Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.
Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тохирсон дунд хугацааны төсвийн үзүүлэлтүүд, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын зорилтот үзүүлэлтийг баримталжээ.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаад хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.
Үүний хажуугаар дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж гишүүд үзэж байна.
Дунд хугацаанд Монгол Улсын төсвийн нэгдмэл байдлыг хангаж, сахилга батыг чанд сахихын зэрэгцээ төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2018 онд -9.5, 2019 онд -6.9, 2020 онд -5.1 байхаар тус тус төсөөлжээ.
Эх сурвалж: Сангийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!