Кувейтийн агаарын довтолгооноос хамгаалах систем АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг унагажээ
Даваа гарагт Кувейт улсын агаарын довтолгооноос хамгаалах систем алдаа гаргаж, АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг буудан унагажээ.
Ираны эсрэг байлдааны ажиллагаа эхэлснээс хойш АНУ анх удаа агаарын зэвсэг техникийн хохирол амссан нь энэ болж байна.
Өчигдөр тарсан дүрс бичлэгт АНУ-ын F-15E Strike Eagle сөнөөгч онгоцны сүүл хэсэг шатаж, утаа суунаглуулан унаж байгааг харуулжээ.
Өөр нэг дүрс бичлэгт хоёр нисгэгч шүхрээр бууж байгааг болон сүүлд амжилттай газардсаныг харуулсан байна.
Ойрх Дорнодын бүс нутгийг хариуцдаг АНУ-ын цэргийн төв тойргийн командлал гурван F-15E Strike Eaglas сөнөөгч онгоц тулааны үеэр Кувейтийн агаарын довтолгооноос хамгаалах системийн цохилтод оногдсоныг баталжээ.
“Зургаан нисгэгч бүгд аюулгүй газардсан, биеийн байдал нь хэвийн байгаа. Болсон явдлыг Кувейтийн тал хүлээн зөвшөөрсөн бөгөөд бид одоо үргэлжилж буй байлдааны ажиллагаанд Кувейтийн зэвсэгт хүчний оруулж буй хувь нэмэрт талархаж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Мэдэгдэлд цааш нь “Болсон явдлын учир шалтгааныг шалгаж байна. Нэмэлт мэдээллийг бэлэн болсон үед нь өгөх болно” гэжээ.
Кувейтийн батлан хамгаалах яам бас болсон явдлын мөрөөр АНУ-ын талтай хамтран шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.
Ираны зэвсэгт хүчин АНУ, Израилийн байлдааны ажиллагааны хариуд Персийн булангийн орнуудын цэргийн болон иргэний байгууламжуудад агаараас довтолж эхэлсэн нь мөргөлдөөний цар хүрээг өргөжүүлээд байгаа.
Ажиллагаа эхэлснээс хойш 24 цагийн дотор АНУ-ын гурван цэргийн алба хаагч амь үрэгдсэнийг Пентагон мэдээлж байсан. Даваа гарагт шархадсан бас нэг цэрэг амь үрэгдсэнээр хохирлын тоо дөрөв болон нэмэгджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
