Уншиж байна ...

Канадыг АНУ-д уусган нэгтгэх Трампын санаа “бодитой зүйл” болохыг Трюдо анхааруулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт бизнесийн салбарынхан, үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай хаалттай хаалганы цаана уулзахдаа Канадын ерөнхий сайд Жастин Трюдо улс орныг нь АНУ-д нэгтгэх Трампын санаа “бодитой зүйл” болохыг анхааруулжээ.

Хаалттай уулзалтын үеэр тэр ингэж ярихдаа чанга яригч нээлттэй байгааг анзаараагүйгээс гадна талд сонсогдсоныг Торонто Старс сонин анх мэдээлсэн юм.

Трюдо ингэж хэлснийг Канадын засгийн газрын эх сурвалж бас баталсан байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялснаасаа хойш өөрийн хойд хөрш Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох санааг дахин дахин илэрхийлэх болсон.

“Тэд манай нөөц баялаг, бидэнд байгаа зүйлсийн талаар маш сайн мэддэг бөгөөд үүнээс ашиг хүртэхийг маш их хүсэж байгаа. Ноён Трамп үүнийг хэрэгжүүлэх хамгийн хялбар арга Канадыг өөртөө уусган нэгтгэх гэж бодож байна. Энэ бол бодитой зүйл юм” гэж Трюдо хэлжээ.

Канад бол АНУ-ын газрын тос болон бусад ашигт малтмалын гол нийлүүлэгч юм.

Трамп энэ сарын эхний өдрөөс эхлэн Канадын импортын бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноох захирамж гаргаж байв.

Үүнийгээ АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачид, сэтгэцэд нөлөөлөх фентанил бодисын урсгалыг хязгаарлах тал дээр Канадын тал арга хэмжээ авахгүй байгаатай холбон тайлбарлаж байлаа.

Харин Даваа гарагт тэр Канадын талтай хилийн хамгаалалтыг чангатгах тохиролцоонд хүрсэн тул импортын татварын хэрэгжилтийг 30 хоногоор хойшлуулж байгаагаа зарласан юм.

Үнэндээ АНУ-ын хил дээр хураагдсан бүх төрлийн мансууруулах бодисын ердөө 0.2 хувь Канадын хил дээр хураагддаг гэсэн албаны тоо баримт байдаг.

Тиймээс Трампын сүрдүүлэг өөр зорилготой мэт харагдаж байгаа.

Гэхдээ Трампын худалдааны ахлах зөвлөх Питер Наварро энэ долоо хоногт ярихдаа Канад улсыг хар тамхины жижиг хэмжээтэй, татваргүй тээвэрлэлтийн гол эх үүсвэр гэж нэрлэсэн бол бас тус улсыг терроризмын хяналтын жагсаалтад байдаг хүмүүсийг АНУ-д нэвтрүүлдэг гэж буруутгажээ.

Канад улсын бүх экспортын 75 хувь АНУ-д гардаг тул худалдааны хориг арга хэмжээнээс их хохирол амсах нь тодорхой байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters