Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулалтын банкны эргэн тойронд

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 5 сарын 1
Зууны мэдээ

Хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирэх асуудлаар маргаантай зүйлүүд яригдсаар байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк Хөгжлийн банкнаас юугаараа ялгарах вэ. Гаднын банкыг оруулж ирснээр үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэх мэтчилэн ярьж буй. Харин энэ удаад МУИС-ийн ЭЗС-ийн доктор Л.Оюун, “ХАС” банкны гүйцэтгэх захирал М.Болд нарын байр суурийг сонирхлоо.

 

Л.Оюун: ЭРСДЭЛИЙГ ХААХ ХАМГААЛАЛТАА САЙН ХИЙВЭЛ АСУУДАЛГҮЙ

-Гаднын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх хэд, хэдэн үндэслэл бий. Манай улс хөгжихийн тулд хөрөнгө зайлшгүй шаардлагатай. Тиймээс дотоодоос босгох боломжгүй үед гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх хэрэгтэй. Нөгөө талаас болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, гаднын банканд барьцаалсан хөрөнгийг алдах нь эрсдэлтэй гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ авсан зээл өр болж үлдэнэ гэж ойлгож болохгүй.

Бид орлого бүтээж чадах, үр ашигтай төслийг санхүүжүүлснээр хөгжих боломж бүрдэнэ. Түүнчлэн гаднын хөрөнгө оруулалтын банк орж ирснээр банкны зээлийн хүү буурах боломжтой. Сүүлийн үед гаднын хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирснээр үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх мэдээлэл гарч байгаа харагдсан. Гэвч бүхий л зүйлийг харлуулах хэрэггүй гэж боддог. Ер нь бизнес эрхлэгч хэзээ ч өөрийн хөрөнгийг алдана гэж үйл ажиллагаа эрхэлдэггүй. Аль болох хөгжүүлж, өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Тиймээс хэтрүүлэг хэрэггүй гэдгийг онцолмоор байгаа юм. Гаднын хөрөнгө оруулалтаар хөгжсөн улс орнууд олон бий. Тухайлбал, Хятад хөгжих үед гаднын хөрөнгө оруулалтын банк орж ирж санхүүжилт босгосноор улсаа хөгжүүлсэн юм шүү дээ.

Гаднын хөрөнгө оруулалттай банк тухайн улсад орж ирэхдээ өөрийн орны төслийг санхүүжүүлэх зорилготой байдаг. Энэ жишгээр урд хөрш хөгжсөн байдаг. Түүнчлэн зээлийн барьцаанд тавьж байгаа зүйлийг алдах эрсдэлийг урьдчилан харах нь зөв. Ингэснээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө хэмээж байгаа зарим зүйлийг хууль эрх зүйн орчны хүрээнд хамгаалах бүрэн боломжтой. Жишээлбэл, гаднын хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулж болно. Ингэхдээ тухайн бүтээн байгуулалтыг хийхээр санхүүжилт авахын тулд эд хөрөнгийг барьцаанд тавьж болох ч тодорхой хугацааны дараа барьцаанаас чөлөөлөгдөнө. Хэрэв барьцааны эд хөрөнгийг алдах эрсдэл гарна гэж тооцвол түүнийг нь хуулиар хамгаалж болох юм шүү дээ. Монголбанк гаднын хөрөнгө оруулалттай банк орж ирэхдээ томоохон төсөлд санхүүжилт хийнэ, хадгаламж татахгүй гэх мэт хамгаалалт хийж байгаа нь сайн судалж, ажиллаж байгаагийн илрэл юм.

Төлбөрийн чадвар сайтай харилцагчийг дээрх банкууд татсанаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг банкуудад хүндрэл учирна гэж байгаа бололтой. Гэвч манай улсын хувьд банкны зах зээл бага учраас гаднын томоохон банкууд жижиглэнгийн зах руу төдийлөн орж ирэхгүй л болов уу. Тэгээд ч ашиг олохгүй гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Тиймээс дэлхийн хэмжээний томоохон төслүүдийг санхүүжүүлэхийг зорих болов уу.

Гаднын хөрөнгө оруулалттай банк орж ирэхдээ охин компани байгуулах журмаар орж ирснээр манай улсын хууль тогтоомжид захирагдана гэдгийг анхаарах учиртай. Хэрэв гаднын банкны төлөөлөгчийн газар болон салбар нь байгуулагдвал тайлан нь манай улсад хянагдахгүй байж болдог. Эцэст нь бусад улс орон хийж болсон зүйлийг бид дотооддоо хэрэгжүүлэхэд өндөр эрсдэлтэй мэтээр ташаа ойлгуулж болохгүй. Хууль эрх зүйн орчин, эрсдэлийг хаах хамгаалалтаа сайн хийвэл асуу­далгүй шүү дээ. Манай улсын арилжааны банк дүрмийн сангийнхаа 20 хувиас хэтрэхгүй хэмжээтэй зээлийг нэг зээлдэгчид олгодог. Үүнээс хэтэрч болдоггүй. Тэгвэл томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд банкуудаас санхүүжүүлэх боломж хомс гэдгийг бүгд хэлж байгаа.

