Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтай: Хөрөнгийн бирж хувийн эзэмшилд байх хэрэгтэй

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 6 сарын 12
Зууны мэдээ
 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Үүгээрээ тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайг урилаа. Тэрбээр “Улсыг хөгжүүлэхийн тулд Хөрөнгийн биржийг хувьд байлгах нь маш чухал. Олон улсын жишиг ч ийм байдаг. Бид ч мөн дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Мэдээж хууль эрх зүйн орчноор төрөөс зохицуулалтаа хийгээд л явна шүү дээ” гэж байв.

 ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН СУУРЬ БУЮУ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

-Монгол Улсыг хөгжүүлэхэд тулах нэг багана нь яалт ч үгүй хөрөнгийн зах зээл. Хэдийгээр олон улсын төвшинд хүрч хөгжиж чадаагүй ч манай хөрөнгийн зах зээл Монголын нэн шинэ түүхэнд маш том үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1990 онд Монгол Улс улстөр, эдийн засгийн хос шилжилтийг хийсэн. Үүний эдийн засгийн шилжилт нь Хөрөнгийн биржээр дамжуулж хийгдсэн юм. Тухайлбал 500 орчим төрийн өмчит аж ахуйн нэгжийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчилсан. Бирж маань шилжилтийн үеийн түүхэн үүргээ амжилттай биелүүлээд хөгжлийнхөө дараагийн шат руу явж байна.

Хөрөнгийн бирж болон хөрөнгийн зах зээл нь аж ахуйн нэгж, бизнесүүдэд хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэр олгох зорилгоор оршиж байдаг дэд бүтэц юм. Энэ утгаараа манай зах зээлийн үзүүлэлтүүд үнэхээр чамлалттай гэдгийг хүлээн зөвшөөрнө. Сүүлийн 26 жилийн хугацаанд биржээр дамжуулж хувьчлагдсан 500 компанийг эс тооцвол 20 хүрэхгүй компани хөрөнгийн эх үүсвэрээ Хөрөнгийн биржээр дамжуулан босгосон байдаг. Үүнийг би чамлалттай гээд байгаа юм.

Хөрөнгийн зах зээл олон байгууллагаас бүрддэг. Нүүр нь Хөрөнгийн бирж. Цаана нь үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага, хадгаламжийн байгууллага, үнэт  цаасны арилжааны компаниуд байдаг. Эдгээрийн хууль эрх зүйн орчин, дүрэм журмыг мөрдүүлж, хяналт зохицуулалтыг хийдэг байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо. Манайх шиг хөгжиж байгаа жижигхэн зах зээлд энэ бүтэц нь нүсэрдэж, зарим давхардлыг бий болгодог.  

ХӨРӨНГИЙН БИРЖ ЗӨВХӨН ХҮНД ХАРАГДАХ ХЭСЭГ НЬ 

-Хөрөнгийн зах зээлийн тухай ярихаар ихэнх хүмүүс ганцхан Хөрөнгийн бирж байдаг мэтээр ойлгодог. Гэхдээ энэ нь зөвхөн хүнд харагдах хэсэг юм шүү дээ. Хөрөнгийн зах зээлийн хөгжил дээрх байгууллагуудын хамтын ажиллагаанаас шууд хамааралтай. Тэр дундаа Санхүүгийн зохицуулах хорооны бодлого зохицуулалтаас хамааралтай гэдгийг энд онцлон тэмдэглэе. Хөрөнгийн зах зээлийн тулгуур нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль. Энэ хууль 2013 онд шинэчлэн батлагдсан.

Олон улсын стандартад нийцсэн муугүй хууль болсон гэж боддог. Энэхүү хуулиар хөрөнгийн зах зээлд дутагдаж байсан үнэт цаасны хадгаламж буюу кастодиан, олон улсын санхүүгийн зах зээлд байдаг давхар бүртгэл, хадгаламжийн бичиг зэрэг шинэ бүтээгдэхүүн орж ирэх нөхцөл бүрдсэн. Хэдийгээр хуулиа шинэчилсэн ч бүрэн хэмжээгээр нь ашиглаж чадахгүй л байна.

