Жил өнгөрөх тутамд Монголын спортын салбарт цоо шинэ үйл явдал болсоор байна. Хойд хөршид хөлбөмбөгийн ДАШТ болж буйтай зэрэгцэн Монголын спорт барааны зах зээлд нэгэн шинэ бүтээгдэхүүн олны хүртээл болж эхэлсэн нь хөлбөмбөгийн бөмбөг юм. “Зэв” нэртэй энэхүү бөмбөгийг Германд 100 ширхгийг экспортолжээ. Үхрийн ширээр хийсэн эх орны бөмбөгийг Сүхбаатар аймгийн “Morning star” клубийн дасгалжуулагч Г.Дүгэрсүрэн санаачилжээ. Тэрбээр “Монгол бөмбөг” төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Анх “Монгол бөмбөг” төслийг хэрэгжүүлэх санаа хэзээ төрөв?
-Хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Ер нь бол онцгой түүхтэй л дээ. Би дасгалжуулагч хүн. Хүүхдүүдээ бэлтгэл хийлгэх гэхээр бөмбөгийн гачигдалд орно. Ердөө гуравхан бөмбөгтэй учраас түүнийг хүүхдүүдээ харамладаг. Бэлтгэл хийж дууссаны дараа хураагаад л авна. Хагалах вий гэдгээс болгоомжилж байгаа хэрэг. Угтаа бол бөмбөг хайрлаж, хадгалах биш хэрэглэх ёстой шүү дээ. Даанч хүрэлцээ муу, тэр бүр байнга бөмбөг авах боломж гарахгүй. Монголд ийм зовлон их.
Хүүхэд бүр өөрийн гэсэн бөмбөгтэй бол өдөр бүр бэлтгэл хийж, ур чадвараа нээх оролдлого хийнэ, авьяасаа нээнэ. “Бөмбөгийг хэрэглэх гэж бүтээдэг, харин хүүхэд хайрлагдах гэж төрдөг”. Энэ бол миний дэвшүүлж буй уриа үг. Тиймээс бид монгол хүүхэд нэг бүрийг бөмбөгтэй болгоно гэж зориод төслөө амжилттай эхлүүлээд явж байна. Бид бөмбөгөө “Зэв” гэж нэрлэсэн.
-Бөмбөгийн материал монгол үхрийн шир гэсэн. Ширээ өөрсдөө боловсруулж байна уу?
-Үгүй, “МонгалШивро”компаниас авдаг. Манай улсад гутал, цүнх, хүрэм зэрэгт зориулж арьс ширийг үйлдвэрлэдэг байсан. Харин энэ удаа бидэнд зориулж хөлбөмбөг хийхэд тохирсон стандартын дагуу арьс үйлдвэрлэж өгч байна. Бид бөмбөгөө талбайн болон футзалны гэсэн хоёр төрлөөр хийдэг.
-Хаана үйлдвэрлэдэг юм бэ?
-Сүхбаатар аймагт нэг үйлдвэр бий. Мөн Улаанбаатар хотод нэгийг нь нээж байгаа. Манай үйлдвэрийн ажилчид хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэднийг сургаад, ажлын байраар хангаж байна. Бүх зүйлийг гараараа хийж оёдог. Технологийн хувьд бид Кениэс багш нар авчирч бүх арга техникээ заалгасан. Бөмбөгнүүд нэг удаа хадаас хатгаад хагалах, оёдол задрах гэх мэт асуудал гарна.
Хагарч, задарсан бол хэрэггүй болдог. Харин биднээс авсан тохиолдолд аваад л ирэхэд манай ажилчид засварлаад л өгнө. Нэг ёсондоо эх орондоо үйлдвэрлэж буйн давуу тал энэ. Нэг бөмбөгийг нэг удаа 48 мянган төгрөгөөр худалдаж аваад удаан эдлэх боломжтой.
-Үнийн хувьд Монголын зах зээлд арай үнэтэй биш үү?
-Магадгүй. Гэхдээ бид ашгийн төлөө хийгээгүй. Ердөө л арьсны үнэ, ажилчдын цалин, түүхий эдийн зардлаа тооцоод л ийм дүн тогтоосон. Гэхдээ энэ бол сайн чанарын бөмбөг. Дэлхийн жишигт нийцсэн бөмбөгтэй харьцуулахад хямд үнэтэй. Хамгийн гол нь борлуулалтаас гарсан ашгаа 100 хувь хүүхдийн хөлбөмбөгийн хөгжилд зориулна.
-Стандартад нийцэж чадах болов уу?
-Нийцсэн. Монгол ширээр хийсэн. Мөн стандартыг жин, хийн даралт, таван хэмжээг нь хардаг. Энэ нь яг таарсан байгаа. Одоо хамгийн гол нь хэрэглээгээр чанарыг нь шалгах юм.
-Танай төсөл хэр удаан үргэлжлэх бол?
-Юун түрүүнд “Зэв” брэндийн футзалны болон талбайн бөмбөгийг танилцууллаа. Одоо 2020 онд “Зэв” брэндийн бөмбөгийг олон улсын стандартын дагуу дэвшилтэд технологи бүхий үйлдвэрлэлд шилжүүлнэ. Дараагийн зорилго 2038 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдаа төслийн хүрээнд бүрэн дэмжин ажиллах гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Төслийг Монголын хөлбөмбөгийн холбоо дэмжиж байна уу?
-Бидэнд дэмжлэг үзүүлж сайшааж байна. Тэгэхгүй бол дангаараа хүүхэд бүрт бөмбөг хүргэж чадахгүй. Энэ дашрамд манай төслийн талаар “Нэг хүүхэд, нэг бөмбөг" фэйсбүүк хуудас болон 9327-7777 гэсэн утсаар лавлаж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!