Уншиж байна ...

"The MongolZ" баг нэг сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэг сая ам.долларын шагналын сантай "Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээний Playoffs шатанд үлдсэн зургаан багийн тоглолт өнөө шөнө эхэлж байна. 

Энэ тэмцээнд урилгаар оролцож буй манай улсын "The MongolZ" баг шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө Туркийн "Eternal Fire" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0-оор хожлоо. 

Манай улсын хөвгүүд эсрэг багийн сонгосон "Anubis map" дээр довтлох талаасаа эхэлж, 8:4-өөр байраа сольсон. Хамгаалах талаасаа таван үе авснаар 13:8 гэсэн онооны харьцаатай эхний "map" дээр ялалт байгуулсан.

Үргэлжлүүлэн өөрсдийнхөө сонгосон "Mirage map" дээр гурван удаа нэмэлт үе гаргасны эцэст 22:18 онооны харьцаатай хожлоо. 

Ийнхүү "The MongolZ"-ийн хөвгүүд шөвгийн дөрөвт Францийн "Team Vitality" багтай энэ сарын 8-ны 22:45 цагт тоглохоор болж байна. Хэрэв тус тоглолтод хожвол энэ тэмцээний аваргын төлөө тоглох эртэй болно.

Манай улсын багийн хувьд "Team Vitality" багийн эсрэг гурван удаа тоглохдоо нэг ч удаа хожоогүй гэсэн үзүүлэлттэй байгаа. Чансаа өндөр тэмцээнүүдийн үеэр Францийн багтай таван "map" дээр тоглосон боловч нэг л удаа нэмэлт үе гаргаж байжээ. 

"Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээний Playoffs шатанд нийт зургаан баг тоглодог бөгөөд хэсгээсээ нэгдүгээр байраар гарсан хоёр баг шөвгийн дөрөвт шууд шалгардаг. Харин хэсгээсээ хоёр, гуравдугаар байраар шалгарсан багууд хоорондоо шөвгийн дөрвийн төлөө өрсөлддөг.