгаа иргэдийн сонгуулийн ирц оролцооны хувьд авч үзвэл, 2013 оны сонгуульд 6233 сонгогч бүртгүүлж 4248 сонгогч буюу 68.2 хувь, 2017 оны сонгуульд 7374 сонгогч бүртгүүлж 7209 сонгогч буюу 66.8 хувь, 2021 оны сонгуульд 7398 сонгогч бүртгүүлж 5568 сонгогч буюу 75.30 хувь байна. Өөрөөр хэлбэл, гадаад улсад байгаа иргэдээс санал авсан дээрх гурван удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт сонгогчийн талаарх статистик тоон мэдээтэй харьцуулан үзвэл 5-6 хувь нь сонгуульд оролцохоор бүртгүүлж, бүртгүүлсэн сонгогчдоос дунджаар 65 хувь нь сонгуульд оролцож, сонгох эрхээ хэрэгжүүлсэн байдаг.
Улирлын шинж чанартай ажил, хөдөлмөр эрхэлдэг 56,000 (уул, уурхай, ач тээвэр), оюутан 20,000, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд буюу буюу шатны сонгуулийн байгууллагад сонгуулийн үед ажилладаг 46,000 төрийн албан хаагч буюу нийт 250,000 орчим сонгогчийн сонгох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, түүнд шаардлагатай эрх зүйн орчныг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
