Уншиж байна ...

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах тухай санал гаргаж буйгаа мэдэгдлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2 цаг 42 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах тухай санал гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Түүний гаргасан энэхүү саналд УИХ-ын 32-оос дээш гишүүн гарын үсэг зурснаар албажиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боломжтой болох юм байна.

Энэхүү саналыг 32-оос дээш гишүүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын гурав хоногийн дотор хэлэлцэж эхлээд 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстойг хуульд заасан байдаг. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахдаа дараах зүйлсийг үндэслэсэн байна. Үүнд:

  1. Хүний эрх, эрх чөлөө алдагдсан. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өвлийн морин уралдааныг зогсоох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргасан атал түүнийг үгүйсгэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ нь эрх зүйт төрийн эсрэг шийдвэр юм. Мөн үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шахан хавчих, олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гутаан доромжлох зэргийг Засгийн газраас зохион байгуулж байгаа нь олон нийтэд ил болсон. Түүгээр ч зогсохгүй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуулийн байгууллагаар шалгуулах, гэр бүл, хамаарал бүхий этгээдэд нь Засгийн газрын харьяаны байгууллагаас шалгуулах зэргээр дарамт шахалт үзүүлдэг.
  2. Хуулийн хэрэгжилт, засаглалын хямралын талаар. Шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж, олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг гутаах, шүүхэд итгэх итгэлийг сулруулах ажлыг зохион байгуулж байгаа нь засаглалын хямрал руу түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох эрсдэлийг бий болгож байна. УИХ‑аар яаралтай хэлэлцэх асуудлыг Засгийн газраас оруулж ирэн, өөр санал бодолтой байгаа гишүүд рүү илтэд дайрах, олон нийтийн сүлжээнд нэр төрийг нь гутаах ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж, Үндсэн хуулийн хямралыг өдөөж байна. Монголын төр дэлхийн хамгийн хурдтай авлигад идэгдэж байгаа улс орны нэгд бичигдэж байна.
  3. Эдийн засгийн бодлого хумигдаж, чөлөөт зах зээлийг боомилж байгаа талаар. Макро эдийн засгийн бодлогогүй, эрдэс баялгийн салбарын орлогод дулдуйдсан хэт үрэлгэн төсөв нь үнийг өсөлтийг гааруулж байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай өөрийнхөө албан бланк дээр үйлдээд гишүүдийн гарын үсгийг цуглуулахад бэлэн болж байна. Хэдхэн сарын өмнө болсон сонгуулиар юу ярьж, юу амлаж байснаа гишүүд маань эргэн санаад нам харгалзахгүйгээр үнэт зүйлээ хамгаалахын төлөө нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдрийн байдлаар Ж.Баярмаа гишүүн нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Цаашид нэмэгдэж гарын үсэг зурах гишүүдийн талаар мэдээлээд явна. Мөн зурахгүй байгаа гишүүдийг шалтгаантай нь мэдээлнэ.

Одоо яригдаж байгаа угаарын улмаас иргэд нас барсан харамсалтай явдлаас болж Ерөнхий сайдыг огцор гээд байгаа юм биш. Энэ харамсалтай явдал нэг шалтгаан нь. 2022 оноос хойш буюу Ерөнхий сайд болсон цагаасаа хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хэрэглэж байгаа арга нь ардчиллыг бага багаар хумьж байна. Дарангуйллыг бага багаар тогтоож байгааг нь шүүмжилсээр ирсэн.

Иргэд нь гэр бүлээрээ нас барчхаад байхад Ерөнхий сайд нь тэр мэдээллийг хаах гэж оролдохын оронд гарч ирээд эмгэнэл илэрхийл л дээ. Үүнийг хүлээж байна.

Ерөнхий сайд эрх мэдлээ тогтоон барихын тулд хэрэглэж байгаа арга нь энэ хүний хандлагын илэрхийлж байна. Монголын төр, Монголын Засгийн газар ийм хандлагатай хүний гарт удаан байж болохгүй. Дарангуйлал тогтчихоод байна.

Өнөөдөр төрийнхөн хүнтэй утсаар ярьж, уулзаж чадахгүй болсон. Хүнтэй уулзахаар хардаж сэрддэг. Жагсаал цуглаан хийж болохгүй болсон. Жагсахаар компаниудыг санхүүжүүлж байна гэж харддаг. Энэ мэтчилэн бүгдийг барьж байна. Гэхдээ тийм боломжгүй. Тийм боломжгүйг дэлхийн түүх харуулна. Тэр залуу ядаж нэг ном бүтэн уншсан бол боломжгүй гэдгийг мэдэх ёстой" гэв.