Мягмар гарагт Саудын Араб улсын Жедда хотод болсон уулзалтаар АНУ-ын санал болгосон 30 хоногийн хугацаанд гал зогсоох төлөвлөгөөг Украины тал зөвшөөрсөн билээ.
Улмаар энэ саналаа өчигдөр буюу Пүрэв гарагт Оросын талд танилцуулсан байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткоф өчигдөр Москвад ерөнхийлөгч Владимир Путинтэй хаалттай горимд уулзжээ.
Хэвлэлийн хурлын үеэр Путин АНУ-ын санал болгосон төлөвлөгөөний талаар байр сууриа илэрхийлсэн байна.
“Гал зогсоох санаа нь зөв. Бид үүнийг дэмжиж байна. Гэхдээ хэлэлцэх шаардлагатай асуудлууд байна” гэж тэр хэлээд гал зогсоох гэрээ нь “урт удаан үргэлжлэх энх тайвныг тогтооход хүргэж, хямралын үндсэн шалтгааныг арилгах ёстой” хэмээн мэдэгджээ.
“Бид Америкийн түншүүдтэйгээ хэлэлцэх хэрэгтэй байна. Магадгүй би энэ талаар Дональд Трамптай утсаар ярих байх. Украины талд бол 30 хоногийн гал зогсоох гэрээ байгуулах нь ашигтай. Бид үүнийг дэмжиж байгаа ч тодруулах зүйлс байна” гэж Путин нэмж хэлсэн юм.
Тэрбээр цааш нь ярихдаа “Энэ 30 хоногийг хэрхэн ашиглах вэ? Украинд дайчилгаа явуулах юм уу? Тэднийг зэвсэглэх үү? Хүмүүсийг нь бэлдэж сургах юм уу? Эсвэл аль нь ч биш үү? Эдгээрийг яаж хянах вэ? Гал зогсоох тушаалыг хэн өгөх вэ? Ямар үнээр? 2,000 гаруй километр фронтын шугамын хаана хэн гал зогсоох гэрээг зөрчсөнийг яаж мэдэх вэ? Хэн үүнийг зохицуулах вэ? Эдгээр бүх асуудлууд дээр хоёр талаас нягт нямбай ажиллах шаардлагатай байна” гэжээ.
Пүрэв гарагийн орой хийсэн ээлжит видео мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дээрх байр суурийг үнэндээ АНУ-ын дэвшүүлсэн саналд “татгалзсан хариу өгөхөд бэлдэж буй хэрэг” гэж дүгнэсэн байна.
“Мэдээж Путин энэ дайныг үргэлжлүүлмээр байгаагаа, украинчуудыг алахыг хүсэж байгаагаа ерөнхийлөгч Трампад шууд хэлэхээс эмээж байгаа. Тийм учраас бүтэх боломжгүй маш олон урьдчилсан нөхцөлийг тавьж байна” гэж тэр хэлжээ.
Эндээс дайтагч талуудын байр суурь нэлээд ялгаатай байгаа нь харагдаж байна.
Украины тал эхлээд түр гал зогсоох, дараа нь урт хугацаанд энх тайван тогтоох хоёр шаттай яриа хэлэлцээг сонирхож байгаа бололтой.
Харин Оросын тал үйл явцыг ингэж салгалгүйгээр нэг мөр шийдэх ёстой гэж үзэж байгаа нь тодорхой байна.
Тэгвэл энэ ялгаа нь Украины дайныг богино хугацаанд дуусгахаа амлаж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд асуудал болох төлөвтэй.
Путиний мэдэгдлийн дараа Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп санал болгосон гал зогсоох төлөвлөгөөг нь Орос улс зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Тэр бас төлөвлөгөөнд олон тодорхойгүй зүйлс байгааг няцааж, Путинтэй энэ асуудлаар уулзахад бэлэн байгаагаа хэлсэн юм.
“Эцсийн гэрээнд нарийн ширийн зүйлс бүгд тусгагдсан. Тухайлбал буцааж авах болон алдаж болох газар нутгийн талаар хүртэл бид Украины талтай ярилцсан” гэж Трамп энэ үеэр хэлжээ. Украиныг НАТО-д элсүүлэх асуудлын талаар асуухад тэр “Үүнийг хариултыг бүгд мэдэж байгаа” гэж хариулсан байна.
Үүнтэй зэрэгцэн Трампын засаг захиргаа гал зогсоох төлөвлөгөөгөө хүлээн зөвшөөрөхөд шахалт үзүүлэх зорилгоор Оросын газрын тос, байгалийн хийн салбар болон банкны системд нэмэлт хориг арга хэмжээ авахаар болсныг албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!