ОЛОН НЭР ТӨРЛИЙН БАРААТАЙ ЛАНГУУ БАЙХ НЬ ЧУХАЛ

-Хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүний тоо цөөн байгаа талаар хүмүүс шүүмжилдэг. Бас зах зээлийн хөгжил муу байгаа тухай ч ярьдаг. Үүнийг буруутгах аргагүй. Хөрөнгийн зах зээлийг зөв голдрилоор нь хөгжүүлж, санхүүгийн салбарын нэг тулах цэг болгохын тулд энэ зах зээлд мөнгө чөлөөтэй эргэлдэх орчныг бүрдүүлэх ёстой. Нийгмийн даатгалын сангийн эрх зүйн орчныг шинэчилж хувийн тэтгэврийн сангууд бий болгох талаар сүүлийн үед дорвитой яригдаж байгаад талархалтай байна. Яагаад гэвэл, гаднын улс орны хөрөнгийн биржүүд дээр эргэлдэж байгаа мөнгөний дийлэнх нь хувийн даатгалын сан, тэтгэврийн сангийн хөрөнгө байдаг. Манайд энэ нь огт байдаггүй.

Монгол Улсын хувьд санхүүгийн салбар нь банкны систем давам­гайл­сан хөгжилтэй гэдэг. Учир нь бизнес эрхлэгчид хөрөнгийн эх үүсвэрээ олохдоо арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авдаг. Харин хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлээс хөрөнгө босгох явдал бараг байдаггүй. Учир нь зах зээлийн нүсэр бүтэц, байгууллагуудын уялдаа муугаас болж үнэт цаас гаргагчид хугацаа алддаг.

Үнэт цаасаа гаргах процесс нь давхардал ихтэй байдгаас энэ зах зээлд ирэхээс халширдаг. Түүнчлэн зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд байхгүй. Төлбөр тооцооны механизм нь гаднын хөрөнгийг манай зах руу татахад эрсдэлтэй болгодог учраас энэ зах дээр хөрөнгө хомс байна. Дахин хэлэхэд эдгээрийг засаж янзлах амархан. Гагцхүү байгууллагуудын уялдааг сайжруулж, давхардлыг арилгаж, бүтцийг цомхон болгох шаардлагатай. Ингэсний үр дүнд хөрөнгийн бирж олон нэр төрлийн бараатай лангуу болно.  

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОН ДААТГАЛЫН САНТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

-Одоо манай улсын хувьд урт хугацааны хөрөнгө оруулалтай гэж хэлж болох тэтгэврийн сангуудыг үүсгэж тэдгээрийн мөнгийг хөрөн­гийн зах зээл рүүгээ оруулж ирэх хэрэгтэй байгаа юм. Ингэснээр томоохон төслүүд болон том компаниудын өгөөжийг иргэд шууд хүртэх боломж бүрдэнэ. Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан мөнгийг хөрөнгийн зах руугаа оруулж томоохон компаниудад хөрөнгө оруулалт хийснээр компаниуд хямд хөрөнгийн эх үүсвэртэй болох юм.

Харин иргэд тэдгээрийн үйл ажиллагаанаас ашиг хүртэх боломж бүрдэнэ. Жишээлбэл Америкийн дундаж амьдралтай иргэн манай Оюутолгой ордын үйл ажиллагаанаас тэтгэврийн сангаараа дамжуулан ашиг хүртэж байна. Учир нь түүний ирээдүйд авах тэтгэврийг нь хуримтлуулж байгаа сан Нью Йорк, Лондон, Торонтогийн хөрөнгийн биржид арилжаалдаг TRQ, Rio Tinto компаниудад хөрөнгө оруулдаг.

