Уншиж байна ...

Д.Оюунгэрэл: Уушгины хатгаагаар эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 60% орчим нь 0-4 насныхан байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэл хийлээ. 

Тус төвийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл хэлэхдээ "Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн орнуудад улирлын томуугийн H1N1 вирус давамгайлан орчилд байна.

Ялангуяа БНХАУ, Зүүн Өмнөд Азийн улсуудаар улирлын томуугийн H1N1 вирус давамгайлсан. 

Монгол улсын хэмжээнд 49 дүгээр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 8-ны байдлаарх өвчлөл алаг цоог дэгдэлтийн түвшинд орсон байна. Өөрөөр хэлбэл дэгдэлтийн гуравдугаар түвшин рүү шилжжээ. 

Аймгуудын нөхцөл байдлыг харвал 

  • Өвчлөлийн хоёрдугаар зэргийн түвшинд зургаа
  • Алаг цоог дэгдэлтийн түвшинд 12 аймаг
  • Аймгийн хэмжээний дэгдэлтэд Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатар гэх гурван аймаг шилжсэн байна.

Амбулаторид суурилсан томуугийн тандалтын нэгжүүдээр 300,000 орчим хүн үйлчлүүлснээс 10 орчим хувь нь томуу, томуу төст өвчний улмаас хандсан. Үүнийг өмнөх долоо хоног болон сүүлийн жилүүдтэй харьцуулахад 1-2 хувиар нэмэгджээ. 

Нийт томуу, томуу төст өвчлөлийн 63 хувь нь орон нутгийн түвшинд бүртгэгдэж байна. Үлдсэн хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа юм" гэлээ. 

"Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 90% орчим нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай"

Үргэлжлүүлэн "Эмнэлэгт суурилсан харуулан тандалтын нэгжүүдээс мэдээлэл авч ажиллаж байна. 

Орон нутагт нийт эмнэлэгт хэвтэгсдийн 30 орчим хувь, Улаанбаатар хотод 40 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаатайгаар оношлогдсон. 

  • Амбулаториор томуу, томуу төст өвчний улмаас хандаж үйлчлүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд,
  • Уушгины хатгаагаар эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь 15 орчим насны хүүхдүүд байна.

Үүн дотор 60-70 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж буй. Бага насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн хүндрэл их байгаа.

Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ), Эх, Нярай Эмэгтэйчүүдийн Төв, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ), Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Япон-Монголын эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа.

49 дүгээр долоо хоногийн байдлаар 2,400 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 90 орчим хувь нь уушгины хатгаа, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар ирсэн. 

Сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 50 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай.

Улсын хэмжээнд 1,700 гаруй ор нэмэлтээр дэлгэж, амьсгалын замын цочмог хүнд халдвартай хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс Улаанбаатар хотод 1,200-аад ор, үүнд нэмэлтээр 680 ор дэлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа, лабораториос вирус судлалын тандалт шинжилгээг тогтмол хийж байгаа. Тус долоо хоногт 200 гаруй сорьцод томуу, томуу төст үүсгэгчийг илрүүлэх шинжилгээг хийсэн. Үүнээс 43 хувьд нь улирлын томуу, амьсгалын замын синцитиал вирус болон бусад томуу төст вирус эерэг тодорхойлогдсон.

Эерэг тодорхойлогдсон вирусийн 13 орчим хувьд нь улирлын томуугийн H1N1, 60 орчим хувьд нь амьсгалын замын синцитиал вирус илэрсэн. 

Улирлын томуугийн H1N1 вирус арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн хүн амын дунд орчилд ордог. Улирлын томуугийн вирус орчилд орсны дараа өвчлөл огцом нэмэгдэх зураглал бий. 

Арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын эхээр өвчлөлийн түвшин оргил үедээ хүрч магадгүй гэсэн таамаглалтай байна.

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт есдүгээр сараас эхлэн улс даяар хийгдэж эхэлсэн бөгөөд 300,000 орчим хүн тун вакцинаар дархлаажуулсан. Одоогоор хамрагдалт 93 хувьтай байна.

Улирлын томуугаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдах явдал" хэмээн зөвлөлөө.