Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын биржид бүртгэгдсэн 30 гаруй Монгол компани үнэт цаасаа дотоодод арилжих боломжтой боллоо

Б.Ану
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин 2013 онд бүрдсэн хэдий ч бүртгэлийн ажиллагааг зохицуулах нарийвчилсан журам батлагдаагүй байснаас гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд Монголын Хөрөнгийн Биржид (МХБ) давхар бүртгүүлэн үнэт цаасаа арилжих боломжгүй байсан билээ.

Иймд  МХБ болон Санхүүгийн Зохицуулах Хороо үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах  журам боловсруулан, Санхүүгийн зохицуулах хорооны  2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар баталсан талаар МХБ мэдээлжээ. 

Үнэт цаас давхар бүртгүүлэх компаниуд нь ихэнхдээ гадаад улсад үүсгэн байгуулагдаж, үнэт цаасаа бүртгүүлсэн, улмаар гадаадын хууль тогтоомжийг мөрддөг учраас дотоодын зах зээлд үнэт цаасаа давхар бүртгүүлэн арилжихад анх бүртгүүлэхэд тавигдах шаардлага болон хувьцаат компанийн байнгын үүргийн хэрэгжилтийг хангах зэрэгт тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх зайлшгүй шаардлага тулгардаг байна. 

Тиймээс гадаадад бүртгэгдсэн компаниудын биржид бүртгүүлэх нөхцөл шаардлагаа олон улсын компаниар гүйцэтгүүлснийг дотоодын компанийн дүгнэлттэй дүйцүүлэн хүлээн авах зэргээр төвөг чирэгдэл багатай байх зохицуулалтыг энэ журамд тусгаснаараа онцлогтой ажээ. 

Иймд, уг журмын дагуу гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад давхар бүртгэгдэх хамгийн том шаардлага нь тухайн компанийн анх бүртгэгдсэн бирж нь Хорооноос баталсан зөвшөөрөгдсөн гадаадын 26 биржүүдийн жагсаалтад багтсан байх ёстой. 

Энэхүү журам батлагдсанаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг боловч гадаадын хөрөнгийн биржид бүртгэгдсэн 30 гаруй уул уурхайн компаниуд Монгол улсад үнэт цаасаа гарган арилжих, улмаар ард иргэд, олон нийт эдгээр компанийн хувьцааг эзэмшиж, бизнесийн үр ашиг, эрсдлийг хуваан үүрэх боломжийг бүрдэж байгаагаар түүхэн чухал ач холбогдолтой талаар МХБ мэдээлжээ.