Манай улсын хувьд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн асуудал яригдаж байна. Үүгээр хувийн тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоог бий болгох хөрс бүрдэнэ. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Гаднын иргэн манай улсын уул уурхайн баялгаас ашиг хүртэж байгаа тухай ам уралдан ярихаас илүүтэй, өөрсдөө яаж ашиг хүртэх тухай бодох хэрэгтэй. Ингэхийн тулд хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгож Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан томоохон компаниудад хөрөнгө оруулалт хийх механизмыг нь бүрдүүлэх шаардлагатай. Энэ нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бас нэг хөшүүрэг болно

 ТӨЛБӨР ТООЦООНЫ ТОДОРХОЙ БАЙДАЛ ХЭРЭГТЭЙ

-Манай улсын хөрөн­гийн зах зээл рүү гаднын хөрөнгө оруулалтын сан оруулах боломж байдаггүй. Мөнөөх л тогтолцоо маань олон улсын стандартад нийцэж чадаагүй байдлаас улбаатай. Тухайлбал хөрөнгийн захын төлбөр тооцооны механизм нь тэдний стандартад нийцээгүй, хэт эрсдэлтэй. Хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцоог биржээс тусдаа байгууллага хариуцан хийдэг. Энэ нь манай биржийн шууд хийдэг ажил биш хэдий ч  бид үүнд манлайлан оролцож олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хөрөнгийн захаа хөгжүүлье гэвэл гаднын хөрөнгийг зах руугаа татах шаардлагатай.

Ингэхийн тулд төлбөр тооцооны механизмаа сайжруул гэдэг бол аксиом. Олон улсын сангууд болон санхүүгийн томоохон байгууллагууд манай улсад төлбөр тооцооны механизмыг олон улсын төвшинд хүргэх шаардлагыг тавьдаг. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа боловч Санхүүгийн зохицуулах хорооны дэмжлэг нэн тэргүүнд хэрэгтэй байна.

Өнөөгийн манай төлбөр тооцооны механизм нь гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхэд хаалт болж байна. Учир нь манай зах зээл дээр урьдчилж мөнгөө байршуулснаар арилжаа хийх нөхцөл бүрддэг. Хувьцаа худалдаж авъя гэж байгаа гаднын хөрөнгө оруулагч нэн тэргүүнд мөнгөө монгол төгрөгөөр байршуулсны дараа хувьцаагаа худалдаж авна. Энэ нь валютын ханшийн зөрүү гэх мэт хэд хэдэн эрсдэлийг шууд үүсгэдэг.

Харин олон улсад эхлээд хэлцлээ хийчихээд 2-3 хоногийн дотор төлбөр тооцоогоо гүйцэлдүүлэх тогтолцоотой. Монголын хөрөнгийн зах зээлийн урьдчилсан төлбөрт системийг өөрчлөх цаг нь болсон. Бид анх 2012 онд олон улсын стандартад нийцүүлэх ажлуудыг хийж байсан боловч хожим буцаасан байна лээ. Энэхүү механизмыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан байдаг, бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд харилцан хамааралтай ажилладаг байгууллагуудын нягт уялдаа холбоо чухал.

ДАВХАРДЛЫГ АРИЛГАХ НЬ ЦАГ ХУГАЦААГ ХЭМНЭНЭ

Бизнес цагтай уралддаг. Тиймээс хөрөн­гийн зах зээлээс мөнгө босгохын тулд банкнаас зээл хөөцөлдсөнөөс ч бага хугацаа зарцуулдаг болгох хэрэгтэй байна. Шинэ Үнэт цаасны хуулиар Хөрөнгийн бирж нь Өөрийгөө зохицуулах байгууллагын статустай болсон. Тиймээс үнэт цаас гаргах аж ахуйн нэгжийн материалыг шалгаад, Санхүүгийн зохицуулах хороо арилжаа хийх эрхийг нь нээдэг.

Гэтэл амьдрал дээр үнэт цаас гаргах материалын шалгалтыг бирж болон Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь дав­хар шалгагддаг хэвээр байна. Энэ нь давхардал үүсгэж цаг алдахад хүргэдэг. Магадгүй энэ давхардал маань бизнесүүд хөрөнгийн зах зээлээр дамжиж хөрөнгө босгохоос дайжих хүчин зүйл болж байгаа болов уу. Энэ давхардлыг нэн тэргүүнд арилгах хэрэгтэй. Энэ нь цаг хугацааг хэмнэх нэг хөшүүрэг юм.

Зураг