Олон нийтийн газарт гар утас хэрэглэх соёлтой холбоотой нэг үйл явдлын талаар Францын хэвлэлүүд мэдээлжээ.
Өөрийгөө Дэвид гэж сэтгүүлчдэд танилцуулсан нэг эр өнгөрсөн Ням гарагт тус улсын баруун бүсийн Нант хотын төмөр замын өртөөн дээр галт тэрэг хүлээж байхдаа эгчтэйгээ гар утсаар ярьсан байна.
Ингэхдээ тэр утасныхаа чанга яригчийг (loudspeaker) ашиглаж байжээ.
Энэ үеэр Францын төрийн өмчит SNCF төмөр замын компанийн ажилтан Дэвидэд чанга яригчаа хаахыг анхааруулсан байна.
“Төмөр замын хамгаалалтын ажилтан надад дөхөж ирээд чанга яригчаа хаахгүй бол 150 еврогоор торгохыг анхааруулсан. Би эхэндээ түүнийг тоглож байна гэж бодсон. Гэтэл тэр тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд надад шууд торгууль бичсэн” гэж Дэвид ярьсан байна.
Торгуулийг газар дээр нь шууд төлөөгүй тул хэмжээ нь 200 евро болж нэмэгдсэн гэнэ.
Тэрбээр энэ шийтгэлийг давж заалдахаар өмгөөлөгч авснаа бас хэлжээ.
Гэхдээ сүүлийн үед олон нийтийн дунд чихэвч хэрэглэлгүйгээр утсаар ярих, видео үзэж зэрэг үйлдэл бүдүүлэгт тооцогдох болж, зарим байгууллагууд хориглодог болсныг дээрх жишээнээс харж болохоор байна.
Британийн бүх төрлийн ёс зүйн дүрмийг эмхэтгэн гаргадаг Debrett’s товхимлын 2023 оны дугаарт “Утасны яриаг зөвхөн өөртөө үлдээ. Хэрэв та олон нийтийн газарт видео дуудлага хийж байгаа бол (эсвэл утсаа чихэндээ ойртуулж барихаас залхуурсан бол) чихэвч ашиглах ёстой. Хэн ч таны утасны яриаг хүчээр сонсох ёсгүй. Энэ нь бусдын анхаарлыг сарниулах, тав тухыг алдуулах, эвгүй байдалд оруулах үйлдэл юм. Цаад талын хүн тань яриаг нь галт тэргэнд яваа бүх хүн сонсож байгааг мэдвэл дургүйцэх магадлалтай” гэж энэ талаар бичжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!