 

М.Болд: СУУРЬ ОЙЛГОЛТ ДЭЭРЭЭ БУДИЛСАН ХУУЛИЙГ БАТЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ

-Хөрөнгө оруулалтын болон арилжааны банк нь юугаараа ялгаатай вэ гэдгийг салгаж ойлгох учиртай. Арилжааны банк иргэдээс хадгаламж татаж түүнийгээ бусдад зээл хэлбэрээр гаргадаг. Хөрөнгө оруулалтын банк нь урт хугацааны санхүүжилтийг гаргадаг. Ингэхдээ хүмүүст байгаа их хэмжээний мөнгийг эргэлдүүлэн хувьцаа, бонд худалдаж авах зэргээр өсгөдөг юм. Тиймээс энэ хоёр банкыг адилтгаж ойлгож болохгүй.

Одоогийн УИХ дээр хэлэлцэж байгаа хуулийн төсөл нь арилжааны банк, даатгалын байгууллага, хөрөнгө оруулалтын банкны зарим үйл ажиллагааг хооронд нь хольсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн түвшнээр тодорхойлбол, маш муу гэж болно. Суурь ойлголт дээрээ будилсан хуулийг батлах үндэслэлгүй. Тэр тусмаа Монгол Улсын эдийн засагт асар том нөлөөтэй байж болзошгүй гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах тухай хуулийг ул үндэстэй, судалгаа шинжилгээ, үр дагаврыг нь тооцсоны үндсэн дээр батлах нь зүйтэй.

Ер нь хөрөнгө оруулалтын болоод арилжааны банк аль нь ч бай манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа л бол бүхий л салбар, хувь хүн, аж ахуйн нэгж гээд бүгд харилцаа, холбоо тогтооно шүү дээ. Тэгэхээр гаднын аль ч орноос банк байгуулагдлаа гэхэд энэ бүх харилцаа, үр дагаврыг тооцсон байх учиртай. Түүнээс дутуу дулимаг боловсруулсан хууль, дүрэм журмаар гаднын хөрөнгө оруулагчийг оруулж ирсний дараа асар том маргаан, тогтворгүй байдал нь сөрөг орчныг бүрдүүлж магадгүй.

Тухайлбал, гаднын хөрөнгө оруулагч болоод дотоод талдаа урьдчилан тааварлаж, таамаглаагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Гадаадын банкуудад барьцаалсан томоохон үйлдвэр, ашигт малтмалын лиценз зэрэгтэй холбоотой маргаанд бид ялагдаж байгааг харж л байна. Хамгийн гол нь ийм эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ, хууль эрх зүйн орчин ойлгомжгүй байдлаас үүдэлтэй учраас алдаагаа давтах шаардлагагүй гэдгийг л хэлж байна.

Тодруулбал, хамгийн гол нь нийтэд ойлгомжтой байх хэрэгтэй. Маш олон эрх зүйн харилцаа үүсэх учраас тэдгээрийг ямар хуулиар хэрхэн зохицуулах вэ, эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ гэдгийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Үр дагаврыг нь тооцсон байх учиртай. Мэдээж манай улсад гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа боловч эрх зүйн ойлгомжгүй орчин байх ёсгүй шүү дээ. Бидний хамгийн сайн мэдэх жишээ бол Оюу Толгой төсөл. Энэ төсөл дээр олон жилийн туршид маргаантай явж ирлээ. Үүнээс харвал хөрөнгө оруулалт хийх орчин ойлгомжгүй, мэдээлэл тэнцвэртэй бус байснаас ард иргэдийн дунд үл итгэх, хардах сэрдэх гүтгэх үзэгдэл газар авсан шүү дээ. Ийм сургамж байсаар байтал давтах нь зохимжгүй. Нэг үгээр хэлбэл, тухайн банканд газрыг барьцаалснаар төдийлөн эрсдэл учрахгүй гэж байгаа нь ташаа ойлголт юм. Хэрэв тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө барьчихвал яах вэ гэдэг зүйл бий. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ гэдгийг сайтар тунгаах, тодорхойлох шаардлагатай.

Банкны салбарынхнаас хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор санал авсан. Бид олон удаа бүх шатны байгууллага болоод нийгэмд өөрсдийн саналыг ойлгуулахын төлөө байр сууриа илэрхийлж байна. Харамсалтай нь энэ нь зөвхөн банкны салбарынханд хамаатай зүйл биш. Монгол Улсын ирээдүйн эдийн засгийн төлөө санаа зовж байгаа учраас хэлж байгааг ойлгох хэрэгтэй. Зөвхөн банкны эрх ашгийг хамгаалахын төлөө дуугарч, явцуу эрх ашгийн төлөө явж байгаа мэтээр ойлгуулахыг хичээж байгаа нь нэн харамсалтай байна.

Үнэн хэрэгтээ арилжааны банкнууд Монголын эдийн засгийн амьдралын гол цөм болдог гэхэд хилсдэхгүй. Харилцагчид ямар байгааг төвөггүйхэн тодорхойлох боломж бий. Тухайлбал, аж ахуйн нэгжийн бизнес амжилттай байвал банкууд сайн ажиллах боломж бүрдэнэ. Тиймээс банкны явцуу эрх ашиг гэж байж болохгүй. Ер нь банк эдийн засгийг хөдөлгөгч нэг хөдөлгүүр. Аль ч улс эдийн засгийн дотоод бодлогоороо банкыг хамгаалж бэхжүүлж явдаг. Хувийн хэвшил, засаг төр хэдий чинээ хүчтэй байна тэр хэрээр банкны систем хүчирхэг байдаг харилцан шүтэлцээтэй юм. Тиймээс ард иргэд, салбарынхнаас гарч байгаа саналыг анхааралтай сонсож, ойшоож үзээсэй гэж бодож байна.

Зураг