Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд харах үйлчилгээ он дуустал хэрэгжинэ

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 10 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүхээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Бага насны хүүхдүүдэд цэцэрлэгийн өмнөх боловсрол олгоход хүүхэд харах үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэсэн. СӨБ эзэмшиж чадахгүй, гэртээ цоожтой үлддэг олон хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хэчнээн хүүхдийн асуудлыг шийдсэн бэ? 

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт 290,262 хүүхэд байгаагаас 225,388 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн ачааллыг бууруулах зорилгоор “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг гаргаж яаран сандран гаргаж мөрдүүлсэн.

Угтаа бол хүүхэд харагч нарыг сургах, хүүхэд харах байрыг стандартын дагуу байгуулах зэрэг олон асуудлыг энд орхигдуулсан. 2016 оны есдүгээр сарын байдлаар тус үйлчилгээнд 6,353 хүүхэд хамрагдаж, 1,305 хүүхэд харагч ажиллаад байна.

-Хууль эрхзүйн талаас учир дутагдалтай зүйлс байгаа гэсэн үг үү? 

-Энэ хууль нь нэршил талаасаа л учир дутагдалтай байгаа юм. Хүүхэд харах үйлчилгээ. Уг нь бол хүүхдийг харах бус хөгжүүлж, боловсруулж, сургах ёстой биз дээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага энэ ажлыг хийдэг.

Би дээр хэлсэн 2016 он байдлаар тус үйлчилгээнд 6,353 хүүхэд хамрагдаж, 1,305 хүүхэд харагч ажиллаж байна. Энэ нь нэг хүнд дунджаар 4-5 хүүхэд ногдож байна гэсэн үг.

ЕБС, СӨБ-ын системд тавигдаж байгаа шаардлага ямар байдаг билээ. Гэтэл энэ хүүхэд харах үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүс ямар шаардлагад нийцэж байгаа бол, энд тавигдаж байгаа хяналт шалгалт байна уу. Энэ нь цаанаа эрсдэл дагуулж буй байдал харагдаж байна. Ер нь бол хүүхдийн хүмүүжлийн асуудал ч орхигдож байгаа юм.

Нэг гараараа юмыг аварч байгаа юм шиг хэр нь нөгөө гараараа сөнөөж байж таарахгүй. Ер нь бол энэ асуудлаар орон нутгийн сонгуулийн өмнө, өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс улс төр хийгээд яваад байна л даа. Энэ өөрчлөлтүүд цогцоороо зөв хандлагаар л хийгдэх ёстой. Оноо авахын тулд хийдэг ажил огт биш.

Энэ бол 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө яаралтай хийгдсэн ажил шүү дээ. Мэдээж иргэд төрөөс явуулсан бодлого шийдвэрийг дэмжээд Хүүхэд харах үйлчилгээнд бэлтгээд орон байраа өргөтгөөд, засвар хийсэн олон хүн бий.

Ийм учраас энэ аргагүй байдлыг харгалзан үзээд Засгийн газраас он дуустал Хүүхэд харах үйлчилгээг явуулахаар ажиллаж байна. Гэхдээ нэг ч хүүхдийг нэмж бүртгэхгүй, яг одоо явуулж буй үйл ажиллагааг нь он дуустал хэрэгжүүлнэ. 

-Тэгэхээр шинэ Засгийн газар илүү боломжит хувилбарыг бодож олсон гэсэн үг үү? 

-Энэ бодлогын зөрүүтэй байдлыг арилгах үүднээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөрийг ярилцаж байна. Энэ хөтөлбөр нь хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүртэл ээжтэйгээ хоол тэжээлийн дутагдалгүй, эсэн мэнд өсөн торних боломжийг олгох юм.

Энэ нь хүнийг хүн болгох концепци талаасаа “Цалинтай ээж” гэдэг хөтөлбөр маань илүү оновчтой гэж үзэж байна. Мөн “Байгууллагын цэцэрлэг” хөтөлбөрийг дэмжиж байна. Энэ хүрээнд манай байгууллага ч оноос өмнө байгууллагын цэцэрлэгээ нээхээр ажиллаж байна.

Зураг