Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны домогт тамирчин асан Майкл Жордан олон жил зарж чадахгүй байсан томоохон үл хөдлөх хөрөнгөө анхны үнээс нь 67 хувийн бага үнээр зарсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Чикаго Буллс багийн од байсан тэрбээр Чикаго хотын гадна оршдог есөн унтлагын өрөөтэй харшаа 2012 онд $29 саяар зарах зарыг нийтлүүлж байсан юм.
2015 онд тэр үнээ $14.855 сая болгон бууруулж байжээ. Энэ тооны нийлбэр Жорданы 23 дугаартай өмсгөлийг бэлгэдэж байсан юм.
Тэгвэл Жордан сая уг харшаа анхны үнээс нь 67 хувь хямдруулж, $9.5 саяар заржээ.
Жордан энэ хөрөнгөө 1991 онд худалдан авч, $50 саяар засаж тохижуулсныг Компасс үл хөдлөх хөрөнгийн агентлагийн төлөөлөгч Кэтерин Малкин хэвлэлд мэдээлсэн байна.
Энэхүү байгууламж нь алхам тутамдаа Жорданы сагсан бөмбөгийн замналыг илэрхийлсэн утга агуулгатай зүйлсээр дүүрэн байдаг. Тухайлбал хашааны хаалган дээр нь “23” дугаарыг томоор байрлуулжээ.
Энэ байдал нь тус хөрөнгийн зарагдахгүй удах болсон гол шалтгаан гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.
Эхэн үедээ Жордан харшаа амьд байлгахын тулд ажилчид байрлуулан байнга арчлуулж байсан гэдэг. Гэвч сүүлдээ эзэнгүй хаясан байна.
Жордан одоо өөрийн төрөлх муж Умард Каролина болон Флорида мужийн хооронд нүүдэллэн амьдардаг.
2013 онд уг үл хөдлөх хөрөнгийг Concierge Auctions дуудлага худалдааны төв үнэ хаялцуулан зарах гээд амжилт олоогүй юм.
28,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий эзэмшил газартай энэ харш өөрөө 5,200 метр квадрат талбайтай.
Дундаа ногоон арал бүхий усан сан, иж бүрэн спорт заал, гольфын талбай гээд дутуу юм байхгүй энэ харшдаа Жордан 19 жил амьдарч байжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!