Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүсжээ. Эдгээр байршилд ГУББГ, НОБГ болон дүүргийн ОБХ-ийн албан хаагчид өдөр бүр ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна.
Тухайлбал өнөөдөр Чингэлтэй дүүргийн 13, 14 дүгээр хороо, Хайлаастын даланд 1,200 метр суваг татжээ.
Энэ тухай Геодези Усны Барилга Байгууламжийн Газрын ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Өнгөрсөн жил бороо их орсон учраас Улаанбаатар хотын хэмжээнд голын ай сав дагасан газруудад хөрсний усны түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад их хэмжээгээр нэмэгдэж, оргил үедээ хүрч байна.
Жишээлбэл бидний ирээд буй тус байршилд буюу Хайлааст орчимд урд өмнө нь халиа тошин үүсэж байгаагүй. Энэ жил километр орчим урттай халиа тошин үүссэн. Иймд халиа тошин үүсээд байгаа 46 байршилд шуурхай арга хэмжээг авч, ачаалалтай ажиллаж байна” гэж мэдээллээ.
Хүйтний эрч ихсэхээр халиа тошин мөс рүү шургаж урсдаг бол зарим хэсэгт дээш гарч мөсний хөлдөлтийн хэмжээг ихэсгэдэг байна. Иймээс шаардлагатай газруудад шургуулах технологиор урсгаж, ажлын талбай ихтэй газруудад аль болох мөсний дээд талаар халиаг түрж ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!